sonin.mn
Хил хамгаалах байгууллагын авто парк шинэчлэл ямар түвшинд байгаа талаар Хил хамгаалах ерөнхий газрын Зэвсэг, инженер, техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ууганбаяртай ярилцлаа.
 
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хил хамгаалах байгууллагад парк шинэчлэл хийхээр тусгасан. Хэрэгжилт ямар байна?
 
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.13-т хилийн салбарыг пикап загварын автомашинаар хангахаар тусгасан. Энэ хүрээнд 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хилийн дөрвөн салбарт “Ланд круйзер-78” загварын автомашиныг худалдан авч, тусгай томилгоот бүлгийн зориулалтаар тоноглон хилчид ашиглаж байна.
Тус автомашин нь туулах чадвар, эдэлгээ сайн байгаа тул 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр “Ланд круйзер-70” серийн автомашиныг худалдан авч хилийн боомт, алслагдсан хилийн салбар, хилийн цагийн байдлын өрнөлт ихтэй ангиудыг хангахаар төлөвлөн тендер зарлаад 16 нэгж техникийг худалдан аваад байна. “Ланд круйзер-70” серийн автомашиныг гадаадын улс орнууд уул уурхай, хөдөө ажилд түлхүү ашигладаг тул чанар, эдэлгээ, туулах чадвараараа шалгарсан техник юм. Энэ онд нийт 61 нэгж техник худалдан авч, хилийн салбарыг хангана.
 
-Монгол Улсын хилд үүрэг гүйцэтгэж буй хилчид өнөөдөр ямар уналгатайгаар улсын хил хамгаалж байна вэ?
 
-Улс орны эдийн засгийн байдлаас болоод сүүлийн жилүүдэд хил хамгаалах байгууллагад парк шинэчлэл хийгээгүй. Хилчид хил хамгаалалтад ОХУ-д үйлдвэрлэсэн “ГАЗ-66” загварын автомашин ашигладаг байсан нь 2000 онд эдэлгээний хугацаа нь дууссан. Ингээд 2007 онд хилийн салбарын парк шинэчлэлийг иж бүрнээр нь шийдэж “УАЗ-39094” фермер, “УАЗ-31512” загварын автомашинаар хангасан. Эдгээр автомашины эдэлгээний хугацаа мөн дуусч, дахин засварлахад эдийн засгийн үр өгөөжгүй болсон тул өнгөрсөн оноос үе шаттайгаар хилийн салбарыг Япон улсад үйлдвэрлэсэн “Ланд круйзер” загварын автомашинаар хангаж эхлээд байна. Ийн 2020 онд хилийн салбарын 30 хувийг шинэ автомашинаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.
 
-Дээхэн үед хилчид морь, тэмээгээр улсын хилийг хамгаалдаг байсан. Энэ дүр төрхийг бүрэн халсан уу?
 
-Хил хамгаалах байгууллагын удирдлага хил хамгаалалтад орчин үеийн техник, технологи ашиглах бодлого баримталж байгаа. Энэ бодлогын хүрээнд үе шаттайгаар хилчдийн уналгыг төр, засгийн дэмжлэгтэйгээр шинэчилж байна. Улсын хилийн хэсгийн хувьд говь цөл, ой тайга, тал хээр, уулархаг газар орон эзэлдэг. Газар орны онцлогоос шалтгаалж говь, цөлийн бүсэд автомашин техник явахад хүндрэлтэй элсэн манхан, ой тайга, уулын хэсэгт намаг шавар газар орны нугачаа ихтэй байдаг бөгөөд автомашин техник явах боломжгүй. Тиймээс хилийн манаандаа уламжлалт хил хамгаалалтын арга хэлбэрийг давхар ашиглаж байгаа.
 
-Тусгай зориулалтын техник хэрэгслийн хувьд?
 
-Автомашин техник үүрэг гүйцэтгэхдээ тохирсон техник хэрэгслээр тоноглогддог. Тухайлбал, холбоо зохион байгуулах зориулалтаар автомашиныг холбооны техник хэрэгслээр, хяналт зохион байгуулах зориулалтаар радио лакацийн болон теле камерын хэрэгслээр тоноглох гэх мэт. Манай байгууллагын хэмжээнд тусгай зориулалтын техникүүд нь хуучнаар ЗХУ-аас тусламжаар 1980-аад онд авсан техникүүд байдаг. Эдгээр техникийн хугацаа норм дуусч ашиглалтын шаардлага хангахгүй болж байна. Тухайлбал, хил хамгаалах байгууллагын хэмжээнд зам гүүрийн зориулалттай автомашин шаардлагатай байна. Мөн холбооны, дохиолол хамгаалалтын хэрэгслээр тоноглогдсон автомашинууд ч байгууллагын хэмжээнд дутагдалтай байгаа. 
 
-Буйр нуурын усан хил хамгаалалтад хилчид ямар техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна вэ?
 
-Усан хил хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд усны болон дөрвөн дугуйт мотоцикль, хөнгөн хөлөг, цасны чаргыг 2019 онд авч хил хамгаалалтад ашиглаж эхлээд байна. Хилчид зуны цагт усны мандал, өвлийн цагт нуурын мөсөн дээр үүрэг гүйцэтгэх уналгатай болсноор тухайн хэсгийн хил хамгаалалт сайжирч улам төгөлдөржсөн. 
 
-Цаашид парк шинэчлэлийн хүрээнд баримтлах бодлого?
 
-Хил хамгаалах байгууллагын парк шинэчлэлийн асуудал Монгол Улсын хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогод эрх зүйн хувьд тусгагдсан. Тиймээс хил хамгаалах байгууллагын парк шинэчлэл хөтөлбөрийг боловсруулж, холбогдох байгууллагуудад санал хүсэлтээ тавиад эхнээсээ амжилттай шийдэгдэж байна. Цаашид хилийн манааны уналга, хилийн ангийн хүн тээвэр, ачаа тээврийн автомашиныг шинэчилнэ. Тэвштэй машин дээр хүн тээвэрлэдэг байсныг халж, том, дунд, бага оврын автобусаар хилийн ангиудаа хангахаар зорьж байна.
 
 
Н.Даян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин