sonin.mn
“Эрдэнэс Тавантолгой” компани 1072 хувьцааны ногдол ашгийг олгох талаарх ээлжит мэдээллээ өчигдөр хэвлэлийнхэнд өглөө. Одоогоор тус компани брокер диллерийн 30 орчим компанитай хамтран  ажиллаж, хувьцааны данс нээлгэх талаар иргэдэд зөвлөгөө өгч байна. 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд аль болох хурдан олгохоор ажиллаж байгааг онцоллоо. Ирэх тавдугаар сард тараах нийт ногдол ашгийн хэмжээ нэг их наяд төгрөг. Үүний 199.7 тэрбум төгрөгийг  иргэдэд хуваарилах юм байна.
 
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд нийт 800 мянган тонн нүүрс экспортолжээ. Нүүрс тээвэр энэ сарын 15-нд дахин эхэлснээс хойш 22 мянган тонн нүүрсийг урд хөршид худалджээ. Гэхдээ нүүрсний үнийн уналт үргэлжилж байгаа. Үүнийг урьдчилан тооцоолж, эрсдэлийн тооцоо хийсэн бөгөөд компанийн болон уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг хэллээ.
Компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Бүх боломжийн хүрээнд иргэддээ ногдол ашгийг түргэн шуурхай, чирэгдэлгүй олгохоор компаниудтай хамтран ажиллахаар болж байгаа. 
 
 
 
Оны эхнээс хоёрдугаар сарын 28-ныг дуустал  2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 800 мянган тонн нүүрс экспортолсон. Энэ сарын 15-наас нүүрсний экспорт эхэлснээс хойш  22.6 мянган тонн нүүрс экспортод гаргаад байна.
 
 
“Эрдэнэс Тавантолгой” компани нь Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа ШӨХТГ, ТХААГ, Сангийн яам, ҮАГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бидний бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна.
Гэтэл сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ гэх мэт худал ташаа мэдээлэл цацагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт сайтуудаар хэд хэдэн мэдээлэл гарсан. Санаатайгаар төлбөр төлж тараасан нь тодорхой болсон. Манай ажилтныг АТГ-т шалгаж байгаа зүйл байхгүй бөгөөд уг нийтлэлд дурьдсан асуудлууд нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй, хууль тогтоомж зөрчсөн, бусдын нэр төрд халдсан үйлдэл.
 
Тодорхой яривал иргэн С катерингийн тендерийн талаар буруу мэдээлэл түгээсэн. Тэрээр өмнө нь тендерт оролцсон ч шалгараагүй юм билээ. Бичиг баримтын бүрдэл дутуу бол тухайн компанийг шалгаруулах боломжгүй. Энэ нөхцөлд тендерийн үнэлгээний багт ажилласан хүмүүс эргээд өөрсдөө буруудна. Иргэн С тендерийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсон гэж бид үзэж байна. Катерингийн үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлаад байна. Тухайлбал, англи, монгол хэл дээр баримт хүлээн авна гэсэн байтал зарим нь хятад хэл дээр материалаа өгчихдөг. Дараа нь биднийг хаслаа хэмээн хэвлэлийнхэнд хандах үзэгдэл байнга гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд 260 сая төгрөгөөр автобус худалдан авсан гэх мэдээлэл гарсан. Энэ тендерийг өмнөх удирдлага зарлан явуулсан юм билээ. Бид энэ асуудлаар Эрүүгийн цагдаа, АТГ, шүүхэд хандсан. Харамсалтай нь шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Энэ тендерийн шалгаруулалтын талаар манай удирдлага эсэргүүцсэн байр сууриндаа хэвээр байна. Учир нь 260 сая төгрөгийн үнэтэй автобус гэхээр их өндөр үнэ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн хотхон, уурхайн бүс болон оффист катерингийн үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтыг 2020 оны төсвийн хүрээнд олон нийтэд зарлаж, нээлттэй цахим тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр зохион байгуулалттай худал гүтгэлгүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэлээ.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин