sonin.mn

Хамгийн жигтэй нэртэй номыг шалгаруулдаг "Диаграм" шагналыг 64 нэр дэвшигчээс шалгаруулж шилдэг долоод нь олголоо. Ялагчдыг шалгаруулдаг шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг номын мэдээллийн томоохон сэтгүүлийн редакциуд сүүлийн шатанд уламжлал ёсоор зургаа биш долоон нэр дэвшигчийг шалгаруулсан нь 2011 он элдэв гажиг нэрээр дүүрэн байсантай холбоотой гэж мэдэгджээ.

"Диаграм" шагналын зохицуулагч Хорас Бент бүхий л 34 жилийн түүхийнхээ туршид хамгийн их маргаан дунд явагдсан шалгаруулалт боллоо гэж онцолсон байна. 1978 оноос хойш олгож байгаа уг шагналын шалгаруулалтанд 2000 оноос эхлэн онлайн санал асуулгын дүнг тооцдог болсон билээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн оны "Диаграм-2010" тэмцээнд "Шүд эмчлэх практик дахь Чингис хааны аргачлал" ном түрүүлж байжээ.

"Диаграм-2011"-д "Бристолийн тохойд элс малтсау 100 жил", "Сингапур дахь бэлэг эрхтний их сандрал болон америкийн олон нийтийн цурхирлын ирээдүй", "Дэлхийн бүх оймсон дээрх эстон хээ угалз", "Ноён Андогийн Пеннины тэмдэглэл: Хебден Брижэд 1935 онд айлчилсан Японы тахианы сексологичийн дурдатгал", "Албан байгууллагын сандлын ангилал зүй", "Загалмайтны шашинд мөөгний гүйцэтгэсэн үүрэг" зэрэг бүтээлүүд шалгарчээ.

Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"