
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл: " Өнөөдөр Монгол Улс эмх замбараагүй байдлын босгон дээр зогсож байна. Үндсэн хуулийн хямралын босгон дээр зогсож байна.
Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аварна гэсэн уриатай улстөрийн хүчин завсаргүй засаглаж олон жил боллоо. Өнөөдөр төрийн хямрал улам даамжирч, түмний ядуурал улам ихэслээ. Олон жил засагласан улстөрийн хүчин нь худал хулгайгаа нууж, хуйвалдаж, хаалганы ард хэлэлцэж явахаар ийм зүйл болдог юм байна.
Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдгийн үлгэр болж байна. Багш эмч нар цалин хүрэхгүй байна гээд, ахмадууд нь тэтгэвэр болохгүй байна гээд, эрчим хүчний салбар нь лаа барихдаа тулчихсан байхад төсөв, эдийн засгийн нөхцөл байдал энэ эрх баригчдад огтхон ч хамаагүй юм байна. Зөвхөн албан тушаалын хэнээрхэлд орсон байна. Одоо яах ёстой вэ?
АН болон УИХ дахь АН-ын бүлэг зарчмын байр суурь илэрхийлж, шаардлагууд тавьж ирсэн. Монгол Улс эмх замбараагүй байдалд орох асуудал цагаар тоологдож эхэллээ. Парламентын засаглал ч аюулд орж болзошгүй байна. Эрх барьж байгаа нам энэ зүйл рүү албаар хөтөлж байна гэж үзэхээс өөр арга алга. Тийм учраас АН-ын даргын хувьд УИХ дахь АН-ын бүлэгт санал дэвшүүлнэ.
Энэ хямралыг шийдэх арга зам нь Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэдэг хоёр хүний асуудлыг нэг өдөрт хамт шийдвэрлэх ёстой. Ингэхгүйгээр өнөөдрийн байдалд засагдахгүй. УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийг саналаар огцруулах ёстой.
Хэрэв нэг хүний л асуудал оруулж ирвэл УИХ дахь АН-ын бүлэг аливаа асуудалд нь оролцохгүй. Үүнээс үүдэн гарах эмх замбараагүй байдлыг МАН бүрэн хариуцах ёстой. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, өнөөдрийн байнгын хороо болон чуулганы хэлэлцэх асуудалд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж ирж, Ерөнхий сайдын асуудалтай зэрэгцүүлэн, өнөөдөртөө шийдэж дуусгах ёстой гэдэг байр суурьтай байна.
Хэдэн цагийн дараа хоёр тал тохиролцлоо гэж магадгүй. Хулгай хийсэн хоёр тал тохиролцчихвол хууль хаачих вэ? Монгол Улс хуульгүй болох уу? Тийм учраас тохиролцоо гэж байх ёсгүй. Хоёуланг нь огцруулах нь хамгийн зөв гарц гэж бодож байна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл3
Бүгд дур дураараа
Амарбаясгалан огцорсон ч УИХ хэвийн л ажиллана Засгийн гаүар огцорвол бүх байгууллага хөдөлгөөнд орно ятөсвөө ч баталж чадахгүй УИХ ч тарах нөхцөл бүрдэнэ Нийгэм чмар байгаа билээ Тийм уёраас хоеуланг гь орцруулах АН ы байр суурь буруу
Ойрын үед сонгууль болоод АН эрх баригч болое гэж бодое АН нь МАН аас илүү ажиллаж чадах уу Огт үгүй Нөгөө л намёирхал дотоод ардчилал байхгүй Авилга непотизм ячадалтай хүнээ ажиллуулдаггүй найз нөхөд намчирхал Гарц харагдахгүй байна Ерөнхиылөгчийн засаглал мэргэжлийн парламент дээр байнаа Улс орны хувьд. ард иргэдийн хувьд Намчид мэдээж эсэргүүцнэ