sonin.mn
ВАШИНГТОН /Reuters/. БНХАУ-ын АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээр /нэгдүгээр үе шат/ орчуулгын явцад өөрчлөгдөөгүй бөгөөд уг баримт бичиг энэ долоо хоногт гарын үсэг зурснаар ил болно гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин ням гарагт мэдэгджээ.
 
 
БНХАУ жил бүр АНУ-аас 40-50 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хоёр жилийн хугацаанд нийт 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн авах тохиролцоонд хүрсэн талаар Стивен Мнучин өнгөрсөн 12 дугаар сарын 13-нд “Fox News” сувагт мэдэгдсэн билээ.
 
 
“Орчуулгад өөрчлөлт ороогүй. Энэ цуу яриа хаанаас эхэлсэн гэдгийг мэдэхгүй. Бид одоогоор орчуулгын ажил дээр явж байгаа бөгөөд техникийн асуудал байсан. Энэ долоо хоногт багтаан хоёр хэлний эцсийн хувилбарыг бэлэн болгож гаргана. Хүмүүс уг үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Энэ бол маш өргөн цар хүрээтэй гэрээ байх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Энэ сарын 15-нд Цагаан ордонд болох худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнд 200 гаруй хүнийг урьсан бөгөөд Хятад хэл дээрх текст хараахан бэлэн болоогүй байна гэж Цагаан ордны албаны хүмүүс өмнө нь мэдэгджээ.
 
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг