Өнгөрөгч 2-р сард аймгийн шүүх анхан шатны журмаар эрүүгийн 21, иргэний 121, давж заалдах шатны журмаар эрүүгийн 6, иргэний 3 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн шүүх захиргааны 2 хэрэг шийдвэрлэснээс 1 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Шүүхийн зүгээс ял шийтгүүлсэн 24 хүний 19 хүнд хорих ял, 5 хүнд баривчлах ял оноосон байна. Анхан шатны журмаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 4, танхайрах гэмт хэрэг 4, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4-ийг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн 50.5 хувийг эзэлж байна.

Эдгээрийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1 тохиолдлоор буурсан бол танхайрах төрлийн гэмт хэрэг 2, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3 тохиолдлоо тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Харин нийт шийдвэрлэсэн иргэний хэргийг өмнөх оны мөн үеийнхээс 21 хэргээр буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: "Дорнод"