Монголын тухайд "Хөрсөн дороо болон хөрсөн дээрээ ийм их баялагтай улс дэлхийд өөр хаана ч байхгүй" гэж одоогоос зуу гаруй жилийн өмнө орос эрдэмтний нотлон хэлсэн үг тэр цагт төдий л олон хүний чихэнд хүрч чадаагүй юм. 
 
 
 
Гэтэл тэр сайхан үгc модон улаатай муу үг шиг өнөөдөр дэлхийг уртраг өргөрөөр нь хэрээд авчихсан байх. Харамсалтай нь озоны цоорхой хурам бүр тэлж, Антрактид тив мөч бүхэнд хайлж, хуртай дэлгэр цаг агшин хумигдаж, хуурай түйрэн тэнгис далайг гатлаж буй ийм үед хувьтай төрсөн монголчууд өвгөдийнхөө харамлан байж өвлүүлсэн эрдэнэсийн үүц рүү тойгтой нь мөлхөж, тохойтой нь самран орлоо.
 
 
Орлоо орлоо гээд олоод авчихсан нь үгүй. Оронд нь амь зогоох хэдэн малдаа хамар хатгах өвсгүй онгичиж сэндийлсэн цөл үлдээгээд өөрсдөө хамуу, тэмбүүтэй андуурам хачин жигтэй өвчинд баригдаж өссөн төрсөн нутгаасаа дүрвэн дайжихад хүрцгээж, гол усаа ширгээн, ган гачигт тулцгаалаа.
 
 
Энэ байдлаа ухаарах xүн олонгүй болохоор мухар хавцал руу орсон одос үхрийн cүpэг шиг улам цаашаа оодогнон давхилдана. Уг нь үгэн дотор үг, үxэp дотор гиваа гэж нэг монгол цэц байдагсан.
 
 
Дээр дурдсан орос эрдэмтний үгийг анзаарсан бол эдүгээ бид хөрсөн доорх биш хөрсөн дээрх баялгаараа хооллосон шиг мөр нэр нь бүтэн, гэдэс тархи нь ч цатгалан явахсан.
 
 
Газар шороон дотроо хангинах төмрийн үртэс ч үгүй Швейцарь Улс өнөөдөр дэлхийд ган боловсруулалтаар айрагт багтаж, ганц ширхэг Hүүрсгүй болсон Япон орон илч гэрлээр нарнаас дутахгүй гэрэлтэж байна.
 
 
Улаан элсэн дунд гандирсын хот болон сүндэрлэсэн Дубайг хар. Бид тэднээс цөөхөн гартай хөлтэй юм уу, эсвэл тэднийхнээс хүйтэн тархи зүрхтэй юм уу. Элэнц хуланцынхаа түүхээр гайхуулж хэнхдэг цээжээ балбан хашгирснаараа монгол xүн юу хожив.
 
 
Өөрийгөө л гутаан доромжлуулахад хүрлээ. Эрдэнэтийн үйлдвэр ажиллаж эхэлбэл монголчуудын амьдрал хоёр дахин дээшилнэ гэж эрх, дархтанууд уриалж байсан. Харин бидний амьдрал арав дахин доошилсон.
 
 
Тийм байтал одоо Оюутолгой, Тавантолгой хэмээн өмнөх цуурай давтагдсаар. Хэдий болтол бид төрийн царай харж, шилний цаад дахь чихрийг хэлээн хөштөл долоох юм бэ?
 
 
Хавиргаан тэнийтэл шахцалдан яваа харийнхны хорхойг хүргэсэн уудам цэлгэр нутагтай. Xүн бүхэн хувьдаа га шахам газартай байж бид яагаад гар хумхин сууж гашуун амьдралаа гаслан зүхнэв. 
 
 
Дэлхийд "Хаан жимс" гэж цоллуулах болсон чацарганы үнэ, хэрэгцээ хоёр нүдтэйг бүлтэлзүүлж, амтайг ангалзуулж байхад бид л нүд чихгүй толгойлон байсаар байх уу. Хэчнээн их хөрс шороо, агаар ус бохирдуулж ганц кило алт авдаг билээ дээ.
 
 
Тэгвэл ийм алтны үнэтэй тэнцэх ашгийг нэг тонн чацаргана өгнө. Чацарганы мод тарихад сарнай цэцэг шиг халамж шаардагдахгүй атал хөрс шороог сэргээн, агаар усыг цэвэрлэнэ.
 
 
Өглөө бүp таван халбага чацаргана иддэг xүн ямар ч төрлийн хорт хавдраар өвчлөхгүй болохыг эрдэмтэд нотлоод байна. Чацарганы жимсэнд A, Е, К,, В„ В,, В4, В8, В9, D, РР, Р амин дэмүүд мөн Hүүpc ус, уураг тос, амин хүчил микро элементүүд агуулагддаг.
 
 
Үүнээс илүү ямар эрүүл хүнс байхав. Монгол хүнд бурхан "Хаан жимсээ" харамгүй хайрлалаа Хэлээрээ түлхэх, шүдээрээ хазахаа өөрөө мэдэх л үлдэж.
Халуун хүйтэнд тэсвэртэй, хөрс шороо голдогүй энэ ургамал Монголын газар тэнгэрийг аюулаас аварна.
 
 
Чацарганыг Монголын төр анхааралдаа авч бодлого болгох цаг оройтохын босгонд туллаа. Байгалийн унаган төрхөө хадгалж ирсэн монгол чацарганыг дэлхий хүлээж байна.
 
 
Эрүүл хүнс эрүүл биед хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан хэрэгтэй. Хашаандаа ч зусландаа ч чацаргана тарьцгаая. Энэ нь бидний гэр бүлийн эрүүл, үp хүүхдүүдийн маань ирээдүй байх нь дамжиггүй билээ.
 
 
Алтаа хайж ухах биш, тарьж ургуулж авцгаая
 
"Өвсний навч" ТББ-ын тэргүүн С.Наранцогт
 
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин