sonin.mn
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх таван удаагийн хэлэлцүүлгийг энэ сарын 22-25-нд Төрийн ордонд зохион байгуулж, нийгмийн захиалгыг гүйцэтгэх гал тэргийг дахин нэг буудлаар урагшлуулав. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгохоор хуульд заасны дагуу олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Түүнчлэн УИХ-ын гишүүд энэ сарын 22-ноос ирэх сарын 9-нийг хүртэл тойрогтоо ажиллаж, УИХ- ын нэр бүхий 62 гишүүний болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналуудыг иргэд, олон нийтэд танилцуулж саналыг нь сонсох ажлыг зохион байгуулж байна. Үүний дараа өргөн барьсан төслүүдийг нэгтгэх юм.
 
Ерөнхийлөгчөөс  өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа тесөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг ч байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Болд нар ажиллаж байна.
 
Ажлын хэсгийнхэн гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, нутгийн  удирдлагын тогтолцоог  боловсронгуй болгох, байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтыгулс төрийн нам, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцсэн билээ. Хэлэлцүүлгийн мэдээллийг багцлан хүргэж байна.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГ СУНГАХ САНАЛЫГ ДЭМЖИВ
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлгийг “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах нь” сэдвээр эхлүүлсэн билээ. Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа  Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг сунган таван жил болгохоор тусгажээ. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн зарим эрхийг баталгаажуулж, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасан байна. Зөвлөлийн гишүүд Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг сунгах тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах журмыг тусгасан заалтыг дэмжихгүйгээ илэрхийлсэн юм. Тэгвэл УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлахаар тусгасан бөгөөд ингэхдээ Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор заажээ. Ингэснээр “давхар дээл”-тайлж засаглалын тэнцвэртэй байдлыг хадгалан УИХ-ын хяналт сайжирна гэж үзжээ. Мөн УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлснээр Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
 
УИХ-ын 19-өөс доошгүй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэхдээ дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирэх бөгөөд тэрхүү саналыг УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, арав хоногт шийдвэрлэхээр тусгасан. Ингэснээр Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөл хангагдан, төрийн бодлого тогтвортой хэрэгжих боломжтой болно гэж үзжээ. 
 
Үүний дараа “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм. Монгол Улсын хэтийг тодорхойлох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж буйг дэмжиж байгаагаа Монголын Консерватив намын дарга Н.Дашдаваа илэрхийлсэн. Тэрбээр төслийг зөвхөн бидэнд, өнөөдөрт зориулсан гэж харах нь өрөөсгөл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон, үүнийг бид арав гаруй жил ярьж хэлэлцсээр өнөөдрийг хүргэсэн гэдгийг тодотгосон. Ерөнхийлөгчийн санал дахь зарим заалт буюу УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх, энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох, УИХ 108 гишүүнээс бүрдэх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоо холимог байх тухай заалтыг УИХ дахь АН-ын зөвлөл дэмжсэн бол намтай холбоотой бусад заалтыг нэгтгэн найруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Харин иргэн Л.Сэлэнгэ “Сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хуульд тусгах нь оновчгүй” хэмээсэн бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нийгмийн захиалга тул үүнд улс төрийн намуудын зөвшилцөл нэн чухал талаар Монголын уламжлалын нэгдсэн намыр дарга Б.Батболд байр сууриа илэрхийлжээ.
 
“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТАД УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ХҮСЭЛ ШИНГЭЭГҮЙ”
 
Олон нийтийн анхаарлын төвд байгаа, мөн багагүй шүүмжлэл дагуулж буй асуудал буюу “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр дараагийн хэлэлцүүлэг өрнөсөн билээ. Нэр бүхий 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд энэ талаар хэрхэн тусгасныг хэлэлцүүлгийн эхэнд онцолсон. Үүнтэй холбогдуулан АН-ын саналыг тус намын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин танилцуулав. Шүүхийн үндсэн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, маргаан шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан, давж заалдах, хяналтын шүүхээс бүрдэх нь зүйтэй хэмээн үзлээ. Үүний зэрэгцээ шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд хяналтын шатны шүүх Монгол Улсад нэг байх нь зохистой хэмээн үзжээ. Маргааныг шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах үүднээс Монгол Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх бөгөөд дараах дөрвөн төрлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзсэн байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт холбогдох хууль зүйн маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах эрхийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн саналдаа тусгажээ. Үүний зэрэгцээ иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн Цэцээс шийдвэрлэсэн асуудлыг дээд шүүх хянан ажилладаг олон улсын жишигт нийцүүлэхээр холбогдох санал, томъёоллыг гаргасан байна. Мөн Үндсэн хуулиар дээд шүүхэд олгосон бусад асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байх нь зохистой хэмээн үзжээ.
 
Дараа нь нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгуудтай холбогдуулж санал хэлсэн оролцогчдын олонх нь шүүгчийн томилгоо, шүүгчдийн мэргэшсэн хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, Ерөнхий шүүгчийг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах асуудалд илүүтэй саналаа хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн чиг хандлага олон улсын жишиг, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны ерөнхий онол арга зүйд тулгуурласан, монголын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэж харагдаж байна. Улс төрийн хүчин, тодорхой эрх мэдэлтний хүсэл зориг шингээгүй байна.
 
Санал нийлэх, эс нийлэх асуудал ч олон байна. Жишээлбэл, Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын бүрэлдэхүүнийг тодорхойлж өгч байгаа нь олон улсын жишиг, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлаачдын анхаарлын төвд байгаа асуудлыг зөв онож, нутагшуулж байгаа юм байна.
 
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчдийг томилдог эрх олгож байгааг буруу гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байх ёстой зүйл” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
 
ХОТЫГ ХЭРХЭН ТУСГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
 
Ажлын хэсгийн хэлэлцүүлэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр үргэлжилсэн юм. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд сум, дүүргийг “үндсэн нэгж” гэж тусгасан. Тухайн сум, дүүрэгт оршин сууж буй иргэдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хог хаягдлын татварыг зохицуулах гэх зэргээр төрийн бүхий л үйлчилгээг хүргэж байгаа нь сум, дүүрэг юм. Харин засгийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутагтаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ сумдын дангаараа шийдэж чадахгүй байгаа асуудлыг зохицуулж, удирдах ажлыг аймаг, аймгийн Засаг дарга хийх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Нутгийн өөрөө удирдах ёс болон төрийн удирдлагыг хослуулах зарчим Монгол Улсад нутагшиж байгаа хэдий ч засах, залруулах зүйл бий гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн гишүүн, профессор доктор А.Бямбажаргал “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх бүрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид “хот”-ыг хэрхэн тусгах талаар тухай бүр судалж, шийдэл эрэлхийлж ирсэн. Хот хэмээх дэлхий нийтийн ойлголт нь нүүдэлчин уламжлалтай манай улстай харьцуулахад өөр. Хот гэдэг нь суурьшмал оршин суугчид, засаг захиргаа, эдэлбэр газар, дэд бүтцийн нэгдсэн сүлжээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй, жам ёсоороо үүсдэг зүй тогтол гэх зэрэг ойлголт байдаг. Харин засаг захиргааны нэгжийг тогтоодог. 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа дэлхий нийтийн чиг хандлагатай ижлээр “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид л хуваагдана, харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хот, тосгон үүсч болно" хэмээн жам ёсны зүйлийг оруулж өгсөн. Өнгөрсөн хугацаанд тэгвэл яагаад хот, тосгон жам ёсоороо үүссэнгүй вэ гэдэг асуултад эрх мэдэл, эдийн засгийн хувьд хэрхэн засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэйгээ харьцах талаарх асуудал ямар ч зохицуулалтгүй, бодит ажил болж чадаагүй хэрэг. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд агуулгын хүрээнд ярьж буй гол асуудал бол “Хот үүсч болно, харин хот нь улсын болон орон нутгийн зэрэглэлтэй байж болно гэдгийг тодорхой заагаад өгчихье. Хоёрдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй хэрхэн харьцах вэ гэдэг хүрээнд эрх шилжүүлэх агуулгаар хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэх байдлаар энэ давхардал үүсэхгүй” хэмээсэн.
 
БҮХНИЙГ НАРИЙВЧЛАН ТУСГАВАЛ ХАЛДЛАГАД ӨРТӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БОЛДОГ
 
Ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь “Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдвийг хэлэлцүүлж, оролцогчдын санал, байр суурийг сонссон юм. Оролцогчид Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн санал, төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүг шй баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн”, Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг яшиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн зүйл, заалтад янз бүрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал, судлаач Ч.Сайнсанаа, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хөндөлгүй, төрийн өмч гэснээр үлдээх саналтай байгаагаа илэрхийлсэн.
 
“Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналын дагуу нийтийн өмч мөн хэмээн өөрчилбөл дараагийн удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зүйл, заалт дахин хөндөгдөж, ингэснээр Үндсэн хуулийн халдлагад өртөх юм. Ер нь Үндсэн хуулийн зүйл, заалтад бүхнийг нарийвчлан тусгаад байвал халдлагад өртөх магадлал өндөр болдог” гэж байлаа.  
 
Харин Монголын Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан “Нийтийн өмч гэснээр бүр эзгүйдүүлж байгаа хэрэг. Иймд улсын өмч хэмээн томьёолох, байгалийн баялгаа ашиглахад улс буруу менежмент хийлгэхгүйн тулд ард түмэн, сөрөг хүчний намуудын хяналтад хариуцуулах шаардлагатай” гэсэн саналыг хэлэв.
Эдийн засагч Д.Энхжаргалын хувьд ч төрөөс байгалийн баялгийг ашиглах зарчмуудыг зааж өгөхдөө баялгийн сантай байх үг нэмэх шаардлагатай гэдгийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Монгол Улс Төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ” гэсэн заалтад Засгийн газраас хараат бус байх гэж томьёолмоор байна гэсэн саналыг хэлсэн. Харин “Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, Төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана. Монголбанкны үйл жиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг төслөөс хасах, УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлд “Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ахкиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтад, хоёр дахь өгүүлбэрийн төрийн санхүү гэснийг төрийн санхүүжилтийн удирдлага гэж томьёолох саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
 
 
C.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин