sonin.mn
Амьдралынхаа сүүлчийн арван жилд тэрээр Маркс юм уу, Сталинтай биш харин Күнз болон Цин ши хуандитай өрсөлдөх болжээ. 1893 онд Хятад орныг эзэн хаантай байхад мэндлээд, охидын хөлийг боож хатаадаг үеийн хүн маань 1976 онд цөмийн зэвсэгтэй болчихсон хойно нь өөд болжээ. Мэргэн өвгөн бусад цөмийн гүрнүүдийн дэргэд Хятадын давуу талын талаар тайвнаар ярьж суудаг байж. Цөмийн дайнд хятадууд 200 эсвэл 500 саяыг алдсан ч тэсч үлдэнэ гэж. Төрөхөд нь Хятад 400 сая хүнтэй байсан бол нөгчихөд нь тэрбум давсан байв.
 
Эцэг нь чинээлэг тариачин байжээ. Тэр өлсгөлөнгийн үе хүртэл тариагаа дараад ган болмогц түүнээ гурав нугалж зардаг байжээ. Эх нь харин жинхэнэ Буддын сүсэгтэн байв. Багадаа Мао тарган хүүхэд байж, түүнийг эцэг нь хожим өөртөө туслуулахын тулд бага сургуульд өгчээ. Аав нь ч, Мао ч зөрүүд хүмүүс байсан ба хүү эхийн хамт эцэгтээ боловсролоо цааш үргэлжлүүлэх ёстой гэж ятгаж чаджээ. Тэгээд хөрш тосгон руугаа сурахаар явсан байна.
 
Мао хэзээд тариачнаараа үлдсэн бөгөөд хятад маягийн марксизм нь Марксын пролетарийн манлайллыг тариачны манлайллаар сольчихсон билээ. Өөрийн төрж гарсан ангийг хайрлахын зэрэгцээ тэр эрүүл ухаанаар байдлыг цэгнэжээ. Хятадад пролетари цөөнх, харин тариачид үй түм байлаа. 1911 онд Мао 18-тай байсан. Хятадад хувьсгал өрнөж байв.
 
 
Манжийн дарангуйллыг унагааж байв. Хувьсгалчдын толгойд доктор Сунь Ятсэн байлаа. Гэрэл зураг дээр доктор цэрэг фрэнч өмссөн байдаг. Гоминданы үндсэрхэг нам гэж байсан бөгөөд тэндээс залуухан офицер Чан Кайши хэдийн ялгаран харагдаж байв. Зүүний намууд үлбэгэр сул, нэр нь дуулдахгүй байжээ. Хувьсгалын дараа Хятад зүй ёсоор бие даасан өөр өөрсдийн генерал, түшмэл толгойлогчдын мэдэлд орсон муж улсуудад хуваагдсан байлаа. 
 
Хятад улс тиймэрхүү байдалтайгаар 1949 он хүргэсэн бөгөөд энэ онд Мао БНХАУ- ыг байгуулснаа зарласан байдаг. Дорныхны хэт хувьсгалч занг /энэ тухай хожим нь Мао олонтоо дурдсан/ үндэслэлтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан XX зууны анхны агуу их хувьсгал Хятадад гарсан билээ. Энэ бол либерал, үндсэрхэг, буржуйн хувьсгал байлаа. /Хоёр дахь их хувьсгал нь 1913 онд Мексикт өрнөсөн/ Орост буржуйн хувьсгал 1917 оны 02-р сард болсон.
 
Нэг сургуулиас нөгөө рүү шилжиж Мао нийгмийн байр сууриа дээшлүүлж байв. Хөдөөний жижиг хотоос Хунань мужийн төв рүү орж багш болохоор сурах болсон байна. Тэр их уншиж, үсээ ургуулж, олон хятад хүмүүс шиг шаахай өмсөн, хөвөнтэй хүрэм, даавуун шалбуур углана. Тэр түүхийн номуудад дурлаж хувьсгалыг талархаж байв.
 
1923 онд Хятадын Коммунист намын анхны их хурал хуралдсан байна. Нийт 27-хон төлөөлөгчтэй хуржээ. Тэдний нэг нь Мао, бас нэг газрын эзний ухаалаг хүү байсан нь Жоу Эньлай байв. Хурлыг Коминтерн санхүүжүүлэн дэмжжээ. Энэ цуглаанд Мао тохиолдлоор оролцсон бөгөөд өөрийгөө коммунист мөн эсэхээ ч сайн мэдэхгүй байлаа.
 
Тэр юун түрүүнд Хунаний эх оронч байсан ба өрнийн империалист гүрнүүдийг үзэн ядаж байв. Үүнд шалтгаан бий. Хар тамхины дайны үеэр европын түрэмгийлэгчид тун харгис аашилсан байдаг.
 
1927 онд тэр коммунистуудын бүхэл бүтэн армийн толгойлогч болсон байв. Олон мянган өлсгөлөн хөл нүцгэн хүмүүс Хунаниас умард руу дүрвэж байв. Нүцгэн хөлтнүүд мөсний завсраар орж алга болно. Мөс улайж нэлийнэ. Цуваа бүрэлдэхүүнийхээ гуравны хоёрыг алджээ. Мао энэ үед дуртай номуудаа ч орхиход хүрчээ. Гэвч Янань муж хүрч, элстэй агуйнуудад Мао урт удаан хугацаанд тэсч чаджээ.
 
БНХАУ- ын бяцхан хувилбар бий болов. Маотой коммунистуудын цэргийн удирдагч, хожим маршал болсон, морин толгойтой, булчинлаг хятад эр Чу Дэ мөр зэрэгцэн явж байв. Хятадын хувьсгалын Эрнст Рэм гэх юм уу даа.
 
Янань дангаараа л ко нарын гол хуаран байсан гэж бодож болохгүй, улс даяараа шатрын хөлөг шиг эрээн мяраан бүлэглэлийн талбар болжээ. Нэг талд нь үндэсний үзэлтнүүд, хажууд нь ко нар, тэгээд дээрэмчид түшмэдүүд нэг мужид, цэргийн дарангуйлагч нөгөөд нь, бас нэгэн язгууртан тэртээд. Хятад ийм л байв. Тэр мөртөө Москва ч, Коминтерн ч өөрсөддөө илүү дуулгавартай бусад лидерүүдийг ивээж, Маог таалахгүй байв.
 
 
Мао үндсэрхэг үзлээрээ алдартай билээ. Тиймээс тэр болгон намын удирдах албанд сонгогдож байгаагүй юм. Тэр мөн Америкийг талархагч байв. Америкийн хэд хэдэн сэтгүүлч найзтай байжээ. Янань дахь агуйд тэр пянз тавин бүжиглэдэг байж. Мао мөн жин архи ууна. Хоёр дахиа залуу бүсгүйтэй гэрлэв. Түүний ах нарын нэг нь Хунаньд буудуулж, их сургуулийн багш профессорын охин анхны эхнэр нь ч тэнд буудуулсан байна. Хоёр хүүхэд үлджээ.
 
Гучаад оны эхээр дөчтэй гэхэд Мао хөгжилтэй, цатталан оюутан шиг харагддаг байв. Шаахай, саравчтай малгай, хөвөнтэй өмдтэй. Таван хошуу хадсан саравчтай малгай л нэмэгдсэн зураг. Мао аажим боловч итгэлтэйгээр намын өндөр суудлыг эзэлж байсан ч хараахан нэг номер болоогүй байв. Улс орондоо ч тэргүүлэгч бус тэр байрыг нь Гоминданы генерал Чан Кайши эзэлж байв. Хэрвээ тэд халз тулсан бол Чан Кайши дийлэх нь гарцаагүй байв.
 
Маогийн партизанууд үндсэрхэг үзэлтнүүдийн сайн бэлтгэгдсэн цэргийн өмнө тэсэхгүй байлаа. Гэвч 1937 онд Чан Кайшийн засгийн газар Бээжинд, харин хөдөөд жижиг хаад сууж байх үед япончууд орж ирэв. Японы цэрэг Манж Го-гийн зүгээс хил давцгаав. Тэгмэгц хятадууд японы эсрэг зогсохын тулд эвлэрэн нэгдэцгээв. Тэд үргэлж эвлэрээд байдаггүй улс. Бидний мэдэж буйгаар одоо ч Тайванийн арал дээр Гоминданийн Хятад оршсоор байгаа.
 
Японыг Герман, Италийн холбоотон болсон хойно ч Сталин Хятадын коммунистуудад туслахгүй л байв. Эхэндээ тэр Чан Кайшид туслав. Мао эвгүйцсэн ч дуугүй л байлаа. Сталин Японыг тоглоомоос гаргахын тулд аль болох олон япон цэргийг Хятадад төвлөрүүлэх ёстой байсан нь тодорхой. Оросын цусыг бас Азид урсгахгүйн тулд. Энэ бол Маогийн Сталинд гомдсон анхны тохиол.
 
1949 онд Мао Бээжин дэх хаадын хаалттай хотод орж суув. Тэр 56 нас хүрчээ. Тэр Бээжин болон бээжинчүүдэд дургүй. Бээжин ч улаан эзэн хаан юу хийхийг төсөөлөхгүй байлаа. Анхны өдрүүдэд хотын гудам хоосон байжээ. Домог яриагаар бол Маогийн партизанууд чийдэнгээс тамхиа асаахыг оролдож байсан гэдэг. Магадгүй домогт тохируулан жүжиглэсэн биз. Мао “Тэнгэрийн амгалант” ордонд цонхныхоо өмнө тутарга тарихыг тушааж байв. Тариачин эзэн хаан өглөө сэрээд тариан талбай харахыг хүсчээ. Өөрийнхөө тариан талбайг.
 
Аажимдаа тэр зөрүүд бөгөөд тооцоотой тариачин эцэгтэйгээ төстэй болж байв. Түүний зохиол бүтээлд марксизмыг дурсах нь багасав. Мао марксизмаас эш татах нь ч ховордож, хятадын уламжлалт ухаанд хандан тэндээс эшлэх болжээ. Бараг л хөдөө аж ахуйн номлол. "Мянга мянган цэцэгс цэцэглэг” гэх маягийн. Хятадын үйлдвэржилтийн хоцрогдлыг давахын тулд “их үсрэлтийн” уриаг дэвшүүлэв. Гэвч эдийн засгийн мэдлэг, үйлдвэрлэлийн туршлага дутсанаар “ялаа, болжмор, харх болон хортон шавьж устгах” кампанит ажлын адилаар төлөвлөгөө нь нуран унажээ. Хэд хэдэн мужид ургац нь өтөнд идүүлснээр дээрх кампани нурсан билээ.
 
 
1966 онд тэр илүү чухал асуудалд хандав. Хувьсгалт ялалтаас хойш 17 жил өнгөрөхөд Хятадад коммунист түшмэлүүдийн шинэ анги үүсэн бэхэжсэн байгааг тэр илрүүлжээ. Тэд нь хувьсгалын ололтыг завхруулан устгаж байна гэв. Түшмэдүүдийн давхарга нь Эзэн хаант хятадад хамгийн нүсэр том хүнд суртлын машин байсаар ирсэн билээ.
 
Мао 73 хүрэв. Түүний эргэн тойронд хуучны цөөвтөр нөхөд нь үлджээ. Төрийн ажлаас нэлээд хөндийрчээ. Лю Шаоци болон Жоу Эньлай нар гялалзан тодорч эхлэв. Дээд засаглал руу Дэн Сяопин сэмхэн ахиж байв. Гэвч эд бол зөвхөн эхний хэдэн нэрс. Тэдний ард хэдэн зуун мянган хувьсгалыг сонссоноос цаашгүй түшмэдүүд зогсож байв. Тэд хувьсгалын анхны зорилгоос улам ухарчээ. Тэр үед, 1966 оны найман сард Мао тэдэн рүү сурагч оюутнуудыг турхирчээ. “Тамгын газруудыг галдаад” хэмээн тэр тушаав.
 
Хувьсгалын үйл хэрэг аюулд орлоо гэнэ. Хунвэйбинчүүд буюу Улаан хамгаалагчдын хөдөлгөөн бий болов. Энэ хөдөлгөөнийг удирдахад нь Маод сүүлчийн эхнэр Жан Чин болон түүний найзууд болох оюутны зүүний радикал лидерүүд тусалж байв. Тэд хожим нь “Дөрвөн дээрэмчний бүлэг” нэр авчээ. Оюутан сурагчид улс орны чихийг дэлдийлгэв. Төрийг шүүмжилсэн, хувьсгалын үзлээс ухарсныхаа төлөө хэдэн зуун мянган дарга нар Ардын шүүхэд дуудагдаж гэмээ наманчилж, нулимуулж, зодуулцгаав. Цагдаа зүгээр л харж байлаа.
 
Залуусын шүүлт хатуу ширүүн байлаа. Дарга нарыг хөдөө цөлж талбай дээр ажиллуулж байсан ба Дэн Сяопин ч тийм тавиланг эдэлжээ. Тэр мал хариулж байв. Хятадын Ардын Хурлын дарга Лю Шаоци доромжлол, зодуурыг даалгүй үхжээ. “Соёлын хувьсгал”-ын шуурга бараг арван жил Хятадыг хуйлруулжээ.
 
Сүүлийн үед өрнийн түүхчид Соёлын хувьсгалыг Маогийн харгис зангийн илрэл, утга учиргүй жүжиглэл хэмээн номлох хандлага бий болов. Энэ бол илэрхий худал зүйл. Харин бүх л хувьсгалын хамгийн хүнд асуудал болох хувьсгалчдын өөрсдийнх нь ялзрал, хөрөнгөтөнд урвасан, хувьсгалаа бузарласан явдлыг арилгах гэсэн оролдлого байлаа. Нэлээд хугацаанд Мао үүнийг шийдэж чадаж байв. Тиймдээ ч Хятад хөл дээрээ өнөө ч бат зогссоор байна. Харин тэгэхэд ЗХУ бие даасан улсуудад хэдийн хэрчигдэн бутарсан билээ.
 
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Мао байгаль руу, газар ус ургамал руу хандах болжээ. Хуучных шигээ шүлэг их бичиж байв. Мөн бүх л гол мөрнөөр сэлэн зугаацдаг байв. Нэгэнтээ тэр живэх шахсан боловч үлдэж, хамгаалалтын албаны дарга нь усан дор оржээ. Усанд сэлдгээ юугаар тэр тайлбарлах байсан бол? Юуны өмнө Хятадын бэлгэдэл болсон усан махбодитой холбогддогоор болов уу, түүнийг усан дороос дэмжиж хөвүүлдэг байсан гэдэг нь цэвэр гүтгэлэг. Бүдүүн тарган Мао усанд пүлхийн орж, урсгал даган ядартлаа хөвдөг байв. Түүний араас хамгаалагчид нь завьтай дагана. Энэ бол ариун ёслол байлаа.
 
 
Залуудаа тэр Франц руу хөдөлмөрийн аялалд яваагүй юм. Харин Дэн Сяопин, Жоу Эньлай хоёр явжээ. Хөдөлмөрийн аялагчид Францын үйлдвэрт ажиллах эрхтэй, амьдрал судлах боломжтой болдог байж. Мао хоёр удаа л Хятадаас гарсан бөгөөд хоёуланд нь ЗХУ-д, нэгэнд нь Сталинтай, нөгөөд нь Хрущевтай уулзах гэж явжээ. Хэн хэн нь түүнд таалагдсангүй. Тэр оросуудыг зальтай, харгис хэмээн үзэж дургүй байжээ.
 
Өвгөрөөд Мао шар сэмжилжээ. Долоо хоног бүр “Тэнгэрийн амгалант” ордонд хөгшин эзэн хаанд зориулж бүжиг зохион байгуулдаг байв. Эрчүүд бараг байхгүй, харин Ардын армийн залуу, царайлаг офицер болон сурагч бүсгүйчүүдийг бөөнөөр оруулна. Мао нөгөө л шаахайтайгаа гарч оркестрын-аянд охидтой бүжиглэнэ. Бүжиг ерөнхийдөө улаан хаан хэн нэг бүсгүйтэй ордон руугаа алга болсноор өндөрлөнө. Энэ ааш нь хэнийг ч гайхашруулж байсангүй.
 
 
Бас тэр хөгшрөөд хошигнох болсон нь этгээд бөгөөд их хүмүүст нийтлэг зан билээ. Нэг удаа хэвтэрт нь асрагч бүсгүй загас авчирч өгчээ. Загасны ясыг мөлжөөд Мао бодолхийлснээ “Охин минь, би удахгүй үхнэ. Намайг гэрээслэлийн дагуу шатааж, чандарыг Хөх мөрөнд цацах нь лавтай. Энэ үеэр чи гол руу очих хэрэгтэй болно. Тэгээд загаснуудад “Мао Цзэ Дун та нарын махыг идэх их дуртай байсан юм аа. Тэгээд танай төрөл төрөгсдөөс цөөнгүйг идсэн. Одоо та нарын ээлж ирлээ. Мао ахыг идэцгээ” гээрэй” гэжээ. Тэгээд өвгөн хөхөрчээ.
 
Маогийн хамгийн бэрх өрсөлдөгч нь Күнз байсан гэнэ. Учир нь Хятадын хамгийн агуу хаадын хийснээс ч ихийг, бүр тэдний хамтдаа хийснээс илүүг улс орондоо тэр гүйцэлдүүлжээ. Күнз хятадуудын баримталдаг ёс суртахууны үндсийг тавьж, харин Мао энэ талаар түүнийг гүйцсэнгүй.
 
Күнзийн суртлын үндэс нь гэр бүл хийгээд өвөг дээдсээ дээдлэх. Мао гэр бүлийн оронд Хятад орныг шүтээн болгон өөрчлөхийг хүсч,байв. Гэвч гүйцээж чадаагүй. Орчин үеийн хятадууд гэр бүлдээ зөгий шиг шавцгаадаг бөгөөд өнөө хүн ам нь тэрбум хол давсанд мөнөөх хөгшин Күнз буруутай. Харин тэд бүгдээрээ гэдэс цатгалан яваад зальтай, хөгшин, тариачин эзэн хаан, бүдүүн Маогийн гавьяа оршино.
 
Эдуард Лимонов
 
 
Эх сурвалж: "Утга зохиол, урлаг" сонин