sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний цар тахал нь НҮБ-ын гүйцэтгэх үүрэг дэлхий дахинд чухал ач холбогдолтой болохыг харуулж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
“Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойших нэг ч хямрал НҮБ гэдэг байгууллага оршин тогтнож буй нь ийм чухал ач холбогдолтой болохыг цар тахал шиг харуулаагүй” гэж тэрбээр мэдэгдэхийн сацуу энэхүү нийтлэг аюул заналхийллийг хамтын арга замаар л зохицуулах боломжтойг цохон дурджээ.
Үүнтэй холбогдуулан коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой “COVAX” олон улсын механизмд улс төрийн, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг ДЭМБ-ын тэргүүн улс орнуудад уриалжээ.
 
 
 
“COVAX” механизмын нэг хэсэг болох коронавирустэй тэмцэх арга хэрэгслийн хүртээмжийг хурдасгах “ACT Accelerator” санаачилгын хэрэгцээнд улс орнууд нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн хэдий ч нийт 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хэрэгцээтэй байгааг Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэв.
 
 
 
"Дэлхий дахинд нийт 200 орчим вакцины хөгжүүлэлт хийгдэж байна. Цар тахлаас үүдэлтэй хямрал дэгдэж эхэлснээс хойш л ДЭМБ вакцин гарган авахад дэлхий нийтээрээ хүчин чармайлт тавихыг дэмжсээр ирсэн. Одоогоор хөгжүүлж буй вакцинуудын алиныг нь ч амжилттай гэх баталгаа байхгүй. Вакцины туршилтууд хийгдсээр байх тусам аюулгүй, үр дүнтэй бэлдмэл гарган авах боломж илүү өндөр байна" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэлээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг