sonin.mn

 

Одоогоос хорин хэдэн жилийн өмнө Раднаасүмбэрэлийн Гончигдорж гэгч залуу их л хэл үг дагуулан улстөрд орж ирж байсныг санаж байна. Улсын их сургуулийн тоо физикийн багш, толгой сайтай сайн залуу гэж нэг хэсэг нь магтаж байхад “урваж шарвасан өөдгүй амьтан, улаан намаасаа урваад социал демократ намд орж ирлээ” гэцгээж байсан.
 
 
Ойр дөт ажилладаг Дашдорж багш нь Р.Гончигдоржийг хамгийн өөдгүй хүн хэмээн хэвлэлээр цоллож байж билээ. Тэгэхэд би Р.Гончигдоржийг өмөөрөн: “Залуу хүнийг өсч дэвжихээр загатнаж явдаг олиггүй хүний л үг биз” хэмээн маргаж, бичиж хүртэл байсан сан.
 
 
Р.Гончигдорж ямар хүн бэ гэдэг нь алхам тутамдаа мэдэгдэх болсон л доо. 1996 оны Улсын их хурлын сонгуульд ардчилсан хүчин ялж, дангаараа төр засгийн эрх барих хувь тавилан ногдож билээ.
 
 
Энэ сонгуульд О.Дашбалбарын маань хэлснээр “Ардчилсан намын угшилтай л бол халзан цагаан хонь ч байсан ялах” нөхцөл бүрдсэн. Ард түмэн “Энэ ардчиллын залуучуудад санал өгөөд үзье” гээд яасан их өрнүүн сэтгэлтэй сонгосон.  Ялсан намаас хамгийн их итгэл хүлээсэн хүн нь Р.Гончигдорж.
 
 
Улсын их хурлын дарга боллоо. Удаах хүн нь М.Энхсайхан. Ерөнхий сайд болсон. Тэр дөрвөн жилд Ардчилсан нам ард түмнийхээ итгэлийг дааж Монголын төрийг зөв залсан бол өнөө хүртэл төр засгийн эрхийг барьсаар, улс орон маань ч хөгжлийн хурдцаар өнөөтэй зүйрлэхийн аргагүй ахисан байх байлаа. 
 
 
Тэгтэл ялалтдаа ташуурсан (яг өнөөдрийнх шиг) хэдэн хүн Монголын ардчиллыг, Монголын төрийг ёстой л самарсан даа. Гол самрагч нь Улсын их хурлын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж байсан. Дөрөвхөн жилийн дотор Ардчилсан намын дөрвөн Засгийн газар солигдсон.
 
 
Засгийн газраа ялих шалихгүй зүйлээр өөтүүлээд л унагаад байсан. Тэр үед Р.Гончигдорж чинь МАХН- аас Ардчилсан намыг дотроос нь задлахын тулд тавигдсан төлөөний хүн. Энэ нөхөр Хувьсгалт намын цөөнхтэй нийлэн зориуд Засгийн газруудыг унагаагаад байгаа юм.
 
 
Ардчилсан хүчнийхэн ийм өөдгүй хүмүүс гэж олон түмэнд ойлгуулах, дараагийн сонгуульд Ардчилсан намыг ялагдуулах л зорилготой ажиллаж байна” гэсэн яриа мөн ч олон удаа чих дэлссэн дээ. Олны үг ортой гэгчээр үнэхээр л 2000 оны сонгуульд Ардчилсан нам “будаа” болж, МАХН ялсан.
 
 
Өөрөөр хэлбэл, үдийн нар шиг заяасан хувь тавиланг Ардчилсан намынхан өөрсдөө гулгисан даа. Энд гол буруутныг би өнөөх их хэл үг дагуулж ирсэн Р.Гончигдоржийг гэж баттай итгэн, тэр Дашдорж гэж багш яасан үнэн юм хэлж, бичиж байгаа вэ гэж бодох болсон.
 
 
Ер нь олон улсын парламентын түүхэнд дөрөвхөн жилийн дотор дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн түүх байдаг эсэхийг мэдэхгүй юм. Монголын парламентын хувьд бол шинэ эмгэнэл болсон доо.
 
 
Р.Гончигдоржийг УИХ-ын дарга байх үед бас л нэг шинэ зүйл, шинэ эмгэнэл тохиолдсон нь Ардчилсан намаас УИХ-д сонгогдон бүрэн эрхээ эдэлж байсан гурван гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нар шоронд орж билээ.
 
 
Энэ бас л Монголын парламентад урьд өмнө үзэгдэж дуулдаагүй зүйл. Эднээс Д.Баттулга нь өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаа.  Д.Энхбаатар нь сүүлд бригадын генерал болоод Цэргийн тагнуулын газрын дарга болсон.
 
 
С.Батчулуун маань шоронгоос бие нь муудаж гарч ирээд харамсалтайгаар таалал төгссөн. Би казиногийн хэргийн бүх шүүх хуралд суусан. Бичиж тэмдэглэж авсан. Сонинд ч бичиж л байсан. Одоо бодоход хэдэн түшээгээ дэндүү хөөрхийлөлтэй юмаар ялласан гэж бодогддог юм.
 
 
Улсын их хурал, тэр дундаа олонхи чинь ямар ч хэрэг хийсэн хүнийг аваад л үлддэг юм байна шүү дээ. УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтыг хар. Монголын нэрийг дэлхийн өмнө гутааж харлуулаад “Хятадын Монгол” хаягаар Щвейцарийн банкинд нэг сая ам.доллар нууцаар хадгалж татвар, хөрөнгө орлогын мэдүүлгээс зугтаалгаж байгаад илчлэгдсэн хүн тушаал буурсан нэрээр зүгээр өнгөрч байна.
 
 
Юу гэнэ вэ, “ёс суртахууны доголдол” гэв үү. Одоо Монголд хөрөнгөө нуусан, татвараас зугтаалгасан, хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн хүмүүс шийтгүүлэхгүй боллоо л доо. “Ёс суртахууны доголдол” гээд л өнгөрөх юм байна. Нэг муухай үр дагавар бий боллоо.
 
 
Төрийн томчуул “Хятадын Монгол” ч юмуу ямар нэг нууц хаягаар, гадаадын банкууд уруу Монголын мөнгийг эрээ цээрээгүй чихэх зам нээгдлээ. Илчлэгдсэн ч шийтгүүлдэггүй л юм бол дотоодынхоо банкинд валют хадгалж, хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх гэж байсанд орвол харийн банкинд нуучихаад хав дарж суух нь зөв юм байна гэж ямар ч тэнэгийн толгойд орж л байгаа.
 
 
Р.Гончигдоржийн тухай таагүй мэдээ, сонин содон үйл явдал байнга л чих дэлсдэг л дээ. Сүүлд, хамтарсан Засгийн газрын үед мань хүн Улсын их хурал дахь МАХН-ын бүлгийн дэд дарга болчихсон их л баяртай явах шиг байсан. 2012 оны сонгууль бол луйврын сонгууль болсон гэдэгтэй бараг бүх хүн санал нийлэх байх.
 
 
Хэсэг бүлэг хүн Үндсэн хуулиа уландаа гишгэн гарч ирсэн. Үндсэн хуулийн хүчин төгөлдөр байгаа заалтыг дахиад л энд сийрүүлье.2000 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 35 минутанд батлагдсан шинэ үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 2-т: “Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа.
 
 
Гэтэл өнөөдөр төр, засгийн эрх барьж байгаа хэдэн хүн шууд “нууц” сонгогдсон уу? Үгүй. Намын нэрсийн жагсаалт гэдэг хуурамч зүйлээр, нэрээ ил биччихэж байгаад УИХ-д орж ирсэн.
 
 
   Намдаа хэдэн төгрөг л төлдөг юм гэсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөөр орж ирсэн хүмүүс. Тэр хүмүүс хэн хэн байна вэ. Намын нэрсийн жагсаалтын нэгд нэрээ бичсэн Н.Алтанхуяг, хоёрт нэрээ бичсэн З.Энхболд, гуравт нэрээ бичсэн Х.Тэмүүжин, дөрөвт нэрээ бичсэн Ч.Сайханбилэг, тавд нэрээ бичсэн Д.Эрдэнэбат, арван хоёрт нэрээ бичсэн Р.Гончигдорж нар байна.
 
 
Эдгээр нөхөд Үндсэн хуулийнхаа дагуу шударгаар өрсөлдсөн бол хэн нь ч гарч ирэхгүй байсан л даа. Хамгийн эцсийн ядмаг арга энэ болсон. Тэд зүгээр ч гараад ирсэнгүй, шударгаар өрсөлдөн гарч ирсэн нөхдийнхөө “толгой дээгүүр гишгээд”, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хамгийн хүндтэй сэнтийнүүдийг нь эзлээд авчихаж байгаа юм.
 
 
Шударгаар өрсөлдөж, сайн муу хэлэгдэж, үйл тамаа үзэж яван намдаа суудал олж ирсэн тэр хүмүүсийн “толгой дээгүүр гишгээд” сайд дарга нар болчихдог, дэндүү гажиг дэглэм байгаа биз. Ингэж нэрсийн жагсаалт гэгчээр Их хурлын босго алхаад цөөнхийг элдэв муухай үгээрээ утаж суугаа хүн бол өнөөх л Р.Гончигдорж.
 
 
Үндсэн хуулийг зөрчиж хууль бус УИХ, Засгийн газар байгуулсан хүмүүс одоо бол бүр эрээ цээрээгээ алдсан. Монголын ямар ч хууль тэдэнд үйлчлэхээ больсон. Дураараа л загнацгааж байгаа. Энэ тухай би хэчнээн ч баримт гарган ирж чадах учир энэ удаа цэглэе.
 
 
Саяхан УИХ-ын дэд даргын асуудал яригдахад Р.Гончигдоржийн нэр дэвшиж, зүтгэж, зүтгүүлсээр байгаад УИХ-ын дэд дарга болчихлоо. Зүүд юмуу гэж бодож байлаа. Ардчилсан намын бүлэгт УИХ-ын дэд даргын албыг хашчихаар эрдэмтэй бол эрдэмтэй, туршлагатай бол туршлагатай сайхан залуучууд олон бий дээ.
 
 
Тэгсэн чинь очиж очиж өнөөх Р.Гончигдоржийгоо хөтлөөд ирж. Тэр нь ч нэрээ татсангүй, УИХ- ын дэд даргын сэнтий хараад инээж суух бололтой юм. Улсын их хурлын дарга нь байлаа, олон удаа түшээгээр сонгогдлоо. Арга тасраад нэрсээ зоогоод хүртэл Их хуралд ороод ирлээ.
 
 
Одоо боллоо доо, энэ залуучуудаас дэвшүүлчих гэх зориг зүрх дутсан л юм байх даа. Улсын их хурлын чуулган дээр цөөнхийн бүлгийн гишүүн Ц.Нямдорж, Р.Гончигдоржийг урвамтгай, шарвамтгай, өөдгүй хүн гэдгийг үнэн баримтаар ярина билээ.
 
 
   УИХ-ын дарга З.Энхболд цөөнхийн үгийг, тэр дундаа үнэн шударга яриатай Ц.Нямдоржийн үгийг тасалдаг жамаараа алх тас! Уул нь Улсын их хуралд цөөнх болох их хүч бий юм шүү дээ.
 
 
Дөчин хэдэн “амьсгаа” Ардчилсан намын хэдэд доромжлуулаад, дарамтлуулаад, дагаж гар өргөөд, арай л Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын улыг очиж “долоохгүй” юм даа. Ядарсан ч цөөнх дөө. Ингэж Р.Гончигдоржийг УИХ- ын дэд даргын сэнтийд залчихлаа.
 
 
Муур багшийн үлгэр санаанд орж инээд хүрч суулаа. За яахав дээ, чадаж байгаа юманд арга алга. Хэн зальтай, луйвар хийж гаршсан, мөнгөтэй нь ялдаг цаг үе ирчихэж. Өнөөх л “Алт нь живж, холтос нь хөвдөг” хорвоо өнөөдөр хэвээрээ байна.
 
 
Нэг л зүйлд би санаа зовж яваа хүн. Ардчилсан хувьсгал Монголд ялсан уу. Ялсан. Монгол Улс ардчилал-зах зээлийн нийгэмд шилжсэн үү, шилжсэн. Ардчилсан холбоо, Ардчилсан нам шударга үнэний төлөө тэмцсэн үү, тэмцсэн.
 
 
Гэтэл өнөөдөр ардчиллын баг өмссөн цөөн хэдэн “завсарынханд” эрхээ булаалгачихаад улс орны хөгжил ухарч, ард түмний амьдрал улам доройтоод байгаад л сэтгэл зовж яваа хүн. Ардчилсан намд эрдэм мэдлэгтэй, шударга ариун ёс суртахуунтай ямар олон сайхан залуучууд байна.
 
 
Тэд мөнгөгүй, Р.Гончигдоржтоны “шаврын хаалтнаас” гарч ирж чадахгүй байгаад сэтгэл харанхуйлаад байна. Монголын ардчилал, Ардчилсан нам, Ардчилсан холбооны нэр хүндийг үеэ өнгөрөөсөн хэдхэн хүн өнөөдөр шавар шалбаагтай зуурч сууна.
 
 
“Алтан гадас”-ынхныг анх гарч ирэхэд “зүгийг заагч” хэмээн бодож суусан хүмүүс бий дээ. Тэгвэл өнөөдөр “гадас” биш, “гудас” болчихож. Бүр шороотой, өргөстэй гудас болчихож.
 
 
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян