НЬЮ-ЙОРК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд мягмар гарагт үг хэлэх бөгөөд энэ нь түүний хувьд тав дахь удаагийнх болох юм. Гэсэн ч тэрбээр анх удаа хуралдааны индрээс бус дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэх гэж байна.
Коронавирусний цар тахалтай холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулган явагдах хэлбэрт зохицуулалт хийжээ. Тодруулбал, дэлхийн удирдагчид НҮБ-ын төв байранд цугларахгүй бөгөөд үйл ажиллагаанд зайнаас оролцох юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, чуулганд В.Путин үг хэлэх үеэрээ дэлхий дахин цар тахал болох урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч, түүнээс үүдэлтэй даамжирч буй олон асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх аж.
 
Цахим хэлбэрээр явагдах үйл ажиллагаа ба урьд өмнө нь байгаагүй олон удирдагч
 
НҮБ үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор энэ удаагийн чуулган нэлээд далайцтай болох ёстой байв. Гэсэн ч коронавирусний цар тахлын улмаас чуулганыг шинэ хэлбэрт тохируулан явуулахаар болжээ. Тодруулбал, бүх удирдагчийг урьдаас бэлтгэн үг хэлсэн дүрс бичлэгээ явуулахыг хүсжээ. Тийнхүү энэ удаагийн чуулган түүхэндээ хамгийн өргөн цар хүрээг хамарсан цахим арга хэмжээ болох юм. Харин Ерөнхий ассамблейн танхимд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкыр, НҮБ-ын дэргэдэх улс орнуудын байнгын төлөөлөгчид л байх аж.
Ийм хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагийн улмаас Ерөнхий ассамблейн үеэр уламжлал болгон зохион байгуулагддаг хоёр талт уулзалтын үеэрх удирдагчдын “харилцаа холбоо тогтоох” онцгой боломжийг улс орнууд алдаж байгааг олон дипломатч цохон тэмдэглэж байна. Нөгөө талаас ийм хэлбэрээр явуулах болсон нь нэгэн эерэг талыг харуулжээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэхдээ, “хэлэлцүүлэгт урьд өмнө нь байгаагүй олон улс орны удирдагч оролцоно. Учир нь бичлэгээ явуулах нь Нью-Йоркт биечлэн ирэхээс илүү хялбар” гэжээ. Урьдчилан тооцоолсноор, дэлхийн 119 орны удирдагч, засгийн газрын 54 тэргүүн цахимаар үг хэлэх аж.
 
 
 
Уламжлал ёсоор дэлхийн удирдагчдаас хамгийн түрүүнд Бразилын Төрийн тэргүүн дэлхий дахинд хандан үг хэлнэ. Түүхэндээ хамгийн анх Бразилын төлөөлөгч Лондон хотод 1946 онд болсон Ерөнхий ассамблейн хуралдаанд зориглон үг хэлж байжээ. Бразилын Ерөнхийлөгч үг хэлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэх аж.
 
 
 
Хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин долоо дахь удирдагчийн дараа үг хэлэх аж. Энэ өдөр Турк, БНХАУ, Куба, Иран, Франц, Египет, Мексик болон бусад улс орны удирдагч үг хэлнэ. Харин хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар үг хэлэх аж.
Беларусь улсыг тус улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей төлөөлнө. Германыг мөн Гадаад хэргийн сайд Хайко Маас төлөөлнө. Баасан гарагт Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, бямба гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар үг хэлнэ. 
 
Зөвхөн цар тахалд анхаарлаа хандуулахгүй
 
Ихэнх удирдагч коронавирусний цар тахлын талаар үг хэлэх нь тодорхой. Энэ сэдэв нь иймэрхүү гамшигт аливаа улс орон бэлтгэлтэй байх тухай хэлэлцүүлгийг эхлүүлээд зогсохгүй орчин үеийн сорилтод НҮБ шуурхай арга хэмжээ авах боломжийн талаарх асуудал хурцаар тавигдах юм.
Цар тахлын талаарх сэдвийг 9 дүгээр сарын 24-нд болох Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хөндөхөөс гадна 9 дүгээр сарын 30-нд энэ сэдвийг хөндсөн тусдаа арга хэмжээ цахим хэлбэрээр болно. Энэ уулзалтад ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус, “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс нар оролцоно. Бүх улс оронд эмийн бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх, өвчний вакцины талаарх асуудлууд гол сэдвүүдийн нэг байх болно. Зарим орон вакциныг зөвхөн өөртөө авахыг оролдож буйг “вакцинализм” гэж нэрлэж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нэг бус удаа мэдэгдсэн юм.
 
Үүнээс гадна НҮБ-д тулгамдаж буй бусад асуудлаар өөр хэд хэдэн уулзалт болно. Улс орнууд 9 дүгээр сарын 24-нд уур амьсгалын өөрчлөлт, хорт хаягдлыг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэх бол 9 дүгээр сарын 30-нд НҮБ-д анх удаа биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудлаар дээд хэмжээний уулзалт болох юм. Харин 10 дугаар сарын 1-нд болох дээд түвшний уулзалтын гол сэдэв нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх асуудал байах юм.
Өндөр дээд түвшний уулзалтын долоо хоногийн үеэр Ираны цөмийн хэлэлцээрийн сэдвийг хөндөх бөгөөд энэ асуудалд хоёр дахь жилдээ дараалан онцгой анхаарал хандуулж байна. Ираны эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг дахин авахуулахыг АНУ хэдэн сарын туршид зорьж байгаа юм.  Үүнтэй холбоотойгоор Д.Трамп төдийгүй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний бусад гишүүдийн(Иран, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман) үг ихээхэн сонирхол татаж байгаа юм.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг