sonin.mn
“… Улсыг нь устгая гэвэл хүнийг нь устга.
Хүнийг нь устгая гэвэл ахуйг нь устга
Ахуйг нь устгая гэвэл оюуныг нь устга
Оюуныг нь утсгая гэвэл түүхийг нь  устга
Түүхийг устгая гэвэл шинэ түүхээр хуучин түүхийг устга…”
/Түүхч, доктор Ц.Минжингийн  илтгэлээс/
 
Аливаа улс үндэстний хэн болох, юу бүтээснийг  гэрчлэх түүхийн баримт нь  соёлын өвүүд байдаг. Улс орнууд хүн чулуу, хадны бичээс, ховор олдворуудаа хамгаалахын тулд, ядаж л нар салхины нөлөөг бууруулах гэж  гадуур нь ордон барьдаг. Харин манайд эсрэгээрээ нурааж  байхгүй болгочихоод суурин дээр нь  хэн нэг  мөнгөтэй этгээд  барилгын бизнес эхлүүлдэг. Сэтгэлгээний доройтол,  шуналын  ийм заазуурт  соёлын өв, түүхэн  дурсгалууд  өртөж цаазын тавцанд  очсоор  байна. Эхний шанг нь  У.Хүрэлсүхийн Засгийн газар  Байгалийн түүхийн музейгээр тавилаа. Энэ шийдвэрээ өнгөрсөн жил олны анхаарал баяр наадамд чиглэсэн үеэр сэмхэн гэгч нь гаргачихсан. Тэр нь Байгалийн түүхийн музейн  эд өлгийн зүйлүүдийг Үлэг гүрвэлийн музейд нэгтгэн балансаас балансад шилжүүлэх  тухай тогтоол юм. Үүний араас  монголчуудын “Ягаан ахайтан” хэмээн нэрлэж ирсэн УДЭТ, залгуулаад Дуурь бүжгийн эрдмийн  театр, Үндэсний төв номын сангийн барилгыг нурааж шинээр барина гэж хэсэгтээ шуугисан. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн мэдэгдэж буйгаар  бол тус бүрт нь хоёр тэрбум төгрөг төсөвлөн  сэргээн засварлахаар болж  асуудлыг   намжаав. Энэ  үнэн байгаасай. Ер нь бол  эрх баригчид  гэнэт ухаарч, эсвэл түүхээ хүндэтгэж энэрэнгүй шийдвэр гаргасан  нь  юу л бол, ийм эргэлзээ бий. Сонгуулийн жил нийгмийн эгдүүцэл, эсэргүүцэлтэй тулах хүнд. Тэр тусмаа түүх рүүгээ сэлэм далайсан  хүмүүст хэн итгэл үзүүлэх билээ. Ямартай ч иргэдийн тэмцлийн дүнд асуудал намжлаа. Гэхдээ дараагийн эрх баригчид бас юу хэлж, ямар санаа агуулахыг хэн мэдлээ.
 
Тэгвэл “Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил” гэж үг бас бий. Монголчууд хэн билээ, одоо хэн болохоор хаашаа яваад байна вэ гэдгээ дор бүрдээ бодох цаг болжээ. Гадны улс орнууд түүхэн барилга, байгууламжууддаа  тун хүндэтгэлтэй хийгээд болгоомжтой ханддаг. Эртний хотууд, өнгөрсөн зууны  уран барилгуудаа  огт нураадаггүй. Харин ч сэргээж, бэхжүүлж байдаг нь орчин цагт  жуулчдыг татаж валютын  урсгалыг нэмэгдүүлж байна. 
 
 
Тэгвэл түүхэн барилгуудын үнэ цэнэ, манайд үүсээд буй  нөхцөл байдлын талаар  Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач  Г.Очбаяр хэлэхдээ  “Манай улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 30 гаруй түүх, архитектурын дурсгалыг буулгаж, устгасан. Энэ  зөвхөн бидний бүртгэсэн тоо. Үүнээс олон байж мэднэ.  Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд хотын биет өв болсон дурсгалуудыг буулгах, устгах ажиллагаа их болсон. Хамгийн харамсалтай нь  1907 онд баригдаж, 1918-1919 онд С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй Зүүнхүрээний нууц бүлгэм байрлаж байсан хоёр давхар модон байшинг 2011 оны долдугаар сарын 11-ний орой буулгасан. Энэ барилгыг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад авсан нь одоо хүртэл  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэтэл хэн нэгэнд хариуцлага тооцсон, барилгыг сэргээн барих шийдвэр гараагүй. Түүнчлэн Улаанбаатар хотод 1957 онд хийсэн хоёр “Цагаан хаалга” байсныг  2012 онд  зам өргөсгөхөд саад болсон гэсэн шалтгаанаар нураасан. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн хамгаалалтад авсан дурсгал байсан юм. Соёлын өвд бүртгэсэн бүх барилгуудыг сэргээн засварлах шаардлагатай, ихэнх нь  дээвэр нь  муудаж, дусаал гоождог болсон. Уг нь цаг хугацаа өнгөрөх тусам тухайн барилгын үнэ цэнэ  улам өсч байдаг. Үүгээрээ тухайн цаг үеийн оюун санааг илэрхийлж, хүмүүст өнгөрсний талаар төсөөлөх, таних, судлах биет дурсгал болдог. Хоёрдугаарт, тухайн  барилгад хэн амьдарч байсан, ямар үйл явдал болсон гэдгээр тухайн нийгмийн талаарх мэдээллийг танин мэдэх судлагдахуун болдог. Гуравдугаарт, архитектурын хувьд ямар хийц, загвартай, ижил төрлийн ямар барилгууд хадгалагдан үлдсэн бэ гэдгээр хот төлөвлөлт, байгуулалтын хувьд ямар үнэ цэнэтэй болохыг тодорхойлж болно” гэжээ.
 
Тэгэхээр Азийн цагаан дагина  хэмээн нэрлэгдэж, цагтаа цалгиж асан Улаанбаатар хотын барилга бүхэн үнэ цэнэтэй, дөрвөн уулын дунд хүний гараар бүтээгдсэн  тэр үеийн түүх юм. Түүнээс аль нэгийг нь нураачихвал түүхээ баллуурдсан, хүнээр бол нүдийг нь сохолж,  хөл гарыг нь тасласан мэт болно. Түүхээ цогцоор нь хадгалахын тулд бид яах вэ. Хотоо яаж хөгжүүлэх вэ, орчин үеийн шилэн орднууд баримаар байна гэсэн асуултууд гарах байх. Монгол газар нутаггүй болчихоогүй. Тэгээд ч нийслэлийг Хар хоринд, эсвэл Төв аймаг руу нүүлгэн шилжүүлье гэж өчнөөн жил ярьсан. Дагуул хотууд бий болгоё, дэд бүтцээ тэлье гэсээр хамгийн сүүлд Майдар хотын суурийг тавьсан. Түүхэн дурсгалаа нурааж байхаар нийслэл хотоо нүүлгэж  яагаад болохгүй гэж. 
 
Байгалийн түүхийн музейг байхгүй болгох ямар шалтгаан байна вэ? 
 
Байгалийн түүхийн музейн барилга 1953 онд ашиглалтад орсон байдаг. 2013 оны зургадугаар сараас  ашиглалтын хугацаа дууссан хэмээн хааж өнөө хүртэл хэл ам болж ирсэн. Энэ хооронд соёлын өвийн дурсгалуудыг мэдээж хамгаалсан л байх, бас “урт гартнууд”  зувчуулсан уу гэх хардлагууд ч гарч байв. Хардахаас ч аргагүй, Монголын музейнүүдээс хулгайд алдсан үнэт өв, үзмэрүүдийн араас хөөгөөд үзэхэд  дотор нь ажиллаж байсан сан хөмрөгийн эрхлэгч, хариуцсан эрхлэгч, захирал нар л холбоотой байдаг. Шүүхээр шийдэхдээ их төлөв хэрэгсэхгүй болгоод өнгөрдөг зуршил тогтчихсон юм билээ. Ганц жишээ хэлэхэд, Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгч  байсан Б.Энхбат  нь 2007 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд 448 төрлийн 1070 гаруй үнэт эдлэл хулгайлсан хэрэгт долоон жилийн ял өгсөн ч үнэт өвүүд олдоогүй. Аймгуудын музейн эрхлэгч нарт өндөр албан тушаал бүхий эрхмийн зүгээс “Тэрийгээ надад өг, энийгээ авчирч тушаа. Чамайг Соёлын гавьяат цолоор мялаана” гэж хэлсэн гэх явган яриа ч дуулдаж л байлаа. Ерөнхийлөгч байсан хүн уран зургийн үнэт дурсгалуудыг  хууль бусаар хамж аваад цуглуулгаа баяжуулсан гэх хэргийг шалгаж байна гэж хэсэг бужигнаад чимээгүй болсон.
 
 
 
Байгалийн түүхийн музейн тухайд   гурван удаа үнэт чулуу /хүрэл зэвсгийн үеийн чулуужсан мод, фосфоритын дээж, үнэт чулуу/  алга болсон хэрэг  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдэж байж.  Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр цагдаагийнхан очиж гурван хөлдөөгч дүүрэн агнасан амьтан байгааг илрүүлсэн. Хөлдөөгчинд байгаа ан, амьтад дунд агнахыг хориглосон, улаан номонд орсон ховор амьтан байсан бөгөөд тус хөргөгчийг хэн, хэзээ, ямар зорилгоор доод давхарт оруулж тавьсан нь тодорхойгүй  байгаа гэх мэдээлэл гарч байв.
 
 
 
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын Хүрээлэн буй байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтэс дээр  Францын зэрлэг ан амтьдыг хамгаалах, судлах сангаас гаргасан номын нээлт болсон. Энэ үеэр  “Монгол Улс ховор ан амьтдын эд эрхтний наймааны дамжуулагч орон болсон. Нөгөө талаар  тэдгээрийн хэрэглэгч орон болсон” гэсэн судалгаа гарсныг мэргэжилтнүүд хэлж байсан.  Ийм том сүлжээг хэн хийж чадах бол. Энэ талаас харвал дээрх мэдээллүүдтэй Байгалийн түүхийн музейгээс илэрсэн хэрэг холбоотой  юм биш биз. 2013 оноос өнөөдрийг хүртэлх 6-7 жил “хаалттай” байсан музейн барилга  дотор ямар үйл ажиллагаа өрнөж байв. Арай  дээрх судалгаанд дурдсан ховор ан амьтдын наймааны  төв нь болчихсон байсан юм биш биз гэсэн хардлага төрөхөөр байна. Асуугаад байвал асуулт хөвөрсөөр байна.  “Байгалийн түүхийн музей” –г царцаасан 6-7 жил, байшинг нь нурааж “Чингис хаан” музей байгуулах шийдвэрийн наадах, цаадахыг сөхвөл ийм  мэдээллүүд байна. Эсвэл байшинг нурааж, шинээр барих  нэрээр мөнгө угаах гэсэн эрх мэдэлтнүүдийн  шунал  түүх, соёлын өвийг устгахад хүргэж, нүдийг нь сохлов уу?
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин