МУИС-ийн Хуульзүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор /Ph.D/ А. Бямбажаргалтай ярилцлаа.
 
-Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санаачлага гаргалаа. Онцгой нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл манай эдийн засаг ачааллыг нь  даахгүй гэдгийг хэллээ. Эрх зүйн талаас нь та үүнийг хэрхэн харж байна вэ?
 
-Эдийн засаг дийлэхгүй гэдгээр сонгууль хойшлуулж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Монгол Улсын Үндсэн хуульд ээлжит сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалт бий. Үндсэн хуулийн 22.1-т улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал үүссэнийг арилах хүртэл сонгуулийг хойшлуулж болно. Үүнийг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнөөгийн нөхцөлд бол коронавирусын халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн боловч энэ манай улсад хэр хэмжээнд байна бэ гэдэг бол тусдаа асуудал юм. Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиа барьвал монгол улсын хэмжээнд зарим хэсгийг эсвэл бүхэлд нь хамарсан онцгой нөхцөл мөн эсэхийг тогтоох эрх нь зөвхөн УИХ-д хадгалагдаж байна. Хэрэв онцгой нөхцөл мөн гэж үзвэл эдийн засгаас хамаарахгүйгээр сонгууль хойшилно. Эргээд эдийн засгийн хямрал нь онцгой нөхцөл эсэхийг мөн л УИХ шийдвэрлэнэ.
Дээрхээс үзвэл ээлжит сонгуулийн хойшуулахад заавал онц байдал зарлахгүй. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл (Үндсэн хуулийн 22.1), онц байдал зарлах хооронд нь хольж болохгүй. Өнөөгийн нөхцөлд бол бид онцгой нөхцөл мөн үү, үгүй юу гэдгийг няглтлах шаардлагатай. Тодруулбал, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд нэр дурдсан Үндсэн хуулийн заалттай бага зэрэг зөрчилдөхөөр зохицуулалт байдаг. Тэр нь онц байдал зарлаж байж сонгуулийг хойшлуулах агуулгатай. Сонгуулийн тухай хуулийн 9.4-т Үндсэн хуулийн 25.2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй гэж УИХ үзэж байж хойшлох асуудал яригдана. Тэгэхээр агуулгын хувьд онц байдал тогтоох эсэх асуудал огт хамааралгүй. Онц байдал зарлах бол Ерөнхийлөгчид хамаарах тусдаа зүйл. Харин онцгой нөхцөл мөн үү гэдгийг тогтоох нь Үндсэн хуульд заасны дагуу парламентын бүрэн эрх. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг агуулгаар нь харвал илгээлт рүү илүү ойртоно. Яагаад гэвэл Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид уриалга гаргах эрх байхгүй. Харин Үндсэн хуульд зааснаар тодорхой асуудлаар зарлиг гаргах, бусад шийдвэрийн хувьд нийт ард түмэн болон УИХ-д илгээлт гаргах боломжтой. Илгээлт нь ямар нэг байдлаар эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй. Иймд үнэхээр онцгой нөхцөл байдал уу эсвэл үгүй юу гэдгийг үнэлж байж УИХ тогтоож болно. Магадгүй  хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Засгийн газар өргөн барьж болно.
 
-Тэгэхээр Ерөнхий сайдад “Сонгууль хойшлох нөхцөл байдал үүсээгүй” гэж шууд мэдэгдэх эрх байхгүй гэсэн үг үү. Сонгууль хойшилбол хуулийн хүрээнд ямар нөхцөл байдал  үүсэх вэ?
 
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулийг  хэрэгжүүлэх, биелэлтийг хангах  үүргийг УИХ-ын өмнө Засгийн газар хүлээдэг. Энэ хүрээнд өвчин хяналтад байна гэж үзэж байгаа юм болов уу гэж харсан.
 
Харин ээлжит сонгууль явуулах боломжгүй гэж үзвэл үүссэн шалтгаан буюу Үндсэн хуульд зааснаар бол мөнхүү нөхцөл арилж шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Магадгүй цар тахалын хэмжээний онцгой нөхцөл байдал гэж үзвэл сонгууль явуулж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх хүртэл УИХ-ын бүрэн эрх хэвээр хадгалагдана. Хэн нэгэн онцгой эрх төвлөрүүлээд явах хууль зүйн боломж байхгүй. Удирдлага шилжих, тасалдах зүйл ч огт гарахгүй. Энэ УИХ өөрийн бүрэн хэвээр хадгалаад л явна гэсэн үг юм. Түүнээс биш эрх мэдлийг онцгой гэх чамин үгээр тодотгож хэн нэгэнд төвлөрүүлэх нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл дэх хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж, улмаар хууль бусаар төрийн эрхийг авсан хэрэг болно.
 
-ДЭМБ-аас цар тахал гэдгийг зарлаж, манайх улс ч  өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж УОК ажиллаж байна. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүд нөхцөл байдал, үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр сонгууль хойшлуулахгүй гэж кноп дарж болохгүй байх л даа? 
 
-Асуудал оруулах эрх нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газарт хадгалагдана. Харин шийдвэр гаргах бүрэн эрх нь УИХ-аас өөр хэнд ч шилжихгүй.
Онц байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс гэдэг субьект бий болж Гамшгийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа ч Засгийн газрын ажлыг хийж байгаа юм биш биз дээ зэргээр зарим нэг тодорхойгүй зүйлс бий. Гэхдээ шаардлагатай бол хууль тогтоогчид хууль гаргах замаар нарийвчилсан харилцааг зохицуулаад явах боломжтой.
Сонгууль хойшлуулах эсэхтэй холбоотойгоор хамгийн түрүүнд бодох асуудал бол эрсдэл, үр дагавар. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал, үр дагаврыг тооцохгүйгээр сонгууль хойшлуулах эсэх асуудлаар хэрхэвч улс төр хийж болохгүй.  Магадгүй сонгууль явуулснаар олон нийтийг эрсдэлд оруулж ч болно. Тиймээс УИХ шийдвэр гаргахдаа бүх нөхцөл байдлыг судалж тооцож ул суурьтай хандах хэрэгтэй.  
 
 
 
Үндсэн хуульд нэлээн томоохон өөрчлөлт орсон. Бүлгээр нь авч үзвэл төрийн байгуулал буюу ямар төр засгаар улсаа удирдуулах вэ гэдэгт  зарчмын томоохон өөрчлөлт оруулж наанадаж ирэх 30-аас дээш жилийн дүр зургийг гаргасан. УИХ-ын гишүүдийн зарим нэг томилгоо, төсвийн хүрээнд оролцох эрхийг хязгаарлаж, сайдуудын давхар дээл зэргээр олон жишээ дурдаж болно.
 
 
 
-Өнөөгийнх шиг онцгой нөхцөл байдлын үед хувийн хэвшлээ дэмжих  хуулийн зохицуулалт хэрэгтэй нь харагдаж байна. Энэ нөхцөлд Засгийн газар, УИХ хэрхэн ажиллах хэрэгтэй вэ?
 
- Нөхцөл байдлаас шалтгаалж Засгийн газар ямар ч шийдвэр гаргасан хуульд нийцэх ёстой. Түүнийг нь албажуулахтай холбоотойгоор хуулиудыг яаралтай батлах эрх УИХ-д нээлттэй. Хууль гарч байж шийдэгдэх нөхцөл байдлыг хэлээд орхиж болохгүй.
Аль ч улс оронд гамшгийн нөхцөл байдалд шууд шилжих бэлэн хууль байсан гэдэгт эргэлзэж байна. Дайны эсвэл нийтийг хамарсан гэнэтийн аюулыг давахын тулд УИХ-ын талаас илүү нь ирж байж хуралдах ёстой. Гэтэл үер усны аюулаас болоод гишүүд ирж чадахгүй бол яах вэ гэдэг зохицуулалт бий. Харин манайд Үндсэн хуульд эдгээр зохицуулалтыг оруулж өгөөгүй ч тодорхой дэгээр явах боломжтой бөгөөд УИХ одоо ч тэр дээрх харилцааг нарийвчлан зохицуулах хуулийг батлах эрх нь бий.
 
-Цухасхан дурдвал, ирэх сарын 25-наас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт орох вэ?  
 
-Үндсэн хуульд нэлээн томоохон өөрчлөлт орсон. Бүлгээр нь авч үзвэл төрийн байгуулал буюу ямар төр засгаар улсаа удирдуулах вэ гэдэгт  зарчмын томоохон өөрчлөлт оруулж наанадаж ирэх 30-аас дээш жилийн дүр зургийг гаргасан. УИХ-ын гишүүдийн зарим нэг томилгоо, төсвийн хүрээнд оролцох эрхийг хязгаарлаж, сайдуудын давхар дээл зэргээр олон жишээ дурдаж болно.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой бүлэгт магадгүй хамгийн цөөн өөрчлөлт орсон. Хоёр зүйл, гурван заалтыг өөрчилсөн хэрнээ 1992 оноос хойш явж ирсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай холбогдох суурь хуулийг бүхэлд нь өөрчлөх хэмжээний заалт орсон. Хаврын чуулганаар батлагдвал зөвхөн энэ хуулийг дагаад ойролцоогоор 200 орчим  хуульд өөрчлөлт орно гэж үзвэл 1992 оноос хойшхи эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь том давалгааны түүхэн гараан дээр зогсч байна гэж харж болно.  
 
-Хаврын чуулган шуурхай ажиллаж чадахгүй бол Засгийн газар задарна гэсэн мэдээлэл гарсан?
 
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн баримт бичиг бий. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, мөн үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, гуравдугаарт, 2020 оны УИХ-ын 02-дугаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол гэж бас бий. Энэ тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хууль тогтоомжийг утга агуулгад нийцүүлэх хуваарийг тогтоосон байдаг. Тэгэхээр энэ гурван баримт бичгийн уялдааг харах хэрэгтэй болно.
 
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд өөрт нь он, сар зааж дагаж мөрдөх заалт нэг ч байхгүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд хугацааг нь зааж өгсөн. Уг хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан. Хоёрдугаарт, Үндсэн хуульд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийх буюу 02-дугаар тогтоолын дагуу батлах юм. Энэ дагуу бол Засгийн газрын хуулийн 2020 онд багтааж батал гэдэг хуваарийг УИХ 02-дугаар тогтоолоор олгосон.
 
Тэгэхээр хууль зүйн хувьд хууль хүчин төгөлдөр болох, түүний дагаж мөрдөх гэх ойлголтыг өөр хооронд нь хольж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол одоо хүчин төгөлдөр байгаа. Үүнийг бас буруу ярьж тайлбарлах хандлага байна. Учир уг нэмэлт, өөрчлөлт 2019 оны арванэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсанаар албажсан. Харин уг нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх асуудал бол одоо Үндсэн хуулийн салшгүй нэг хэсэг болсон дагаж мөрдөхөд шилжих хуулиар зохицуулагдаж буй юм.
Үүний нотолгоо нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй гэдэг заалт байгаа. Энэ нь уг хууль эрэмбийн хувьд ердийн хуулиас дээгүүр гэсэн үг. Энэ заалт гэв гэнэт ингэж хийгдээгүй. 1992 онд шинэ Үндсэн хуультайгаа хамт хавсралт буюу Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шилжих хуулийг баталсан. Өнөөгийнхтэй логик нь яг л адилхан. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль гэж нэрэлдэг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т яг ийм заалт бий.
 
-Ерөнхийлөгчийн улиран сонгогдох хугацаа тодорхойгүй гэсэн үг үү?
 
- Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн нэг удаа улиран сонгогдоно гэдэг заалт хүчингүй болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дагаж мөрдөх Ерөнхийлөгчийн болон Сонгуулийн тухай хуульд дагаж мөрдөх хугацааг зааж өгнө.
 
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тов гарсан байна лээ. Тэгэхээр хаврын чуулган нэлээн хариуцлагатай ажиллах шаардлагатай болох нь?
 
-Өмнө хэлсэн, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол 2019 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ерөнхийлөгч баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон шүү дээ. Одоо харин тавдугаар сарын 25-нд дагаж мөрдөх асуудал яригдана. Хэрэв үүнээс өмнө хуулиа баталж амжихгүй бол Засгийн газар задрахаар бол мөн л Ерөнхийлөгч огцрох уу, ШЕЗ шууд таван шинэ гишүүнтэй болох уу гэдэг асуудал мөн хөндөгдөж таарна. Хууль зүйн энэ нарийн хил заагийг сайн ойлгох ёстой. Тийм учраас л дагаж мөрдөх асуудлыг нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй, түүний салшгүй нэг хэсэг болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, түүний дагуу гарсан УИХ-ын хоёрдугаар тогтоолын дагуу батлах хуулиаудаас их зүйл шалтгаална. Харин дээрх баталсан хуваарьтаа багтаж хуулиуд батлагдахгүй бол асуудал гарна. Тэр үед улаан гэрэл асах учраас энэ хаврын чуулган бол онцгой гэж хэлж болно.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт хоёрдугаар тогтоолын дагуу явах учиртай. Тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан нь тэдний үүрэгжүүлж буй хэрэг юм.
 
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин