sonin.mn

Арай ч дээ гэмээр юм цаана чинь болж байна. Орос “ах” нар саяхан болсон хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дээр өр биш, эд хөрөнгөө нэхсэн байх юм. Уг нь өнөөдөр Монголд хойд хөршийн хөрөнгө гэж (УБТЗ нийгэмлэг болон “Эрдэнэт”, “Монросцветмет” зэрэг хамтарсан үйлдвэрийн хувийг эс тооцвол) байхгүй баймаар.

 

Гэтэл оросууд аль социализмын үеийн, цаг хугацааны элэгдэлд ороод сүйрэх нь сүйрч буйр нь үлдсэн, хөдөө гадаа сүг болсон хэдэн объект бүхий эд хөрөнгөө нэхжээ. Хөгжиж буй манайх шиг жижиг улсын дэргэд дэлхийн тэргүүлэх гүрний нэг Орос улс зангарагаа ч бодсон ийм зүйл нэхэх нь ёстой л онигоо мэт.

 

Энэ нь цаанаа улстөр болон эдийн засгийн ямар нэг бодлого, стратегитай холбоотой байлаа ч ийм юм нэхэж даврахад нэхсэнийг өгч, улс орныхоо эрх ашгийн төлөө дуугарч чадалгүй, үгэнд нь орсоор ирсэн манай удирдагчид бас буруутай. Орос өрөө нэхэхэд, Монгол Улс төлсөн. Уг нь “Их өр"-ийг төлөх ёсгүй байсан талаар манай төр, иргэний нийгмийн учир мэдэх хүмүүс тухайн үед бишгүй хэлж байсан.

 

Юу гэвэл Орос улс хуучин дэглэмийн үед манай улсыг түүхий эд бэлтгэгч хавсарга орон мэтээр үзэж Мардайн уран, Цэнхэрмандалын цайр, цагаан тугалга зэрэг манай баялгийг бишгүй зөөсөн. Мөн тухайн үеийн үзэл сурталчилсан улстөрийн байдлаас болж манайд ЗХУ-ын цэргүүд их хэмжээгээр байрлаж, тэр хэмжээгээр байгаль сүйтгэж, тэр нь явсаар өнөөгийн манай экологийн тэнцвэрт бус байдлын эхийг тавьсан гэж мэргэжлийн хүмүүс үздэг.

 

Энэ бүх хор уршгийн өр төлбөрийг бид нэг соц системд байсан Унгар улс ЗХУ-аас экологийн хохирол, Польш болон Эстон, Латви зэрэг балтийн улсууд хэлмэгдлийн төлбөрөө тооцсон шиг авах ёстой байсан гэдэг. Орос улс манай орны анагаахын салбараас аваад бүхэл бүтэн шинжлэх ухааныг хөгжүүлж, аж үйлдвэржүүлсэн түүхэн гавьяа бий.

 

Харамсалтай нь том зах зээлд зориулсан жижиг орны тэр аж үйлдвэр зах зээлд сөнөсөн. Гэвч оросууд өнөөдөр хэдэн объект нэхэх болсон нь уул уурхайн төслүүддээ оролцуулсангүй гэх мэт эдийн засгийн гэхээсээ илүү улстөрийн хилэгнэлээ жаахан зүйлээр ч гэлтгүй гаргачихсан юм бишүү.

Ц.Нямдорж

 

Эх сурвалж: "Бизнес таймс"