sonin.mn
Монголын сэтгүүлзүйн салбарт эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бичлэгийн төрлөөр танигдсан авьяаслаг сэтгүүлч, чадвартай удирдагч Бизъяагийн Оюунгэрэл зуурдаар таалал төгсөж, Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. 
Б.Оюунгэрэл нь 1971 онд Төв аймгийн Борнуур суманд төржээ. 1993 онд МУБИС-ийг Хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, улмаар 79 дугаар сургууль, Био Комбинатын 10 дугаар сургуульд тус тус Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байлаа.
Харин 1998 оноос Монголын сэтгүүлзүйн салбарт хөл тавьж, мэргэжлийн сэтгүүлчийн ур чадварыг харуулж, өдөр тутмын сонины гал тогоонд хянагчаас эхлээд Ерөнхий эрхлэгч болтлоо өсөн дэвжиж ажилласан чадварлаг сэтгүүлч байв. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, залуу үеийнхээ олон арван сэтгүүлчийг чадалтай, чадвартай сэтгүүлч болгон бэлтгэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулж байсан юм. 
 
Тэрээр сэтгүүлзүйн салбарт ажиллах хугацаандаа олон арван шилдэг нийтлэл, ярилцлага, өгүүлэл туурвиж байсан авьяаслаг уран бүтээлч байлаа. "Өдрийн шуудан" сонинд Эрэн сурвалжлах албаны дарга, “Улс төрийн тойм” сонинд Хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Шонхор” телевизэд Мэдээний албаны дарга, Ерөнхий редактор зэрэг чухал ажил, албуудыг нэр төртэйгөөр хашиж байжээ.
 
Түүнчлэн Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яаманд Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж байсан бол 2020 оноос эхлэн “Содон мэдээ" ХХК, “dardas.mn” сайтын Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Талийгаач нь Үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Монголын мэдээ” сонины тулгыг өрөлцөж, түүхт 20 жилийнх нь ойгоор Ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байсан өдөр тутмын сонины нэгэн том төлөөлөл, бичгийн хүмүүн байлаа.
Б.Оюунгэрэл нь Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Монголын сэтгүүлзүйн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулж байжээ. Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, бусдын төлөө цохилох халуун зүрх сэтгэл, манлайлах ур чадвар, бусдад зөвөөр үлгэрлэж чаддаг тусч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
 
 
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ