Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилов
 
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 46 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхлэв. Нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай” асуудал хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.
Тус Байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилох нэг сул орон тоонд төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна.
 
 
Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүний сонгуульт хугацаа дууссантай холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж асуудлыг Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсон. Харин Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдааны явцад нэрээ татсан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо гарсан. Иймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг уг сул орон тоонд нэр дэвшүүлэхээр төрийн бус байгууллагуудаас 20 нэр дэвшигчийг санал болгосны дагуу нэр дэвшигчдийг нэгбүрчлэн танилцуулж, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулахад нэр дэвшигч Дашигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авчээ. Нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон байна.
 
 
 
Нэр дэвшигч Д.Оюун-Эрдэнэ нь сэтгүүлч мэргэжилтэй, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүнээр дахин томилуулахаар төрийн бус байгууллагаас нэрийг нь дэвшүүлжээ. 
 
Байнгын хорооны санал, дүгнэлт, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Т.Аубакир, Н.Алтанхуяг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дашигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилох санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 38 нь буюу 69.1 хувь нь дэмжиж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
 
 
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлттэй танилцав
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг сонсож танилцав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Ц.Нанзаддорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
 
 
 
 
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцжээ.
 
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад “... баривчлах, ... цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... төр, ... байгууллагын албан тушаалтан, ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн дүгнэжээ.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэллттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд үүгээр цэцийн дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож танилцлаа.
 
Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
 
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2,  Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцжээ.
 
 
 
Цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай  хууль  нь  Монгол  Улсын  Үндсэн хуулийн  Нэгдүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ. Иймээс  Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
Харин Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.
Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай  хууль  нь  Монгол  Улсын  Үндсэн хуулийн  Нэгдүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл,  Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулан ү хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүдийн асуултад хариулт, тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн өөрчлөлтийн ерөнхий зарчмыг цэц буруутгаагүй. Харин санаа нь зөв боловч арга нь буруу байна гэж үзсэн. Цэцийн дүгнэлт нь нэг талаар боломж олгож байгаа юм. Иймээс авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж буйг тодотгов.
Ингээд  Хууль зүйн байнгын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.9 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
 
Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ
 
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулсан юм.    
Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Улмаар Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нар ажилласан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажлын дэд хэсгийг байгуулж ажиллуулжээ.
 
Байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дараах санал, дүгнэлт гаргасныг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.
 
 
 
Нэг. Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэх талаар:
-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүд орон тооны байх;
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгох үүднээс нээлттэй хэлэлцэж, сонгон шалгаруулалтаар тодруулах;
-Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний сонгон шалгуурлалтыг хараат бусаар явуулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг тал талын, тэнцвэртэй төлөөллөөс бүрдүүлэх, Байнгын хороо танилцах сонсголыг зохион байгуулах;
-Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах гол чиг үүргээ өөртөө хадгалж, сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох.
 
Хоёр.Шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулах талаар:
 
-Шүүгчийн сахилга хариуцлагыг чангатгах, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хамгаалахын тулд шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой тусгах;
-Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэх.
-Шүүхийн сахилгын хороо иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шалгах, шийдвэрлэх, гаргасан шийдвэрт гомдол гаргах харилцааг нарийвчлан зохицуулах;
-Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгох үүднээс нээлттэй хэлэлцэж, сонгон шалгаруулалтаар юдруулах;
-Шүүхийн сахилгын хорооны гишүүн зөрчил гаргасан бол түүнийг огцруулах харилцааг нарийвчлан зохицуулах;
Шүүхийн сахилгын хорооны зарим шийдвэрийг Улсын дээд шүүх хянадаг байх.
 Гурав.Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын талаар:
        -Шүүгч, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүхийн төсвийг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд бууруулахгүй байх
 -Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн “шүүх хуралдааныг даргалах,” “шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцох,” “доод шатны шүүх хооронд гарсан хэргийн харьяаллын маргааныг шийдвэрлэх" зэргээр шүүн таслах ажилд эдэлдэг байсан давуу эрхийг хасах;
  -Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг урьдчилан мэдэх боломжгүй байдлаар томилох, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах цахим программ хангамж ашиглах;
    -Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ажиллах бөгөөд шүүгчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад бүх шатны шүүгч, Шүүхийн судалгааны төв, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллийг оролцуулах зэрэг багтана.
 
       Ажлын хэсгээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 82 санал, найруулгын шинжтэй 4 санал болон хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 28 саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
 
       Байнгын хорооны санал, дүгнэлт болон төслийн анхны хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудтай холбогдуулан гишүүд Байнгын хороо, ажлын хэсэг, төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлж байна. Дараа нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах юм.