sonin.mn
МИНСК. /TASS/. Александр Лукашенко Беларусийн Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орлоо гэж тус улсын төрийн мэдээллийн БелТА агентлаг мэдээлжээ.
 
 
 
Тус агентлагийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Тусгаар тогтнолын ордонд болж, хэдэн зуун хүн оролцсон байна. Лукашенко Үндсэн хууль дээр гараа тавин беларусь хэлээр тангараг өргөснийхөө дараа тангараг өргөх ёслолын тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүний дараа Беларусийн Сонгуулийн төв хорооны дарга Лидия Ермошина түүнд ерөнхийлөгчийн үнэмлэх гардуулсан байна. 
 
 
 
Тангараг өргөх ёслолд Беларусийн өндөр албан тушаалтнууд, парламентын гишүүд, төрийн байгууллагуудын болон орон нутгийн удирдлагууд, улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга нар, мөн шинжлэх ухаан, соёл, спортын зүтгэлтнүүд оролцжээ.
Тангараг өргөх ёслолынхоо үеэр Лукашенка беларусьчуудаар бахархах сэтгэлээр ерөнхийлөгчийн үүрэгт ажилд орж байгаагаа мэдэгдсэн байна. 
Түүний хэлснээр, наймдугаар сард болсон сонгуулийн үеэр Беларусийн ард түмэн зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөд зогсохгүй улс орныхоо тайван амьдрал, бүрэн эрхт байдлыг хамгаалсан байна. "Бид зөвхөн улс орныхоо ерөнхийлөгчийг сонгоод зогсохгүй бид өөрсдийн үнэт зүйл, тайван амьдрал, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо хамгаалсан" гэж Лукашенко хэлжээ.
Тэрбээр ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон өдрийг беларусьчуудын итгэл төгс ялалтын өдөр гэж нэрлэв. Лукашенко мөн улс орон, ард түмэндээ үнэнч хэвээр үлдсэн беларусьчуудаас нүүр буруулах эрхгүй гэж мэдэгдээд, нийгмийн бодлого нь Беларусийн нэрийн хуудас хэвээр байх болно гэж амлав.
Тангараг өргөх ёслолыг олон нийтэд зарлаагүй учир Лукашенкагийн үүрэгт ажилдаа орсон тухай мэдээлэл Беларусийн иргэд, сэтгүүлчдийн хувьд гэнэтийн зүйл байв. Лукашенко наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарласан боловч сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг эсэргүүцсэн юм.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг