sonin.mn
"Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд Монголын Үндэсний Сэргэн Мандалтын Намыг үүсгэн байгуулж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийг оролдсон ч бүтээгүй билээ.
 
Нэгэнт энэ хувилбар бүтэхгүй болсон учраас тэрээр Иргэний Зориг-Ногоон Намын дарга Ц.Ганхуягийн ахлах зөвлөхөөр ажиллах болсон юм.
 Ахлах зөвлөхөөр томилогдмогцоо л тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд ИЗНН бие даан оролцох ёстой гэсэн байр суурьтай байжээ.
 
Гэвч МАХН, ИЗНН, МУНН хамтран "Та, бидний эвсэл" байгуулан УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох болсон.
Үүнтэй холбоотойгоор "Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд ИЗНН-ын даргын ахлах зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр шийджээ.
 
Ингэхдээ УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформ байгуулж, нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалт, сурталчилгааны агуулгатай ажиллах ба өөрөө уг платформыг удирдах аж.
 
Уг платформ УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 76 нэр дэвшигчийг тухайн хүний боловсрол, ёс зүй, улс төрийн хүсэл эрмэлзэл зэргийг шалгуур болгон тодруулж, нэр дэвшүүлэх ажээ.
Т.Ганболд нь Монголын томоохон бизнес эрхлэгчдийн нэг бөгөөд өмнө нь МАН-ын бага хурлын гишүүн, ХҮН-ын даргаар ажиллаж байсан  юм.
 
Э.Мягмар