sonin.mn
Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
 
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.23) хуралдаан 11 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачлан боловсруулжээ.
 
 
Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.
Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.
 
Мөн эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
 
 
Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлснийг Д.Оюунхорол гишүүн илтгэлдээ дурдлаа.
Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
 
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан үг хэлж, дэлхийн олон улс орон шашны өдөртэй байдаг. Энэ өдрийг энх тайван, эв санааны өдөр, ёс суртахуунаа дээдлэх өдөр болгож тэмдэглэгдэг уламжлалтай юм байна. Тиймээс бурхны шашинтан гэгддэг монголчууд ийм нэг өдөртэй болж, Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, өнчин ядууст туслах, бясалгал хийх, байгаль орчноо хамгаалах зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байх нь зүйтэй юм гэж үзсэний үндсэн дээр төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
 
Мөн Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөлтэй холбогдсон зарим мэдээллийг гишүүдэд өгсөн юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 364 сүм хийд бүртгэлтэй байгаагаас 134 нь буддын шашны сүм хийд агаад статистикийн байгууллагаас өнгөрсөн оны дундуур гаргасан судалгаагаар нийт иргэдийн 53 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн дүн гарчээ. Мөн манай улсад 8 өдрийн баяр буюу нийтдээ 14 хоног бүх нийтээрээ амардаг нь бусад оронтой харьцуулахад дундаж үзүүлэлт юм байна.
 
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Байнгын хорооны хуралдаанд Гандантэгчинлэн хийлийн хамба лам Д.Чойжамц, Тамгын лам С.Даваапүрэв нар оролцсон юм.
Дараа нь  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төсөл санаачлагч гишүүн Х.Болорчулуун орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав.
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газартай болно
 
Байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Уг тогтоолын төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “2.Төрийн худалдан авах ажиллагааны газар” гэж нэмэх, уг газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан байгуулж ажиллуулахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
 
Тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов
 
Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. “Ард нийтийн санал асуулга явуулах, Моннгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан тус Байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг гишүүд дэмжлээ.
 
 
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.
Хуралдааны эцэст Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэх цаглабар төлөвлөгөөг хэлэлцээд гишүүдийн саналыг тусгаж албажуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.