Таны минь алдар суу, ариун үйлс мөнхрөх болно
 
Монгол түмний хайртай суу билигт хүмүүн, үндэсний оюун санааны бахархал, сод ухаант, соён гэгээрүүлэгч, утга зохиолын сүмбэр оргил, билгүүн номч, дэлхийд танигдсан далай их эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэв багштан маань Билгийн тооллын арван долоодугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн хаврын дунд шаргачин туулай сарын аравны улаан хулгана өдөр, аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын гуравны өдөр өөрийн эрхэлдэг Монголын анхны зөгнөлт “Дал” сониныхоо ээлжит дугаарын нийтлэлийг бэлтгэж байгаад гэнэт ном туурвил бичлэгээ өндөрлөж, бийр янтай үзгээ хураан тавьж, бие лагшнаа үүрд орхиж диваажингийн оронд одсонд зүрх сэтгэл эмтэрч гүнээ эмгэнэн харуусаж, номын багшийнхаа агуу мэргэн ухаан, гэгээн уяхан мишээл, тусч өгөөмөр сэтгэл буянд нь үүрдийн үүрд бишрэн залбирч тэргүүнээ бөхийлгөн өвдөг сөгдөн мөргөж хүндэтгэлийн зулаа өргөлөө... Таны минь нэр алдар суу ард түмнийхээ сэтгэл зүрхэнд үүрд оршиж, ариун үйлс тань улам улмаар тодорч мөнхрөх болно оо.
 
Оюутан Л.Түдэвтэй анх танилцсан минь
 
1952 оны намар цаг. Малчин жинчний хүү бивээр Сэлэнгэ аймгийн Дархан сумын бага сургуулийг төгсчихөөд Улаанбаатар хот орж, арван жилийн тавдугаар дунд сургуулийн 5-ын “Г” ангид Говь-Алтай аймгийн Наран сумын бага сургуулиас ирсэн Лодонгийн Мунагайтай нэг ангид сурч эхэлсэн билээ. Аав нь манай сургуулийн мужаан хийнэ, бахимаг биетэй намхандуу нуруутай, өргөн шанаатай хүрэн бор царайтай, үргэлж л модны цавуу ханхалсан ажлын хувцастайгаа ангиудаар явж эвдэрч хэмхэрсэн ширээ сандал цуглуулж мужааныхаа өрөөнд авчирч засна. Мөрөвчтэй бэржээнхэн цүнхэндээ жижиг гар хөрөө, харуул, цүүц, алх бахь зэрэг багажаа мөн элдэв хадаас эрэг шураг, цавуугаа хийж үүрч явах... Тэр үед тавдугаар сургууль, нийгэм журмын үеийн Оёдлын үйлдвэрийн нэгдэл, эдүгээ цахим сүлжээ холбооны Мобиком компанийн худалдааны “ТЭДИ” гэдэг төвийн эзэмшил газарт хэдэн модон байшинд хоёр ээлжээр хичээллэдэг байв. Хичээлийн байруудын урд хэсэгт умраас урагш сунасан баруун тийшээ харсан орцтой багш ажилчдын орон сууцны намхан шавар байшингийн хойноосоо гурав дахь умгархан ганц өрөөнд мужаан Лодон гуай хоёр хүүгийн хамт амьдарна.
Ангийнхнаасаа нуруугаараа хамгийн намхан Мунагай бид хоёр ангийнхаа эхний ширээнд цуг сууна. Хоёулаа бие жоохон, нусаа татсан амьтад...ангийнхан биднийг “Хөдсөн дээлт, хөдөөний хөөсөн мантуунууд...бөмбөг тоглож мэдэхгүй, тэвэг ч өшиглөж чаддаггүй нусгайнууд...” гэж шоолж гадуурхана. Мунагай маань зураг сайхан зурна, их хэгжүүн, баялаг үг яриатай. Харин би хүүхдүүдийн шарыг малтаж егөөдөж хочилно. Түүнээсээ болж том хүүхдүүдэд шоглуулж, алгадуулж, духандаа няслуулж баахан уйлна. Харин хичээлдээ бол бид тэргүүлж байлаа. Сард хоёроос доошгүй удаа заасан хичээлүүдээр шалгалт авдагсан. Бид хоёр хамгийн түрүүнд тоогоо бодчихоод эсвэл хэл бичгийнхээ дасгал зохион бичлэгийг хийчихээд ангиасаа түрүүлээд гарч тоглоно. Заримдаа өлсөөд Мунагайгийндаа очиж, гурил зуурч пийшингийн ширмэн дээр нь хагас дутуу болсон бин хайрч идчихээд дараагийнхаа хичээлд гүйгээд очно. Бас бид хэдүүлээ хичээлээ тараад тэднийд очиж тоглодогсон.
 
Тэр бүхэнд энгэртээ хос хармаатай цэргийн дарга нарын ногоон цамцан дээр өргөн хүрэн суран бүс бүсэлсэн цэмцгэр хувцастай, үргэлж л мишээсэн дөлгөөн зантай ах Түдэв нь цонхныхоо дэргэд нэг жижигхэн ширээн дээр зөндөөн ном дэлгэчихсэн цаашаа хараад уншаад л суудагсан. Наана нь бид хорол, шагайгаар тоглоцгоон бөөн шуугиан болж бас заримдаа маргалдаж ноцолдож байхад ах Түдэв нь огт анзаарсан шинжгүй ном л уншиж тэмдэглэл их бичнэ.
 
Мунагай бидэнд хэлэхдээ, “Манай ах Багшийн сургуульд сурдаг оюунтан, гэртээ ирээд цайгаа ч тайван уучихгүй дандаа л ном шагайж суудаг, ганц ч удаа гарч кино үзчихдэггүй юм. Мундаг зохиолч, бичгийн эрдэмтэн хүн болох байх аа даа...” гэж хүүхэд зангаараа цагаахан сэтгэлээр хэгжүүхэн ярихад нь бид ч бас л тоомжиргүйхэн “Аа, тийм үү” гэсхийгээд өнгөрдөг байлаа.
Ингэж л би, одоогоос жаран найман жилийн тэртээ Мунагай найзынхаа ач буянаар ирээдүйн их эрдэмтэн зохиолч доктор Л.Түдэв багштайгаа азтай сайхан учирлаар анх танилцаж байснаа эргэн дурсахад баяртай байдаг юм.
 
Төр, нийгмийн албанд Л.Түдэв даргатай мөр зэрэгцэн зүтгэсэн үе
 
Эрдэмтэн Л.Түдэв 1975 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдож, тасралтгүй найман жил ажилласан билээ. Тухайн үед миний бие, Улаанбаатар хотын Ажилчин, Найрамдалын районы Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН)-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албыг хашиж, БНМАУ-ын Ардын Их хурлын депутатаар сонгогдож, эртний танил зохиолч Л.Түдэвтэй Намын их хурал, бүгд хурлууд, Ардын Их Хурлын чуулган, төр олон нийтийн төв байгууллагуудын хурал зөвлөгөөн болон үйлдвэр, аж ахуй, соёл гэгээрлийн газруудад олонтаа уулзалдаж, санал бодлоо солилцох завшаан тохиож байлаа. Үүнээс зарим баримт дурдвал,
Ажилчны районы намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа, 1978 оны тавдугаар сард хуралдсан МХЗЭ- ийн XVIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцоод тус их хурал өндөрлөсөн 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, МХЗЭ- ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв нартай нүүр тулж уулзан санал болгосноор нам, эвлэлийн хоёр том дарга манай районы эвлэлийн байгууллагаас их хуралд сонгогдсон төлөөлөгчидтэй хамтдаа гэрэл зураг татуулсан нь эдүгээ хувийн архивын минь үнэт нэгэн баримт болон хадгалагдаж байна.
Мөн Ажилчны районы намын даргаар ажиллаж байхдаа, тус районы хөдөлмөрчдөөс нийслэлийн Залуучуудын соёлын төв (Одоо Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, дуу бүжгийн “Улаанбаатар” чуулга, “Этүгэн” их сургууль зэрэг газрууд байрлаж буй төв)-ийг барих хөрөнгө хуримтлалд 100 мянган төгрөг бэлэглэснийг 1981 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр МХЗЭ-ийн Төв хорооны товчооны хурал дээр нэгдүгээр нарийн бичгийн дарга, уг соёлын төвийг барих ажлыг эрхлэх штабын дарга Л.Түдэвт гардуулж байлаа. Энд би хэлсэн үгэндээ, Ажилчны районд эрчим хүч, барилга, хөнгөн, хүнсний салбарын олон үйлдвэр сургууль соёлын газрууд төвлөрсөн 20 гаруй мянган залуучууд ажиллаж амьдарч суралцаж байгааг харгалзан Нийслэлийн залуучуудын шинээр барих төвийг тус районы нутаг дэвсгэрт, тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын талбайд барьж байгуулж өгөхийг санал болгож байсан билээ.
 
Номын багш, шавийн барилдлага тогтоосноо дурсах нь
 
Молхи инженер, "Олдой битигчи”- бяцхан бичигч бивээр, ажил амьдралын туршлагадаа тулгуурлан “Он цагийн дуртгал” хэмээх цуврал түүхэн баримтын дөрвөн ном хэвлүүлээд бага насанд минь тохиосон нэгэн дурсамж болох 1945 оны намар манай өвөлжөөнд орогнож байгаад аавд маань баригдаж, манайх гэртээ хэд хоног байлгаж тэнхрүүлсэн Японы олзны оргодол нэг цэргийн тухай баримт түшиж бичсэн дээрх цувралын тав дахь бүтээл “Илдийг итгэлээр солихын эхэнд” гэдэг номоо бичиж дуусгаад хянан тохиолдуулагч (редактор) эрэлхийлж байсан үе буюу 2006 онд юмсан. Манай орон шинэ нийгмийн тогтолцоонд шилжиж, олон улсын харилцаанд нааштай өөрчлөлт гарч эхэлсэн ч бас л ээдрээтэй байсан үед Монгол, Японы харилцаанд холбогдох тун эмзэг сэдэв бүхий энэ номыг хянан тохиолдуулах хүн тэр бүр олдохгүй нэлээд хугацаа өнгөрөв.
 
Ингээд дээрх номоо хянан тохиолдуулуулахаар дотнын танил эрдэмтэн зохиолч Л.Түдэв докторыг сонгож товлоод тэр их хүмүүн бага бичээч намайг ер нь тоох болов уу даа хэмээн эргэлзсээр байсан ч санаа шулуудаж, гэрийн нь утсаар холбоо барьж учирлатал, харин доктор маань ихэд танимхайрч, “Таны номуудыг үзсээн...үзсэн... баримт түшсэн, бичлэг нь энгийн уншигчдад ойлгомжтой болсон байна билээ. Цааш нь бичээд байгаарай” гэж урам хайрлав.
 
Молхи бичээч бивээр их зохиолчид шавь орохоор шийдсэнээ дуулгаж, уулзах саналаа хэлэхэд, утасны цаана хэсэг зуур бодолхийлснээ “Би ойрын үед танд хариу хэлье” гэв.
Л.Түдэв доктор маргааш нь гэрийн утсаар ярьж, “Танд (Багш намайг үргэлж “Та” хэмээн хүндэлж ханддаг байв) боломж байвал 14-ний өдөр (Энэ бол 2006 оны арваннэгдүгээр сарын 14 юм) 12 цагт “Үнэн” сонины газар ирнэ үү, би өрөөндөө хүлээж байя!” гэж билээ.
Ингээд би гэрэл зураг сонирхогч дунд хүү Д.Наранбаатарыгаа дагуулаад товлосон өдрийн цагтаа хүрч очив. “Үнэн” сонины төв байрны гуравдугаар давхрын хонгилоор баруун гар тийш эргэж, хамгийн мухрын “Хөдөлмөрийн баатар доктор Л.Тудэв” гэсэн жижигхэн хаягтай 305 дугаартай өрөөнд зөвшөөрөл аваад ороход дөрвөлжин оёостой хөх өнгийн хөвөнтэй гадуур хүрэмтэй сууж байсан Л.Түдэв доктор маань ихэд танимхайрч нүүрэндээ мишээл тодруулан босож ирээд гар барьж мэндэлж байсан нь сэтгэлд тод хоногшин үлджээ.
 
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их эрдэмтэн зохиолчийн ажлын өрөө гэхэд арай ч дээ гэмээр... аль ч талаасаа нар үздэггүй хойшоо харсан ганц цонхтой, чийг даасан жихүүн мухрын өрөө байв. Монголын сэтгүүл зүйн тэргүүн Л.Түдэв доктор бол нам төрийн төв хэвлэл “Үнэн” сонины энэ том ордныг санаачилж бариулсан хүн шүү дээ... Гэтэл...гэтэл... Тэр умгархан өрөөний хоёр хана дагуулан байрлуулсан шар хүрэн өнгийн өндөр шүүгээнүудэд “Үнэн" сонины олон жилийн дугаарууд мөн хавтаст бичгүүд дүүрэн хураалттай, тэрүүхэн хоймор хавьцаа мөнөөх ганц цонхны наахна бичгийн хуучин ширээн дээр бөөн ном, сонин, сэтгүүл бичиг цаас байх ажээ.
 
Зүүлбэр тодотгол: Эрдэмтэн Л.Түдэв докторын ажлын энэ өрөөндөө хэрхэн ажиллаж байсныг Ардын уран зохиолч Д.Цоодол багш ингэж шүлэглэжээ:
 
Уйтан, харанхуй, намхан, мартагдсан мэт өрөөнд
Ундуй, сундуй ном, бичиг, цаасан дунд
Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж
Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна гэсэн мөрүүд бол багш бидний нүүр тулж анх уулзсан тэр өрөө, мөнхүү агшинг яг л тэр чигээр нь буулгаж онож шүлэглэсэн байдаг юм.
Монголын оюун санааны сүмбэр оргил болсон их соён гэгээрүүлэгч ухаант мэргэн багшийг маань ардчиллын үеийн төр засаг эхнээсээ л ингэж анхаарамжгүй, халамжлалгүй орхисонд гомдож харамсаад баршгүй ээ...
Бидний уулзалтын тухай цааш үргэлжлүүлэн үгүүлэх ину,
 
Би Л.Түдэв докторт хандаж:
“Жирийн инженер, молхи бичээч бивээр, Эрхэм хүндэт Таныг номын багшаараа сонгож, багш-шавийн барилдлага үүсгэж байгааг минь болгоон соёрхоно уу!” гэж хэлээд хүндэтгэлийн шар хадаг барихад Л.Түдэв доктор босож хоёр гардан авч тэргүүндээ хүргэж ёсолсноор бид багш-шавийн барилдлага тогтоож билээ. Тэгээд би, багшид “Он цагийн дуртгал" цувралын эхний дөрвөн номоо бэлэглэж, бид сайхан хуучилж өрнүүн дэлгэр сэдвээр хөөрөлдсөн дөө.
 
Багш ярьсан нь: “Би ажлаа бүрэн өгөөд бие даасан чөлөөт уран бүтээлч болж байна аа. Одоо гэртээ “Бүтээлийн чуулган”-аа үргэлжлүүлж, “Дал” сонингоо дагнан гаргахад сайхан боломж гарч байна. Энэ өрөөний шүүгээнүүдэд “Үнэн” сонины 1920 оны анхны дугаараас эхлээд бүх дугаар нь он оноороо үдээстэй хадгалагдаж байдаг юм. Би үүнийгээ л найдвартай газарт, сэтгэлтэй хүний гарт өгч хадгалуулахаар өдий хүртэл манаж сууна даа... Энд долоо хоногт хоёр, гурван удаа ирж, архивт найдвартай хадгалагдах хоёр дахь эх биет баримт үлдээх зорилгоор “Микрошиф” гэдэг технологиор цахим хальсанд “Үнэн” сониныхоо дугаар бүрийг нь буулган хуулуулж байна. Харин энэ өгөр техник нь заримдаа гацаж доголдоод манайхан тэр бүр засаж мэдэхгүй ажил саатаад байх юм” гэж сэтгэл зовинонгуй ярьж байлаа.
 
Эндээс ургуулан бодоход, энгийн гэхэд дэндүү энгийн энэ эрдэмтэнд тэр ажлын өрөөний тохь тух ч яамай л байж дээ...Харин эх орны маань түүхэн хөгжлийн оргил үеийн хамгийн чухал баримт болох “Үнэн" сонингоо иж бүрдлээр нь авч үлдэж хамгаалахад л хамаг сэтгэлээ зориулж явж дээ, муу багш минь...
Би, “Он цагийн дуртгал” цувралын тав дахь нь болох “Илдийг итгэлээр солихын эхэнд” гэдэг номынхоо хэвлэлийн эх бэлтгэлийг Л.Түдэв багшид барьж, “Энэ номоо бага насны ой дурсамжаа сэргээж бичихийг хичээлээ. Олон жил нам засгийн шат шатны байгууллагын илтгэл, тогтоол, дүрэм заавар бичсээр байгаад “модон хэлтэн” болсноо нуух юун. Үнэндээ ном бичлэгт нуугсан эх монгол хэллэг дутагдаад байх юм аа надад. Нөгөөтэйгүүр нийгмийн шилжилтийн энэ эгзэгтэй цаг үед хоёр орны харилцааны нааштай өөрчлөлтөд энэ ном ямар байдлаар нөлөөлөх бол оо... гэсэн болгоомжлол байх юм. Иймд багш Та үзээд өгнө үү” гэсээр номын эхийг барив.
 
Багш Л.Түдэв доктор зөвлөсөн нь: “Хүмүүс, XXI зуунд зохиож бичдэг учраас уран зохиол сонирхох нь багасаж харин түүхэн баримтын зохиол зонхилж уншина. Учир нь, цахим технологи эрчимтэй хөгжиж түүний сүлжээгээр сонирхсон ном сониноо сонгон уншиж, сонирхсон мэдээллээ шууд авдаг болно гэж би бүр 1960-аад онд хэлж байлаа. (Доктор Л.Түдэвийн 1960-аад онд хэлсэн энэ айлдварыг тэр үеийнхээр нь буулгавал: “Энэ XX зууны төгсгөлд баримт жинхэнэ аминд ордог болно. Янз бүрийн хийсвэр зүйл, чамирхал амьдралаас хаягдана” гэж бичиж байжээ). 
 
 
Ж.Дашдаваа  /Инженер, зохиолч Жинчин/
Үргэлжлэл бий...
 
 
Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн XVIII их хуралд УБ хотын Ажилчин районы эвлэлийн байгууллагаас сонгогдож оролцсон төлөөлөгчид. Монгол Ардын Хувьсгалт Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, МХЗЭ-ийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв нарын хамт.
Жанжин Сүхбаатарын талбай.
1978 оны тавдугаар сарын 27-ны өдөр.