sonin.mn

Сүүдрийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, "Үнэн ба зөв" намын дарга, цогтой тэмцэгч, галтай жагсагч А.Отгонбаатар дарга саяхан намынхантайгаа хамт талбай дээр настан буурлуудаа цуглуулж "Бүх ард түмний хаврын чуулган"-ыг зохион байгуулсан билээ. Чуулганаар 5 ханатай гэр, үхрийн махны сугалаа сугалуулж бас хандив татаж, "Туулын хурдны зам"-ыг эсэргүүцсэн иргэд рүү чуулганд оролцогчдоо турхирч, сэтгүүлчидтэй түр тар хийж, "намын байр сууц"-аа илэрхийлж, "нөгөө авчирсан 25 хүнийхээ "юу"-г..." лайваар задалчих шахсан гэх мэтээр нэгэн өдрийг ард түмэнтэйгээ зугаатай өнгөрүүлсэн билээ. 


"Юу..."-г гэснээс Х.Нямбаатарын "баруун гар" гэгдэх Б.Сэргэлэнбаатар, "Үнэн ба зөв" намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг өнгөрсөн Баасан гарагт албадан саатуулжээ. Мань хоёр эр хамтарсан нэг компанитай гэдэг. Тэр компани нь бүр Сэлбэ дэд төвөөс хэдэн зуун тэрбумын тээндэр авсан сурагтай.


За тэр ч яахав...


Үнэндээ "Үнэн ба зөв" нам өнөөдөр Монголын парламентад суудалгүй намуудын рийтингийг тасархай тэргүүлж байна. Үргэлж идэвхитэй ажиллаж, завсаргүй лайвдаж, завгүй рийл хийж байгаа цорын ганц нам. Энэ нам парламентад суудалтай болох нь цаг хугацааны л асуудал. Ордны гадаа олон жил зогссон хүн одоо нэг дотор нь орох цаг болсон биз ээ. 


"Уйгагүй зүтгэл" хүнийг хөгжүүлдэг гэдгийг А.Отгонбаатар биеэрээ үлгэрлэж байна. Сайн ч менежер юм. Сайн ч ... за тэр яахав. Ер нь Нарантуулын босс тийм ч олон хүний толгойд буу тулгаагүй байх шүү л гэж хэлье. 


Харанхуй шөнө халаад таавчигтай хүүхэн Эх нялхасаас гарсанд бус халаад таавчигтай О дарга гэгээн цагаан өдрөөр талбай дээр гарснаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа буусан юм шүү. Тэр "хүсвэл" огцруулах ч жагсаал хийнэ, огцруулахгүй ч гэж жагсаал хийнэ. 

Талбай бол түүний дэвжээ. Жагсаал бол түүний дархан мэх. Хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ.


Өчигдөрхөн л таван ханатай гэрт цуйван сэгсэрч явсан залуу өнөөдөр талбай дээр улстөрчдийг "сэгсэрч" явна. 

"Манайд хоноё" нэвтрүүлгийнхээ нэг дугаарт жүжигчин Бооёог гэртээ уриад "Дарга нар асуудал дундаа амьдар. Гэр хорооллоос олон дарга нарыг төрүүл. Би гэр хорооллоос явахгүй. Энэ хавийнхантайгаа хамт өөрчлөгдтөлөө эндээс явахгүй" хэмээн итгэл төгс хэлж байна лээ. 


Бооёо: Чи яг хэлсэн шүү!
О дарга: Би явахгүй...


Дарга хорооллоос явсан ч хороолол нь даргаас яваагүй гэдэгт хамар хашааныхан нь найдаж хашаан дээгүүрээ харуулдан зогсдог биз ээ...


Сүүдрийн Засгийн газрын Ерөнхий сайд сүрт чуулган дээрээсээ 01 болон 02 захирамжаа гаргалаа. 

- Залуу гэр бүлд 100 сая төгрөг олго...

- Тэтгэвэрийг 1,5 саяд хүргэ...


"Шинэ" Засгийн газар "Мөнгө хэвлэх яам"-тай бололтой. Ядуу Монголчуудад яг хэрэгтэй яам даа. Ийм ганцхан яамтай байхад бусад яамаар ч яах юм билээ. 

Энэ яамных нь цэвэрлэгчээр ч болтугай ажилд ороод хэвлэсэн их мөнгийг нь шүүрдээд зогсож байх юмсан. 


Сэтгүүлч Ч.Явуухүү