sonin.mn
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганы үр дүн, хэлэлцэж баталсан болон хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх дүгнэлтээ гишүүдэд танилцууллаа. 
 
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг
 
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өндөрлөх гэж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа.
Нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг сайжруулах, ард түмний засаглах эрхийг хангах, парламентын шинэчлэлийг эхлүүлэх хүрээнд иргэдийнхээ санал бодолд тулгуурлан хууль тогтоох, хяналтын чиг үүргээ бодитой хэрэгжүүлэх чиглэлээр хичээн зүтгэж ажилласан Эрхэм гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлье. 
 
Чуулганы үйл ажиллагааг дүгнэж, дараах асуудлуудад та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна.
 
1. 2019 оны хаврын ээлжит чуулганы талаарх зарим тоон үзүүлэлтийг дурдъя.
 
Энэ чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаан 24 удаа 117 цаг хуралдан 118 асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Байнгын хороод 74, дэд хороод 3, түр хороо 9, нийт 86 удаа, 134 цаг хуралдаж, 182 асуудал хэлэлцжээ.
 
УИХ-ын 2018 оны намрын чуулган хааснаас хойш бие даасан 14, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 буюу нийт 99 хууль, Улсын Их Хурлын 44 тогтоол баталсан байна.
Үүнийг 2018 оны намрын чуулгантай харьцуулахад батлан гаргасан хуулийн тоо 50 илүү хувиар нэмэгджээ.
 
Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо ба чанарын том дэвшил гарсныг тэмдэглэж хэлэхэд таатай байна. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засагдаж чадлаа. 
 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж, гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөхдөө хурууны хээгээ ашиглаж эхлэх үед ирц багасч, хуралдаан тасалдаж, хуулиа баталж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэвч эсрэгээрээ ирц ч сайжирч, хариуцлага ч дээшиллээ. Нэгдсэн чуулганы ирц л гэхэд тогтмол 70-аас дээш хувьтай байдаг болов. Энэ бол хууль тогтоох үндсэн үүрэгтээ  манай гишүүд хариуцлагатай ханддаг болсны илэрхийлэл, томоохон дэвшил мөн.
 
2. Гишүүд хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын оролцоог хангах, газар дээр нь ажиллаж санал бодлыг нь сонсох, асуудлаа нээлттэй, хамтран хэлэлцэж, шийдлийг тодорхойлох буюу ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой алхмууд хийдэг болсон нь энэ чуулганы нэг онцлог байлаа.
Улсын Их Хурал дээр холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг нийт 11 удаа, нийтийн сонсгол 2 удаа зохион байгуулсан байна. Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа хууль тогтоомжийн төслийн сонсголыг хийлээ. Энэ бол Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар хийсэн сонсгол юм.
Түүнчлэн хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа.
Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчин бүрдүүлэх, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар хийсэн хэлэлцүүлгүүд үр дүнтэй болсон. 
Энэхүү дэвшилт практикийг цааш үргэлжлүүлж, зохион байгуулалт, арга хэлбэртээ шинийг эрэлхийлж, тогтмолжуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах ёстой. Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмэнтэйгээ хамтран шийдвэрээ гаргадаг болох нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг байх болно.  
УИХ-ын үндсэн чиг үүргийн нэг нь хяналт юм. Батлан гаргасан хууль тогтоомж маань хэр хэрэгжиж, ямар үр нөлөө үзүүлж байгааг газар дээр нь очиж танилцах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, гарч буй зөрчлийг таслан зогсооход онцгой анхаарах ёстой болжээ.
УИХ-ын даргын хувиар хүүхэд хамгааллын хэд хэдэн байгууллага, ерөнхий боловсролын 133-р дунд сургууль, Туул голын ай сав, эрдэм шинжилгээний байгууллагууд, УБТЗ болон УИХ-аас удирдлага нь томилогддог зарим байгууллагын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилттэй танилцахад энэ чиглэлээр энэ чиглэлээр илүү анхаарч ажиллах ёстой нь анзаарагдсан.
Хууль хэлэлцэж, батлаад орхисноор үүргээ гүйцэтгэлээ гэж үзэлгүйгээр бидний “бүтээл” амь орж байгаа эсэхийг, амьдрал дээр хуулийн хэрэгжилт ямар байгааг, амьдралд нийцэж буй эсэхийг танилцан мэдэж, хэрвээ асуудал байгаа бол хуульдаа засвар өөрчлөлтийг нэн даруй оруулж байх нь бидний онцгой үүрэг мөн.
 
3. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах, шударга шүүхээр шүүлгэх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарсан.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэгдсэн чуулганаар анх удаа хэлэлцэн, Улсын Их Хурлын тогтоол гаргаж тодорхой чиглэлүүд өгснийг зориуд дурдъя. Тогтоолын биелэлтэд Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллах ёстойг сануулъя.
Хуулийн байгууллагын зарим удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх шинэ зарчмаар дараагийн удирдлагыг сонгон томилсон нь эдгээр байгууллагуудад бугшсан хуулийг үл тоомсорлох ёс бус үйлдлийг зогсооход үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Хараат бус, зөвхөн хууль засагладаг шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагыг бий болгон, төрдөө итгэх иргэдийн итгэлийг сэргээх нь бидний ойрын үеийн зорилт байх болно.
Үүний тулд холбогдох хууль тогтоомжийн цогц төслийг боловсруулан, өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын 2019 оны намрын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай байгааг сануулж хэлье.
Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулж байна. Түр хороо 7 удаа хуралдсан. Та бүхнээс тун удахгүй тодорхой санал дүгнэлт гарна гэсэн иргэдийнхээ хүлээлтийг хангаж, идэвхтэй ажиллахыг Түр хорооны гишүүдээс хүсье.
 
4. Хэлэлцэн баталсан зарим гол хуулиудын талаар товч боловч хөндөж ярих нь зүйтэй гэж бодож байна.
 
Иргэддээ бизнес эрхлэх боломжийг нь олгох, татварын дарамтыг бууруулах, бизнесийн орчноо ойлгомжтой, нээлттэй болгох, татварын хууль тогтоомжоо олон улсын жишигт нийцүүлэх, татварын бааз суурийг өргөтгөх, төрийн үйлчилгээг шуурхай болгож, ажил үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хялбар тогтолцоонд шилжүүлэхэд Татварын багц хуулиуд, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга чухал үүрэг гүйцэтгэх болно.
Жижиг, дунд бизнесийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулахад Та бидний хэлэлцэн баталсан Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал ач холбогдолтой. Орон нутагт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэх, экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд энэ хуулийн нэг үндсэн зорилго чиглэж байгаа юм.
Хууль гарснаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, зээлийн сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй болж, хяналт нь сайжирч, зээл зорилтот бүлэгтээ хүрч, ашиглалт сайжирна гэж үзэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар дэлхийн 180 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг улс орондоо хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Хуулийн ач холбогдол нь өсвөр үеийнхний сурч хүмүүжих, эрдэмд шамдах таатай орчныг бүрдүүлэх, аюулгүй хоол хүнсээр хангаж, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад оршиж байгаа юм. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах нэг суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа билээ.
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид хэлэлцэн баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт боловсронгуй болно. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндэс шинэчлэгдсэн.
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хууль, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталж, улс орны төсөв, санхүүгийн ойрын үеийн бодлогыг тодорхойллоо.
Эдгээр хуулиудаар үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлж, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх болно. Төсвийн сахилга батыг сайжруулж, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулахад үндсэн зорилт чиглэж байгаа.
 
Хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудын талаар бүгдийг ярина гэвэл нэлээд цаг хугацаа шаардагдана. Тиймээс үүгээр товчилъё.
 
5. Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх талаар нэгэнт эхэлсэн шинэчлэлийн эрчийг сулруулах ёсгүй гэж үзэж байна. 
 
Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад байна.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар туршлагатай парламентч УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилоод байна. Энэ бүхэн монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагатаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө бидний хийж буй ажлын нэг хэсэг юм.
Төрд, төрийн албан хаагчид ч гэсэн ташуур хэрэгтэй. Ташуурын үүрэг гүйцэтгэдэг бүтэц ажиллуулдаг жишиг дэлхийн олон оронд бий. Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол Ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц юм.
Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх ёстой. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм. Цэгцлэх асуудал бидэнд олон байна. Асуудлуудаа цэгцэлж чадвал Монгол цэгцэрнэ. Үүний төлөө энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн, үүрэг хүлээж суугаа Та бид зүтгэх ёстой.
 
Эрхэм гишүүд ээ,
Хаврын чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган үргэлжилнэ.
Энэ чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно гэдгийг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Улс орон, монгол түмний ирээдүй хойчийн хувь заяанд нэн чухал энэ асуудалд онцгой хариуцлагатай хандах ёстойг гүнээ ухамсарлаж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар амжилттай хийж, дараа дараагийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд ачаалал ихтэй ажиллаж байгаа.
Төслийг иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын 69 гишүүн 18 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж 40.1 мянган хүнийг хамруулжээ. Уулзалт, хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдийн 82 хувь нь дэмжсэн, 7795 иргэнээс 200 мянган санал ирсэн мэдээтэй байна.
Иргэд болон улс төрийн нам, олон нийтийн зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэх, хэлэлцэх, төсөлд тусгах ажил үргэлжилж байна. Бид төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандаж байгааг өмнө хэлж байсан. Энэ зарчим цаашид ч хадгалагдах бөгөөд санал бодол, шүүмж сануулга бүхэнд нэн анхааралтай хандах болно.
Эцэст нь Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажлаа түргэтгэх үүрэг далгавар өгье. Энэ бол хариулт, шийдэл нэхсэн олон асуудлын нэг гэдгийг сайтар ойлгох ёстой. Шийдвэрийн төсөл бэлэн болбол хойшуулалгүй хэлэлцэхэд Улсын Их Хурал бэлэн байна.
 
Эрхэм гишүүд ээ,
 
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.