sonin.mn
FREAKONOMICS  гэдэг нь гадны эрдэмтэд, судлаачдаас Монголын эдийн засгийн тогтолцоонд өгсөн хоч нэр, дүгнэлт юм. Freak-гаж, economics-эдийн засаг гэсэн үг. Монгол Улс бол ардчилалын баян бүрд, цэвэр зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэгч гэх мэт өдгөө доог тохуу мэт сонсогдох болсон худал магтаалын үг сонсож хөөрцөглөж сурсан зарим нь цочирдож магадгүй. Гэхдээ бид одоо бодит үнэнийг мэдэх, хүлээн зөвшөөрөх цаг болсон. Буруу л бол буруу гэдэг шиг гаж л бол гаж шүү дээ. Ард түмнийг нь ядууруулж, улс орныг нь цөлмөн тонодог, зөвхөн гадна, дотны эрх ашгийн бүлэгт үйлчилдэг зах зээл, ардчиллаар бид яах вэ?
1990-ээд оны сүүлээр НҮБ-ын шугамаар Монголд ажиллаж байсан Гриффин, Бреннер зэрэг эдийн засагчид монголчуудын сонгон авсан хөгжлийн зам, хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогод дүгнэлт хийгээд Монгол Улс гадаад, дотоодын ашиг сонирхлын бүлэглэлүүдийн золиос болж буйг, гаднаас хараат, уул уурхайн түүхий эдээс хамааралтай болж буйг, улс орондоо, ард түмэндээ маш халтай гаж тогтолцоо бүрдүүлж буйг сануулсаар ирсэн.
 
4.500 үйлдвэр, аж ахуйн нэгжийг устгаж, төгрөгийн ханшийг 91.000 хувиар унагаж, үндэсний баялгийг үнэгүйдүүлэн, ард түмэнд шударга ёс, эрх тэгш нийгэм, хангалуун амьдрал, гэрэлт ирээдүй амлан бий болсон энэ тогтолцоонд өнөөдөр хүн амынх нь 30 хувь нэн ядуу, 50-60 хувь тогтмол ядуу амьдарч, ард түмэн нь ирээдүйдээ итгэх итгэлгүй бор хоногийг өнгөрөөж байна.
 
Монгол хүн бүрт $10,000 ам.долларын гадаад өр ногдуулсан, ард түмнээ 30-40 хувийн банк, санхүүгийн зээлийн хүүгээр мөлжсөн, уул уурхайн түүхий эдээс өөр экспортлох бүтээгдэхүүнгүй, 4-5 жил болоод дампууралд хүрч ОУВС-аас авралын зээл гуйдаг, багш нарынхаа цалинг нэмэх зөвшөөрлийг Дэлхийн банк, ОУВС-аас асуудаг, туйлдсан иргэддээ ногдуулдаг өндөр торгууль, хураамж, төлбөрөөр төсвөө бүрдүүлдэг, идэр сайхан залуусыг минь гадаадад хар ажлын хямд хүч болгон зарж орлого олдог, хамгийн хачирхалтай нь нэг ам.доллар олох гэж 3-4 ам.доллар зарцуулдаг, сайхан, баян Монгол орныг маань дэлхийн хамгийн ядуу бөгөөд бохирдолтой улсын нэг болгосон ийм засаглалыг, тогтолцоог гаж гэхгүй өөр юуг гаж гэх вэ дээ!
 
МАНАН-гийн бий болгосон, сүүлийн 29 жил Монголд ноёрхож буй энэхүү улс төр, эдийн засгийн тогтолцоо нь мөлжлөгийн, дарангуйллын шинжтэй бөгөөд гаднаас хараат, эцсийн дүндээ өөрөө өөрийгөө үгүй хийх тогтолцоо юм. Өнөөдөр энэхүү ард түмний ашиг сонирхлыг огоорсон, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан гаж тогтолцоонд цаашид оршин тогтнох орон зай, цаг хугацаа үлдээгүй.
 
Гаж тогтолцоог халах, шинэ эринийг эхлүүлэх үзэл баримтлал, улс төрийн ШИНЭ нам, нийгмийн хүчин бүрэлдэн бий болсон байна. Боол гэдгээ мэддэггүй боолууд л хамгийн хөөрхийлөлтэй гэдэг шиг ядуу гэдгээ мэддэггүй ядуучууд ч бас өрөвдөлтэй. Бидэнд 300 гаруй долларын дундаж цалинтай гундуу амьдралаа өөрчлөх, сайжруулах нөөц бололцоо байна. Мянган долларын цалинтай болох нь мянгуужингийн үлгэр гэж ярьдаг нөхдүүдийг сайн хар! Тэд нэг бол таньд ногдох ёстой байсан 700 долларыг хувааж идсэн нөхдүүд, нэг бол ядуу гэдгээ мэддэггүй ядуу, оюуны мэлмий нь сааралтсан нөхдүүд.  Дундаж цалинг мянган доллар болгоход ердөө 3-5 жилийн хугацаа хангалттай, хэрэгжүүлэх боломжийг нь олгодог бол шүү дээ. Энэ бол зөвхөн эхлэл, улмаар ядуурлыг арилгах, монголчуудын амьжиргааг дэлхийн дундаж түвшинд аваачих огтхон ч холын мөрөөдөл биш, чаддаг мэддэг хүнд нь бол шүү дээ. Яаж гэдгийг шинийг сэтгэгчдээс, ШИНЭ хүчнээс асуу!
 
Гуч шахам жил улсыг минь тонож, баялгийг минь цөлмөж, ард түмнийг минь туйлдуулж ирсэн тэр л бүлэглэл, тэр л эдийн засагчид, тэр л улс төрчид өнөөдөр яг бидний дээр зайдалсан хэвээр 1001 шөнийн дуусашгүй үлгэрээ ярьсаар!
 
Үгүй ээ, өнөөдөр монголчууд бид хулгайч бол хулгайч л байдаг юм байна, хулгайч нь хулгайчтайгаа л найзалдаг юм байна, эрх мэдэлд  их шунасан этгээд галзуурдаг юм байна, шуналд хязгаар үгүй юм байна, цөөврийн бэлтрэг цөөвөр л болдог юм байна, чоно махнаас гардаггүй юм байна, хөгшин азарга жороо сурдаггүй юм байна гэдгийг ойлгосон, мэдэрсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд таван жил тутамд улсыг маань дампууруулах замаар зоолж, тонож, хөлжиж ирсэн хоноцын сэтгэлтнүүдээс, тэдний бий болгосон гаж тогтолцооноос, тэдний үхэн хатан хамгаалж буй мөлжлөгийн засаглалаас салах цаг болсон. МАНАН дахин Монголын төрийг зайдалж Монголчуудыг мананд төөрүүлэх ёсгүй.
Монголын онцлогт нийцсэн, бие даасан, хараат бус, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашигласан, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох эдийн засгийн эрүүл бүтэц, тогтолцоог бүрдүүлхээс өөрөөр бидэнд 30 жилийн өмнөх мөрөөдөлдөө хүрэх боломж үгүй юм. Бидэнд өнөөдөр олон сонголт байхгүй. Шинэ эринийг эхлүүлэгч ШИНЭ нам, шинэ хүчин бидний итгэл найдвар! Баян улсад баян л амьдрах ёстой!
 
Эдийн засагч Х.Батсуурь