sonin.mn
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын ээлжит хуралдаанаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан мэдээнд олон нийт таатай хандсангүй. Энэ нь ч тодорхой юм. Тус байгууллага “Саарал жагсаалт”-д багтахаас сэргийлсэн анхааруулгыг өгөөд удсан. Гэсэн хэдий ч Монгол Улс зарим асуудалд хангалтгүй үнэлгээ авч, олон улсад бараан мэдээтэй, дотооддоо хэл ам, гомдол шүүмжтэй өдрүүдийг авч ирээд байна.  
Монгол Улсын хангалтгүй үнэлгээ авсан шалтгаан ч тов тодорхой. Манай хууль хяналтын байгууллага, зарим яам зэрэг төрийн байгууллагуудын ажил улс орноо “Саарал жагсаалт” руу чирэхэд нэлээн жин дарж өгчээ. 
 
FATF
 
- Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх, 
- Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”
- Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой шаардлагуудыг тавьсан.
Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлтийн хувь 23.89 хувьтай байгаа Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах гол зүйлийн нэг болсон гэдэгтэй олон хүн санал нийлж байна. 
 
Авлига яагаад гаарсан бэ?
 
 АН Засгийн эрхийг барих 2012-2016 онд авлигын хэрэг огцом өгссөн юм. УИХ-ын 2013, 2014 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үедээ томоохон бодлогын алдаа гаргаж, эдийн засгийг хяналтаасаа алдсан нь авлигачдыг өөгшүүлэх томоохон суурь болж өгсөн.
Тухайлбал, энэ үед Монголбанк, Засгийн газар хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг олон арга хэмжээ авч, Монголбанк өөрийн үндсэн үүргээсээ ухарч, бэлэн мөнгө тараадаг арилжааны банк шиг загнаж, Чингис бонд, Самурай бонд зэргийг аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн байна. 2014 оноос Ардчилсан намын гишүүд авлигын хэргээр шалгагдаж эхэлсэн. 
Тухайлбал, Эрчим хүчний сайд асан М.Сономпил улс төрийн өндөр алба хашиж байгаад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Р.Онон нар мөн авлигын хэргээр шалгагдаж байгаа. Тэдэн дээр дэд сайд асан Р.Эрдэнэбүрэн, О.Эрдэнэбулган нар ч нэмэгдэнэ.
 
 
Мөн араас Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав, Оюутолгойгоос авлига авсан гэх хэрэгт шалгагдаж буй С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар ч тоологдоно. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АТГ-д үүсгэгдсэн хавтаст хэрэг. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж зээл авсан Ш.Батхүү, Г.Алтан, Б.Мөнхжаргал, Ц.Ганзориг нарын зургаан хүнд холбогдох Эрүүгийн хэрэг гээд жагсаавал хэдэн зуугаар тоологдох авлигын хэргүүд хуулийн байгууллагуудыг дамжсаар хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа.
 
 
Гэвч эдгээр авлигачдын хэргийг Монголын хуулийн байгууллагууд шийдэж чадахгүй, дундаа өшиглөлцөж, хөөн хэлэлцэх хугацаа руу нь ойртуулж яваа. Яаж ийж байгаад хөөн хэлэлцэх хугацаатай нь “уулзуулчихвал” яс амрах нь гэсэн шүүгч, прокурортой Монгол Улстай харин Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF эвлэрсэнгүй.
МАНАН дэглэм үнэхээр байдаг. Шулуухан хэлэхэд МАНАН-гийн төлөөлөгч, авлигчин улстөрчдөө МАНАН дэглэмийн шүүгч, прокурорууд хамгаалж, Өршөөлийн хууль, хөөн хэлэлцэх хугацаагаар хамгаалж байгаагийнтөлөөсийг Монголын ард түмэн эдийн засгаараа хохирон төлж байгаа юм. Саарал жагсаалтад орсоны бурууг авлигачид үүрэг ёстой. 
 
 
Тэд авилга авч, улс орны эдийн засгийг самраагүй бол Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монголыг онилохгүй байсан. Монголын шүүх, прокурор авлигчдын бурууг шударгаар тогтоон шийтгэсэн бол Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монгол Улсыг онилохгүй байв. 
 
 
 
Тиймээс улс орныг “Саарал жагсаалт”-д оруулсны бурууг авлигачдаас, МАНАН-гийн шүүгчдээс, прокуроруудаас хайж, тэднээс нийтээрээ хариуцлага нэхэх нь шударга ёсонд нийцэх юм.   
 
С.Сарнай