sonin.mn
Японы мэргэжлийн сумогийн ертөнцөд монголчуудаас анх удаа хөл тавьсан цөөн хөвгүүдийн нэг нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Батбаяр. Сумогийн ертөнцөөс зодог тайлаад Монголдоо ирээд Их хурлын гишүүн болсон зайтай эр. Японы мэргэжлийн сумогийн холбооноос “Та нэг бол барилд, эс бол бизнесээ хий” гэж шахсан учир аргагүй зодог тайлсан гэдэг. Арлын орны бөхийн холбооноос сануулга автлаа бизнес хийсэн гэхээр чамгүй наймаачин гэдэг нь шууд харагдана.
 
Түүний УИХ-ын гишүүн болсон шалтгаан нь харин тун амархан. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт нэрээ дэвшүүлж, улмаар УИХ гишүүн болчих юм бол дүүргийн 20 мянган иргэнийг эхний ээлжинд Япон уруу гаргана гэж ёстой бүлтэртэл амлаад л гишүүн болчихсон. Мэдээж, Японоос дөнгөж ирчихсэн, нэр хүнд нь ч өнөөдрийнх шиг уначихаагүй сумочид итгэсэн сонгиночууд арлын оронд ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр Д.Батбаярт саналаа өгчихсөн хэрэг.
 
 
Тухайн цагт арлын орон уруу явж, амьдрал ахуйгаа өөд татах тухай яриа баруун дүүрэгт ид газар аваад байв даа. Харин тэрбээр УИХ-ын гишүүн болоод хоёр жилийн дараа “Японд цунами болоод иргэдээ Япон уруу явуулах аргагүй боллоо” хэмээн инээдтэй бас өрөвдмөөр тайлбар хийсэн. Тийм учраас ирэх сонгуульд Д.Батбаяр гэдэг гишүүн Сонгинохайрхан дүүргээс л лав сонгогдохгүй. Япон явуулна гэсэн 20 мянган хүний тоо түүний эсрэг хэд дахин өссөн нь дамжиггүй. Ард иргэдийн их хүсэл дээр гал асааж гарч ирсэн бол ард түмэн их гомдлоороо бас шуурга дэгдээх нь хөдөлшгүй үнэн.
 
 
Тийм ч учраас мань эр Сонгинохайрхан дүүрэгт төдийлөн анхаарал хандуулахгүй, харин ч эсрэгээрээ Ховд аймгийг хараачлах болсон тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Бизнес хийж, барилдахаас өөр эрдмээр маруухан сумочийг ховдчууд ч сонгохгүй гэдгийг нутгийн ардууд хэлж байна лээ. Тэгээд ч Ховд аймгаас Д.Батбаяр бүү хэл Р.Амаржаргал нь туугдчих гээд хэцүүхэн байгааг бид харж л сууна. Туугдахаа тулсан Р.Амаржаргал МҮДН фракцаа сэргээн, үйл ажиллагааг нь эрчимтэй эхлүүлнэ хэмээн тойргоо хамгаалсан довтолгоог Н.Алтанхуягийн зүг хийсэн биз дээ. Р.Амаржаргал мэтийн акул ийн айдастай, тойрог нь бүдэг байхад Д.Батбаяр ч ёстой цаашаа хэрэг ээ. 
 
 
Сонгинохайрханы тойрогт түүний хийсэн зүйл нэгээхэн ч үгүй. Хийсэн ажил гэвэл Н.Алтанхуяг даргынхаа шахалтаар Толгойтын 42 дугаар сургуулийн талбайг түшиглэн Хүүхдийн парк байгуулалцсан. Энэ ажилд 470 сая төгрөг зарцуулсан бөгөөд цаадуул нь шахаж байгаад Д.Батбаяраар талыг нь гаргуулчихсан гэдэг. Экс сумочид хууль санаачлах боловсрол мэдлэг, тийм хэмжээний зангараг ч байхгүй. Намынхаа гишүүдийн талд гар өргөсөөр байгаад өнөөдөртэй золгосон эрхэм. Парламентын гишүүн гэж хэнийг хэлдгээ ойлгож чадалгүй шахам УИХын дугуй танхимтай салах ёс хийх гэж байгаа хуруу дарам цөөн нөхдийн нэг нь Д.Батбаяр шүү дээ. Хууль санаачлах ямар ч боломжгүй, тэр зүгийн ажлын хэсэгт ажиллах ямар ч нөхцөлгүй түүнийг арга ядахдаа нэг ажлын хэсэг ахлуулдаг юм даа.
 
 
Тэр нь, Туул голын ай сав газрыг хамгаалах, түүний ойр орчимд аж ахуй эрхэлдэг байгууллагуудтай хариуцлага тооцох ажлын хэсэг. Энэ ажлын хэсэг байгуулсан өдөр мань эр Төрийн ордонд мэдээлэл хийж, Туул голын ай сав орчмын аж ахуйн нэгжүүдтэй “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах“ юм яриад л гарсан. Хоног хугацаа өнгөрсөөр, харин Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг юу ч хийсэнгүй. Гэтэл ажлын хэсэгт багтсан нэг нөхөр “Д.Батбаярын чулуун карьер Туулын эрэг дагуу байрладаг.
 
Тэгэхээр энэ хүн ажлын хэсгийг ахалж болох уу. Ийм хүнтэй хамтарч ажиллах ямар ч боломжгүй” хэмээн хэвлэлээр дэлгээдхэв. Тун ч удалгүй “Туул голыг хамгаалах үндэсний төв”-ийн тэргүүн нэгэн эрхэм Д.Батбаярын чулууны үйлдвэрийн зураг хөргийг гаргаж ирээд хэвлэлээр тарааж, сумоч Туул голыг хамгаалах ямар ч боломжгүй нь харагдав. Энэ үед тэрбээр ахуйн нэгжээ нүүлгэх хэцүү, байх хэцүү нэг хэсэг хэвлэлийн бай болоод мартагнасан. Ингээд хөөрхий сумочийн төрд ажиллах хугацаандаа ганц удаа ажлын хэсэг ахалсан нь бөөн будилаан болж нурсан юм даа. 
 
 
Харин З.Алтай, Ц.Цэнгэл нарын гишүүдтэй хамтраад Казиногийн тухай хууль санаачилжээ. Мэдээж ямар нэг хууль санаачилж боловсруулдаггүй нөхрийг гэнэт Казиногийн хууль санаачлахаар хүмүүс нэлээд гайхсан байх. Гэтэл энэ нь цаанаа бас л учиртай. Юу гэвэл түүний мэдлийн “Кёкүшюү” цамхагийн таван давхарт казино байрлаж байна. Д.Батбаяр нууц бизнесээ ил болгохын тулд хууль санаачиллаа гэх зэрэг мэдээлэл тарж байсан. Чухам үнэн худлыг хэн мэдлээ, тухайн цагт өөрийнх нь ярьж байсан зүйлийг сийрүүлье. Тэрбээр энэ үед ярилцлага өгөхдөө “Ер нь казино хаана байна, тэнд мөнгө эргэлдэж байдаг.
 
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд нэр бүхий 10 гишүүн Хязгаарлагдмал хариуцлагатай казиногийн хуулийг санаачлан боловсруулж өргөн барьсан байгаа. Манайд л болохгүй, бүтэхгүй, аймаар гээд байгаа болохоос биш энэ чинь олон улсад дэлгэрсэн бизнесийн нэг л төрөл шүү дээ. Японы хотын дарга нь хүртэл казино байгуулъя гэж зарласан байна лээ. Манай улс зөвхөн газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн салбарт анхаарлаа хандуулаад байж болохгүй, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй.
 
Энэ салбарыг хөгжүүлж чадвал их хэмжээний орлого олох боломж байна” хэмээн ярьсан нь бий. Ярьснаас үзэхэд болохгүй ч юмгүй, хүнээр заалгаагүй бол тун зөв юм ярьсан байна лээ. Гэхдээ чухам далд бизнесээ ил болгох гэсэн үү, үнэхээр улс орондоо казиногийн талбараас мөнгө оруулж ирэх гэсэн үү.  Тэр ч бүү хэл “Барилдаж байх үедээ сонирхоод гадаадын орнуудад очихдоо тоглодог байсан. Монголд амраад буцахдаа барилдаад авсан шагналынхаа хэдэн төгрөгөөр Сөүлээр дайрч тоглодог л байлаа” гэж үнэнээ хэлсэн байдаг.
 
Харин Япон явуулах иргэдийн талаар нэгэн сурвалжлагч асуухад, “Түмнийхээ өмнө амласан амлалтын тухайд гадагшаа ажиллах хүчин гаргах ажил ид өрнөж байна. Япон уруу мэргэжлийн ажилчид гаргаад эхэлчихлээ. Эхний ээлжинд зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, амьдардаг, ажиллах гэрээ байгуулсан хүмүүсээ гаргана даа. Энэ тухай тодорхой болохоор нь ярина” хэмээн бултсан нь бий. Түүнчлэн одоогоос зургаан сар орчмын өмнө мөн нэгэн сэтгүүлч “Өнөөдрийн байдлаар хэдэн хүн Японд ажиллаж байгаа вэ” хэмээн асуухад “Хамтарсан шугамаар гэх юм бол 300 орчим хүн гарсан.
 
Бидэнтэй хамтарч олон байгуулага ажилладаг. Сургуулиуд ч байгаа. Угаасаа би УИХ-ын гишүүн болоогүй, барилдаж байхдаа л эмч нарын болон оюутан солилцоонд их анхаардаг байсан. Үнэнийг хэлэхэд гишүүн болчихоор ажил ихсээд энэ тал дээр анхаарал хандуулах нь суларсан байж магадгүй” хэмээн бас л булзааруулжээ. Ёстой л санамсаргүйгээр УИХ-д орж ирсэн энэ эрхэм ирээдүйд УИХ-ын гишүүн байх эсэх нь тун ч бүрхэг харагдаж байгаа биз.
 
С.Ууганбаяр
Эх сурвалж: "Unen.mn"