Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг буюу хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргүүд сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад нэлээдгүй бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын 21-ний шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэрт HOWO маркийн автомашины жолооч 34 настай, У хууль бусаар мод тээвэрлэсэн байна. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Налайх дүүргийн VI хорооны нутагт Б гэгч Газ-66 машинаар зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсныг илрүүлэн, харьяа дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Эрх бүхий албан тушаалтанд эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдол байхгүй байгаа гэв

МХЕГ-ын Байгаль орчны улсын байцаагч Ч.Нямдаваагаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн онд хууль бус мод бэлтгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийсэн бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын байцаагчийн 01, 05 тоот албан даалгавар болон хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг гарган ажиллаж байгаа. Энэхүү ажлын хүрээнд хяналтыг тогтмолжуулж, хууль бус мод бэлтгэхийг таслан зогсоох чиглэлээр нэлээдгүй арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, орон нутагт урьдчилан сэргийлэх чиглэлээр постууд ажилласан юм.

-Ер нь өнгөрсөн онд хичнээн зөрчил илэрсэн бэ?

-Улсын хэмжээнд 148 зөрчил илрүүлж, 82.2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ, 11.7 сая төгрөгийн нөхөн төлбөр, 672 куб метр модон материал, хоёр автомашин, долоон хөрөө зэргийг хураан авсан. Мөн 20 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 2003 оны зөрчилтэй харьцуулахад өнгөрсөн жил хяналтын постууд тогтмол ажилласнаар илрүүлэлт хоёр дахин нэмэгдсэн. 2013 онд 1012 зөрчил илрүүлж байсан бол өнгөрсөн онд 2360 зөрчил илэрсэн байгаа.

-Орон нутгийн удирдлагууд хууль бус мод бэлтгэх ажилд оролцдог гэдэг?

-Эрх бүхий албан тушаалтанд эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдол байхгүй байгаа. Гэхдээ орон нутгийн Иргэдийн хурлаас гаргаж байгаа шийдвэр нь хуульд нийцэхгүй гарч байна. Тухайлбал, арчилгаа цэвэрлэгээ хийхдээ мэргэжлийн байгууллагуудад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх эрх олгож, тухайн жилдээ мод бэлтгэх хуваарилалтыг батлаж байна. Мөн аймаг орон нутгийн Иргэдийн хурлаас орон нутгаасаа мод модон материал гаргахгүй байх гэх мэт шийдвэрүүд нь хууль бус мод бэлтгэх үйлдэл болж байгаа учраас бид энэхүү шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг холбогдох газарт нь хүргүүлсэн.

-Хууль бус мод бэлтгэл аль аймагт давамгайлж байна?

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сум Иргэдийн хурлынхаа шийдвэрээр арчилгаа цэвэрлэгээ хийхдээ мэргэжлийн байгууллагуудад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх эрх хувиар батлаж өгсөн байсныг илрүүлсэн. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Цаашид таслан зогсоох тал дээр ямар ажлууд хийх вэ?

-Бид иргэдийн оролцоог хяналтанд татан оролцуулах зайлшгүй шаардлага байгаа. Тухайн орон нутагт оршин сууж байгаа иргэдийг урамшуулах чиглэл болон эзэмшүүлэх чиглэлийн ажил хийнэ. Тухайлбал, ногоон бүсүүдийг нөхөрлөлүүдээр хамгаалуулах мөн хяналтыг тогтмолжуулах ажлуудыг хийнэ. Ингэснээр хууль бус мод бэлтгэх ажиллагааг таслан зогсоох бүрэн боломжтой юм. Мөн хуулиар олгосон эрхий албан тушаалтан биш иргэдийн оролцоог хяналт шалгалтад татан оролцуулж, иргэдийн мэдээллийг үнэн зөвөөр урамшуулах шаардлагатай юм.

-Хяналт тогтмол биш сул байна гэж ойлгож болох уу?

-Хянлтыг сул байна гэж үзэж болохгүй. Хяналтыг тогтмолжуулах хэрэгтэй. Ер нь байгаль хамгаалагч, улсын байцаагч нарын ажлыг идэвхижүүлж ажиллах нөхцлөөр хангах хэрэгтэй байгаа юм.

Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"