sonin.mn
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.ЭНХБОЛДТОЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа өнөөгийн нөхцөлд танай албаныхан хэрхэн ажиллаж байна вэ?
 
-Тээврийн цагдаагийн алба болон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдүгээр сарын 26-наас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажил үүргээ гүйцэтгэж байна. Манай албаны хувьд “COVID-19” вирусийн халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тээврийн цагдаагийн алба нь дотроо Замын цагдаагийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар болон Иргэний агаарын тээврийн замын цагдаагийн хэлтэс гэсэн нэгжтэйгээр ажилладаг. Тиймээс төмөр зам, агаарын тээвэр болон авто замын салбарын аюулгүй байдалд хяналт тавьж байна. Тухайлбал, тусгай үүргийн онгоцоор гадаадаас иргэдээ татан авч байгаатай холбогдон тэднийг тусгаарлалтын байранд аюул, осолгүй хүргэх, Алтанбулаг боомтоор ОХУ-аас орж ирж байгаа иргэдийн аюулгуй байдлыг хангахад анхаарч, хамгаалалтын арга хэмжээ авч байна. Төмөр замын харьяа “Баянбуурал” амралтын газарт тусгаарлалтын байр байгуулсантай холбогдуулан манай ажилтнууд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа юм.
 
-Танай албаны харьяа замын цагдаагийнхан сүүлийн үед их ачаалалтай ажиллаж байх шиг байна. Тийм үү? 
 
-Тэгэлгүй яахав. ОХУ болон Европын холбооны улсуудаас өдөр бүр хүнс, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн хил гаалиар орж ирдэг. Сэлэнгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, ачааны машины жолооч нарыг цуваанд оруулж, агуулах саванд ачаагаа буулгах хүртэл дагаж явах, тэднийг бусад хүнтэй уулзаж учруулахгүй байхад хяналт тавьж байна. Үүнээс гадна нийслэл, 21 аймаг руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж, зорчигчдын эрүүл мэндэд анхаарч, мэргэжлийн хяналт, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Түүний зэрэгцээ зорчих хөдөлгөөний эрчмийг хянан судалж байна.
 
-Оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн осол аваар хэр гарч байна вэ. Гол нь хүний амь нас эрсдэх явдал багасаж байгаа юу?
 
 
 
-Хөл хорио цээрийн дэглэм тогтоосноор хөдөлгөөний эрчим багасаж, тэр хэрээр зам тээврийн осол аваарын тоо эхний дөрвөн сард буурсан. Улсын хэмжээнд зам тээврийн ослын дуудлага 27, шалгасан хэргийн тоо 23.3, хүний амь нас хохирсон ноцтой ослын тохиолдол 39.6 хувиар буурсан дүнтэй байлаа. Үүнтэй уялдан зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 28.9, гэмтсэн иргэний тоо 33.2 хувиар багассан эерэг үзүүлэлт гарсан.
 
 
 
Харамсалтай нь, тавдугаар сар гарснаас хойш улсын хэмжээнд зам тээврийн осол аваарын улмаас 32 хүний амь нас хохирэод байна. Ер нь жилд 500 орчим хүний амь нас хохирдог гэх дундаж тоон үзүүлэлт байдаг юм. Тэдгээрийн тал хувь нь 5-7 дугаар сард хамааралтай байдаг нь сургууль, цэцэрлэг амарч, хүүхдүүдээ гадаа гаргах, иргэд амралтаа авч аялал зугаалга хийх зэргээр хөл хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбоотой. Дээр дурдсан осол аваарын шалтгааныг судлаад үзэхэд 27 тохиолдол нь хөдөө орон нутгийн замд амь насаа алдсан байгаа юм. Түүний тал хувь нь өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас мотоцикл, машинаа онхолдуулсан нь хурд хэтрүүлэх, ур чадвараас шалтгаалсан байдаг. Өнгөрсөн жил манай албанаас “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг кампанит арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд жолооч нар хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний зөрчил гаргах явдал эрс багассан. Одоо энэ байдал алдагдаж байгаа нь эдийн засаг таатай болох, бензин шатахууны үнэ буурах зэрэгтэй холбогдон аялж зугаалах, хөдөө гадаа явах нь ихэссэнтэй холбоотой нь харагддаг. Дээр дурдсан зам тээврийн ослоор амь насаа алдсан 32 тохиолдлын ес нь явган зорчигчтой, түүний дотор хүүхдийн амь настай холбогдож байгаа юм. Он гарснаас хойш улсын хэмжээнд 38 хүн мотоциклтой явж байгаад онхолдож нас барсан нь замтай, замгүй газраар хамаагүй давхих, малгай маскаа өмсөж аюулгүй байдлаа хангаагүйгээс болсон байна. Тэдгээрээс нэг нь л хотод амь насаа алдсан байгаа юм. Хохирогч Хөшигийн хөндий рүү тавьсан шинэ зам дээр хурд хэтрүүлснээс онхолдож, амь насаа алдсан.
 
-Удахгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдрийг коронавирусийн халдвар тархахаас сэргийлж, олон нийтийн чанартай арга хэмжээ зохион байгуулахгүйгээр өнгөрүүлэхээр болсон. Гэвч эцэг, эхчүүд хүүхдүүдээ баярлуулахаар салхинд гарах ч юмуу хөдөө гадаа явахыг үгүйсгэх аргагүй. Тэдэнд хандаж юу хэлж, анхааруулмаар байна вэ?
 
-Тээврийн цагдаагийн албанаас энэ өдрийг “Автомашингүй өдөр" болгож, зохион байгуулалттай арга хэмжээ явуулдаг байсан. Энэ жилийн хувьд коронавирусийн аюул ойрхон байгаатай холбогдуулан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Хүүхдийн парк болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар ажиллахгүй, Гэхдзэ эцэг. эхчүүд, гэр бүлээрээ амралтын газарт очих, хөдөө гадаа явахыг үгүйсгэх аргагүй Энэ үедээ хүүхдийг зөв тээвэрлэх, хамгаалах бүсийг нь зүүлгэх, тусгай зориупалтын суудал ашиглах хэрэгтэй. Хэрэв байдаггүй бол хүүхдэдээ хамгаалах зориулалтын нэмэгдэл суудал бэлэглэвэл маш сайхан сюрприз, том хөрөнгө оруулалт болно гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх. Тээврийн цагдаагийн албанаас хүүхэд багачуудын маань хайртай баатар Шүгэлхүүгээр уламжпан цахим мэндчилгээ илгээхээс гадна ээж аав, харгалзах хүнтэй хамт гарцаар гарч байгаа хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна. Энэ нь хамгаалалтын бүсээ зүүгээд машин тэргэн дотор зөв боловсон, дүрмийн дагуу үйлчлүүлж яваа тодорхой тооны хүүхдэд ч хамааралтай байх болно. “Эрүүл байвал улсын наадам үзнэ” гэдэгчлэн хамгийн гол нь эрүүл саруул байвал дараа дараагийн олон хүүхдийн баяр тэднийг угтан тосож байгаа гэдгийг эцэг эхчүүд, эмээ өвөө, ах эгч нар нь дүү нар, үр хүүхдүүддээ сайтар тайлбарлаж ойлгуулаасай гэж хүсэх байна.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин