Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн билээ.
 
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Төслийн талаархи иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг Улсын Их Хурлын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх; төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх” хэмээн заасны дагуу Улсын Их хурлын гишүүд тойрог, орон нутагт ажиллан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлэл хүргэн, саналыг нь сонсохоор ажиллаж байгаа юм.
 
 
Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар өнөөдөр /2019.06.20/ Улсын Их Хурлын гишүүдийг тойрог, орон нутагт ажиллахад дэмжлэг үзүүлэх, иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж ажиллах УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзан, чиглэл өглөө.
 
Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Улсын Их Хурлын Тамгын газраас 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах ажлын бэлтгэлийг хангахад чиглэсэн сургалт зохион байгуулсныг дурдаад, төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтнууд ихээхэн үүрэг, оролцоотой ажиллан, орон нутгийн иргэдээс санал авч, цаг хугацаанд нь Төрийн байгуулалтын байнгын хороонд шуурхай ирүүлэхийг үүрэг болгосон юм.
 
Энэ сарын 26-ны өдөр гэхэд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж дуусган, 27-ны өдөр УИХ-д танилцуулах хугацаатай байгааг тэрбээр онцлоод, ард иргэдээс санал авахдаа төсөлд тусгагдсан тодорхой зүйл, заалттай холбогдуулан авахад анхаарах, өндөр хариуцлагатай, шуурхай ажиллах шаардлагатайг дахин санууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.