sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.11.14/ захирамж гаргаж, маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
 
Уг захирамжинд албан ёсоор: 
 "Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тус захирамжид,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а” “л”, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
2. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэж сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай" гэжээ." гэсэн байна.
Харин зарим эх сурвалжуудын хэлж буйгаар энэ шийдвэр нь Монголын Үндэсний Фронтын маргааш зохион байгуулах эсэргүүцлийн жагсаалтай холбоотой ажээ.
 
С.Сарнай