sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.
 
Дархан-Уул аймгийн иргэн Ч.Лхагвасүрэн:
 
 
“…Би 2017 онд Дархан-Уул аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаад халагдсан. 2017 ондоо гурван шатны шүүхээр ялалт байгуулаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаар дамжуулаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиийн дагуу хамгийн эцсийн арга хэмжээ болох Засгийн газраас томилогддог албан тушаалтан шүүхийн шийдвэр биелүүлэхгүй бол Засгийн газрын хуралдаанаар оруулна гэдэг хуулийн заалт хүртэл явсан. Одоо болтол ажилдаа орж чадаагүй. Гурван жил найман сар буюу дөрвөн он дамжаад явж байгаа хүн байна. Монгол Улсад хууль гэдэг зүйл байгаа юм уу? Төрийн албыг төрлийн алба болголоо гэж ярьдаг байсан бол одоо төрлийн алба нь гүнзгийрч, гэр бүлийн алба болох гээд байна шүү дээ.”
 
Дархан-Уул аймгийн иргэн Хүрэлээ:
 
 
“…Ахмадууд бол хийх үедээ хийж, цэл залуу насандаа Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцэж явсан хүмүүс. Ахмадууд маань юу хүсэж байна вэ гэхээр, тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэврийн доод хэмжээг тэнцүүлээд өгөөч гэсэн илэрхийлэл байдаг юм аа. Тэр нь юу гэхээр, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоод өгөөч гэсэн хүсэлт юм. Та үүнийг сэтгэлдээ болгооно уу.”
 
Дархан-Уул аймгийн иргэн Пүрэвдорж:
 
 
“…Би Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн багш нарын төлөөлж байна. Манай сургууль уул уурхай, эрчим хүчний чиглэлээр техникчид бэлтгэдэг. Харин “Дархан өргөө” политехник коллеж нь барилгын чиглэлээр дунд шатны мэргэжилтэй ажилтан, техникчдийг бэлтгэдэг. Энэ хоёр политехник коллежийг нийлүүлж, Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн мэргэжил, сургалтын үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөх гэж байна. Манай сургууль 1939 оноос хойш өдийг хүртэл 81 жилийн турш энэ чиглэлээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Уул уурхай, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь манай сургуулийн төгсөгчид байдаг. “Дархан өргөө” политехник коллежийн хувьд 44 жилийн турш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын бүтээн байгуулалт, барилгын салбарт одоо болтол хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хоёр коллежийг яагаад чиглэлийг нь өөрчлөөд хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болгож, статус бууруулж байгаа юм бэ? Энэ тал дээр анхаарч өгнө үү.”
 
Дархан-Уул аймгийн Засаг дарга Ц.Насанбат:
 
 
“…Мэдээллийг зөв болгож Ерөнхийлөгчид өгөх нь зүйтэй. Ийм шийдвэр гараагүй ээ. Яагаад мэдээллийг буруу зөрүү гаргаж, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг буруу талаас нь харж байгааг би гайхаж байна. Өнөөдөр хоёр мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийг хооронд нь нэгтгээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй арьс шир боловсруулах цогцолборын мэргэжилтэй ажиллах хүчнийг нэмэгдүүлж гаргая, хөдөө аж ахуйн салбар урагшаа явах гэж байна, дутагдалтай байгаа замын мэргэжилтнүүдийг нэмээд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор болговол зөв зүйтэй гэж үзсэн. Суралцагчдыг 19 мэргэжлээр давтамжтай бэлдээд анги дүүргэлт нь хүрдэггүй нөхцөл байдлыг нэгтгэе гэж байгаа юм.”
 
Дархан-Уул аймгийн иргэн Мягмаржав:
 
“…Би эрүүл мэндийн салбарын талаар хэдэн үг хэлье. Улсын эмнэлгүүд хувийн эмнэлгээс орчин үеийн тоног төхөөрөмжийн хувьд хоцрогдолтой байна. Гэтэл улсын эмнэлэгт нийт иргэдийн 86 хувь нь үйлчлүүлдэг. Үлдсэн хувь нь хувийн эмнэлэгт үйлчлүүлдэг байх. Төрийн болон хувийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөгжлийн ялгааг арилгамаар байна.
Өнөөдөр монголын боловсрол хаана яваад, хаашаа хүрэх гэж байгааг, яаж сургаад, ямар замаар суралцагчийг мэргэжил, боловсрол эзэмшүүлээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа асуудал их сонин харагддаг болсон. Энийг маш нарийн ярих юм бол Кэмбрижийн боловсролын асуудал байна. Ард түмэнд тайлбарлаж ойлгуулахгүйгээр гадаадын үг, технологийг авчирч байгаа нөхдийн асуудал төрөөсөө шалтгаалж байна уу? Нийгмийн сэтгэл зүйг тэтгэвэрт гарсан багш нар нарийн тандаж хардаг л даа. Ялангуяа энэ боловсролын салбарт.”
 
Дархан-Уул аймгийн иргэн Батсайхан:
 
 
“…Сүүлийн үед халамж хавтгайраад байна. Хүмүүс ажил хийх ёстой. Мөн хүмүүст цалин авах боломжийг ерөөсөө бүрдүүлэхгүй байна. Өнөөдөр иргэн нэг сая төгрөгийн цалин авахад 360 мянган төгрөгийг нь авчихаж байна. Нэг сая төгрөгөөс 360 мянган төгрөгийг нь суутгачихаар 640 мянган төгрөгөөр яах вэ? Хүн ажиллаж байж цалин авч, амьдралтай болно. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, ажил хийж байгаа хүмүүсийн цалингаас авч буй энэ их татварыг багасгаж болдоггүй юм уу? Гадаад орнуудад зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл нь 7.5 хувьтай байна шүү дээ. Харин Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл 24 хувь болж байна. Одоо ирэх жил дахин нэмнэ. Энэ бол хүмүүсийн гар дээр очоод сайхан амьдрах, баян байх ёстой мөнгө. Гэтэл энэ мөнгийг төр засаг нь аваад хэрэгтэй хэрэггүй юманд зарцуулж, тэвчиж болох зардлуудыг гаргаж байна. Сум болгонд хэрэгтэй хэрэггүй спорт цогцолбор, заал барьж байна. Багийн төвүүдийг барьж байна. Энийг заавал барих ёстой юм уу? Хамгийн түрүүнд хүн ажил, орлоготой болчихвол амьдрал нь аяндаа дээшлээд ирнэ. Халамж хэтрээд байх юм. Хөдөө орон нутгаар явахад ноос, ноолуур авдаг газар алга. Өнөөдөр төр засгаас илүү юм авч, илүү юм хийсэн дүр үзүүлж байгаа нь явж байна шүү дээ. ОХУ-ын хөгжиж байгаа шалтгаан нь засгийн бүх ажилтнууд, мужийн захирагчид, хотын дарга нараа 12 үзүүлэлтээр үнэлдэг. Хэчнээн хүнийг ажилтай болгосон, энэ хүмүүсийн дундаж цалингийн хэмжээ хэрхэн нэмэгдэж байна, улс өөрөө ямар хэмжээний орлого олж байна гэх зэргээр менежмэнтийн асуудал ярих хэрэгтэй. Гэтэл монголд ямар систем үйлчлээд байна вэ? Улсаас ахиухан мөнгө авсан нь л хождог болчихсон юм шиг байна.”
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтын төгсгөлд иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэлэв. Энэ үеэрээ, “Ахмадуудтай холбоотой асуудал байнга яригддаг. Үндсэндээ 2018 онд иргэдтэй уулзах үеэр хамгийн их яригдсан сэдэв нь тэтгэврийн зээл байсан. Тэтгэврийн зээлийг ямархуу байдлаар төсөвт хүндрэл үүсгэхгүйгээр төлөх боломжуудыг бид судалсан. Ингээд маргаантай байсан Салхитын мөнгөний ордыг төр өөрийн мэдэлд авч, одоо олж байгаа болон ирээдүйд олох орлогоор 245 мянган ахмадын өрийг тэглэсэн. Энэ бол газрын баялгаа ард түмэндээ тэгш хуваарилах анхны алхмыг хийж, болдог гэдгийг үзүүлсэн. Энэ жишгийг яаж үргэлжлүүлэх вэ гэхээр, газрын баялгаа боловсруулах үйлдвэр барьж, дүрэм журмаар нь ажиллах юм бол байгалийн баялаг иргэдэд очиж болдог юм байна гэдгийг үзүүлэх юм.
 
 
Мөн Хөдөө аж ахуйн сайд байхдаа 10 сая ширхэг арьс боловсруулах үйлдвэрийн тухай төслийг хийснээс хойш энэ ажил тав зургаан жилийн турш олон Засгийн газрын нүүрийг үзэж байна. 10 сая ширхэг арьс, шир боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрийн ажил идэвхтэй явж байгаа. Үүнийг хийж дуусгах ёстой” гэлээ.