sonin.mn
Хорьдугаар зууны босгон дээр монголчууд бид нийгмийн шинэ сонголт хийсэн. Тэр бол хойт хөршөө түшиж, тусгаар тогтнолоо сэргээх сонголт байсан. Тэр нь зөв бодлого болсныг түүх гэрчилсээн.
 
 
Хорьдугаар зууны өндөрлөх үед монголчууд бид ахиад нийгмийн шинэ сонголт хийсэн. Тэр нь нийгэм алгаслах романтик том мөрөөдлөө орхиж (хөрөнгөт нийгмийг алгасан нийгэм журамд шилжих) зах зээлийн тогтолцоонд орох сонголт байсан.
 
 
1990 оноос энэхүү шинэ сонголтыг монголын залуу үе шаардаж, ахмад үе маань хүлээн зөвшөөрсөөн. Тийнхүү зах зээлийн тогтолцоог баримтлахаар шийдэж эрх барьж байсан Монгол Ардын Хувьсгалт нам олон зүйл дээр буулт хийж ардчиллын сэтгэлгээгээр нийгэм журмын сэтгэлгээгээ халсан.
 
 
Тэгээд 1960 онд батлагдсан "Бүгд найрамдах монгол ард улсын үндсэн хуульд", "Бүгд найрамдах монгол ард улсын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт нам мөн" гэдэг заалтаас МАХН өөрөө татгалзсан билээ.
 
 
Тэгээд "Монгол үндсэн хууль" шинээр боловсруулах ажилд орж 1992 онд "Монгол улсын үндсэн хууль" боловсруулан бүх ард түмэнээр хэлэлцүүлэн, ард түмнээс сонгогдсон 470 депутатын хамтлагаар Ардын Их Хурлаар 70 гаруй хоног хэлэлцүүлэн батлуулсан билээ.
 
 
Энэ бол одоо түүх болжээ. (Хорь гаруй жил өнгөрсөн учраас) тэрхүү (1992 оны) шинэ Үндсэн хуулийн эхэнд нь "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын Үндсэн Хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна" гэсэн тунхаг үг орсон билээ.
 
 
Ингээд Монгол улс "капитализмыг алгасан социалзм байгуулна" гэсэн түрүүчийн Үндсэн хуулийн зорилтоо өөрчлөж "Зах зээлийн нийгмийн тогтолцоонд" орохоор зорьсон билээ. Зах зээлийн тогтолцоо гэдэг бол үнэн хэрэгтээ "капитализм" гэдэг бид бүхний (монголчуудын 70 жил муулсан капиталист тогтолцоог хэлсэн хэрэг билээ).
 
 
Монгол улс шинэ үндсэн хуулийн тодорхойлсноор, БНМАУ биш МУ (Монгол Улс) тэр үед хөрөнгөт нийгэм байгуулахад бэлэн байсан уу гэвэл огтхон ч бэлэнгүй байлаа. Капиталист нийгэм байгуулаад 200 орчим жил тэр замаар явсан Америкийн нэгдсэн улс тэргүүтэй өрнөдийн орнуудыг шүүмжлэхээс биш туршлагыг нь огтхон ч мэдэхгүй байсан цаг.
 
 
Шүүмжлэхдээ "Улаан орос буюу" хойт хөршийнхөө үгээр л ярьдаг байсан цаг. Гэтэл хойт хөрш маань "коммунизмыг устгах нь миний зорилго байсан" гэж мэдэгдэл хийсэн Михайл Горбачевийн удирдлагад орчихсон цаг байлаа. Гэвч монголчууд хойт хөршийгөө дуурайдаг, түүнтэй ам нэг асан зуршлаасаа салж чадаагүй байлаа.
 
 
Тэгээд л "зах зээлийн харилцааны тогтолцоонд орно" гэж шийдэцгээсэн болой. Тэр харилцаанд ороход монголчууд бэлэн байсан уу? гэвэл огтхон ч бэлэнгүй байлаа. Харин ам хэлээр бол бэлэн байсан тул "Хэзээд бэлхэн" гэж үр хүүхдүүдээ (пионерүүддээ) хүмүүжүүлсээр байсан тэр үгээ "хэзээд бэлэн" гээд л эцэг, эх нь хэлээд "зах зээлийн тогтолцоог" сонгон авч билээ.
 
 
Гэтэл тэр үеийн монголд зах нь байсангүй, зээл нь харин байсан. Хойт хөрш оросуудаасаа зээл авчихсан, түүнийг нь "их өр" гэж анх монголчуудын залуу үе нь нэрлээд ахмадуудыгаа "их өр тавьсан" гэж зэмлэн муучилцгаах "муна" болгон ашигласан юм.
 
 
Гэтэл үнэн хэрэгтээ Зөвлөлт орост монголчууд өртэй биш тэд монголд өртэй байлаа. Учир нь гэвэл хамгийн энгийн баримт дурдахад орост жил бүр амьдаар нь тууварлан нийлүүлж байсан нэг хонины үнэ нь монголд оросоос өгч байсан хүүхдийн тоглоомын хаймран хонь, ямааны үнээнээс хямд байсан юм.
 
 
Тэр үед манай дэлгүүрүүдэд гарч байсан орос хаймран тоглоомын үнэ нь 15 төгрөг, харин биднээс орост хөлөөр нь тууварлан Эрхүүгийн мах комбинатад тушааж байсан амьд хонь 5 рубль үхэр, адуу 15 рублээр тооцдог байсан юм даа.
 
 
Гэтэл ахмад үеийнхээ эсрэг залуу үе нь өөлөх хэрэглүүр болгон "их өр тавьсан" хэмээн муулж, тэрийг нь ч албан тушаалд дэвшисэн ахмад үе нь "зөвшөөрсөн" болж тэр "өрийг" хүчингүй болгох юм уу ядаж багасган төлж нэрээ "цэвэрлэх" хуурамч оролдлого хийж эхэлсэн юм.
 
 
Тэрнийг нь ч "ах нар" маань дуртайяа ашиглан 2002 онд өрийг цэглэх шоу (үзүүлбэр) хийж ерөнхий сайд асан Касьянов манай Н.Энхбаярыг "аргалан" "их өр" гэгчийг барагдуулсан мэтээр зарлаж, манайхан (Энхбаярыг дагалдагчид) угтан баясч, бас зарим нь "алтан хөшөө босгоход ч багадана" хэмээн хөөрцгөөж билээ.
 
 
Гэтэл хэдхэн жилийн дараа Оросын холбооны засгийн газар ази, африкийн бусад орнуудын "өр" гэгчийг Зөвлөлт засгийн үеийн явдал учир хүчингүй болгосноо зарлаж билээ. Манайх жаахан тэсвэртэй, бас ухаалаг хөдөлсөн бол тэр өр ердөө л "хүчингүй" гэж зарлагдах байсан юмсан.
 
 
"Өргүй" гэдгээ манай сэхээтнүүд тэр үед хэвлэлд нэг бус удаа бичиж байсан боловч "өр цайруулсан нэр" зүрхийг хүсэгч "дөчин мянгатынхан" тэрийг тооцоонд огт аваагүй билээ. (Өнөөдөр гэтэл 9, 8 их наяд төгрөгийн гадаад өртэй болчихоод байна)
 
 
Гэтэл "40 мянгатыг" барьж (орон сууцнууд шүү дээ) байгуулах ажлыг манайд албан ёсны айлчлалаар ирсэн ЗХУКН-ын товчооны гишүүн Микоян (төлөөлөгчдийн тэргүүн) Тасганы овоон дээрээс Улаанбаатарыг хараад "эсгий хот" гэж барууныхны бичдэг нь үнэн юм байна гэдгийг нүдээр үзэж бараг л ичихдээ хүрээд эргэж очсон хойноо "орон сууцны 40 мянгатыг" бариулахад нөлөөлсөн гэдэг юм.
 
 
Тэрхүү "дөчин мянгатын боловсон орон сууцанд" тэр үеийн манай улс төрчид, эрдэмтэд, сэхээтнүүд орж суусаны дараа төрсөн хүүхдүүд нь 1990-ээд оны ахмад үеэ голж, элдвээр муучлан, Сүхбаатарын талбай дээр "өлсгөлөн зарлан" суулт хийснээр тэр үеийн МАХН-ын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор "Ардчилсан хувьсгал" мандсан домог буй болсон билээ.
 
 
Тийнхүү хөрөнгөт ертөнцийг дууриан "зах зээлийн тогтолцоог" сонгосон тэр тогтолцоонд ороход монголын ард түмэн бэлэнгүй байлаа. Учир нь тэдэнд хувийн өмч хөрөнгө байсангүй.
 
 
Зах байгуулан мөнгө саах туршлага байсангүй. Хүүхдийг нь үнэ төлбөргүй сургадаг, өвчилбөл үнэ төлбөргүй эмчилдэг, тэтгэвэрт гарвал мөнгөн тусламж үзүүлдэг байсан цаг. Харин хувийн өмчтөн гэвэл үзэн яддаг сэтгэлгээ ноёрхсон үе байлаа. Гэтэл сонгохоор шийдсэн нийгэмлэг нь "хувийн өмчтөнгийн нийгэмлэг" байсан хэрэг.
 
 
Тэгэхээр "хувийн өмч, хувийн үйлдвэр, хувийн эмнэлэг, хувийн сургуулийн" гэхчилэн тогтолцоонд ороход "усанд сэлж чаддаггүй хүнийг усанд шидсэнтэй адил" үйлдэл хүлээж байв. Түүнийг арга буюу ойлгохдоо "шилжилтийн үе" гэж нэрлээд "хувьцаа" олгох гэдэг аргаар иргэдээ хөрөнгөжүүлэхээр зүтгэсэн юм.
 
 
Гэтэл хувийн өмч эзэгнэх дадлагагүй хүмүүс нь хувьцаагаар олж авсан өмчөөсөө мөнгө саах чадваргүй байснаас олон үйлдвэр, аж ахуйн газар "хаалгаа барьсан" билээ. Хувьцааны үр дүнг 20 жил өнгөрөхөд бас л сайн мэдрээгүй явсаар байна.
 
 
Арай овсгоотой нь хөдөлмөрөөр биш "хувилгадасаар" хөрөнгөжих зам сонгосон юм. Тэр нь "буяндаа бузар оруулах" зам байлаа. Иргэн бүрд "хувьцаа" олгосон гэх боловч хог түүж амьдардаг ядуучууд, хоногийн хоолоо арай хийн олдог дундчууд манай хүн амын олонхи болсон хэвээрээ байна,
 
 
Зах зээлийн харилцааны тогтолцоонд орж аж төрөхөд манайхны сул тал нь илүү жин дарсаар хорь гаруй жил өнгөрлөө.
 
 
Монголчууд бидний сул тал:
 
1. Төрийн удирдах хүчний улс төрийн эр зориг, алсын биш ойрын хараа
 
2. Эдийн засагчдын хуурамч, хийсвэр итгэл нь зах зээлийн тогтолцоо өөрөө зохицуулна гэдэг баримтлал
 
3. Чинээлэг хүмүүсийн давхрага буй болговоос тэр нь нийгмийг тэтгэнэ гэдэг гэнэн итгэл
 
4. Ард түмэн нь удирдлагын ам харж, тэдэнд итгэж, гэнэн томоотойгоор тэсвэрлэн суух идвэхгүй хандлага
 
5. Өмчгүй, өмч эзэгнэх дадлагагуй, өмчөө аривжуулах овсгоот сэтгэлгээгүй, хувийн өмчтөн гэгдэхээс айдаг байсны гай дайрсан
 
6. Итгэл үнэмшил нь дампуурснаас баримжаа алдсан
 
7. Хятадын хүн амын 80 хувь нь хөдөө ажиллаж тэрбум хагас хүнээ тэжээж байхад монголын хүн амын 80 хувь нь хот сууринд сууж тариа, ногоо тарихгүй, мал өсгөхгүй атлаа гурил, мах шаарддаг.
 
8. Гадаадаас лууван, вандуй, өргөст хэмх, лооль гэхчилэн үжрэшмэл, шимгүй хөрсөнд элдэв бордоогоор тэтгэж ургуулсан хүнсний ногоо зөөж иддэгээс сульдаа, шүүдэст эмгэгшил, цус багадалтад өртсөөр байдаг.
 
9. Цөс хөөх, цус шингэлэх, нян нядлах, дотор цэвэрлэх үйлчилгээтэй олон тооны хүнсний зүйл монгол хүний хоолны таваг дээр алга, харин бадгана, хүйтэн хийг аривжуулах бурам, чихэр бол энд тэндээс зөөж таваг дээрээ овоолсоор байна.
 
10. Уул нь монгол ээзгий цөс хөөдөг, тараг ходоодны хүчлийг өндөржүүлж, ходоодон дахь ялзрах урвалыг багасган, хордлогоос хамгаалдаг, сүү, шар тос биеийн шимийг тэтгэж, ааруул бяслаг кальци, фосфор, уургийн дутагдлыг нөхөж, айраг ядаргааг гаргадаг уламжлалт хүнс тэжээл атал үүнийгээ үл тоомсорлон кока кола, элдэв янзын шүүснүүд гаднаас зөөж хүүхдүүдээ "гүзээлүүлсээр" байгаа маань бидний бэлэнчлэх сул тал юм.
 
11. Дахин сэргээгдэх баялгийн зургаан эх булагтай атлаа түүнийгээ ашиглах бодлого хэрэгжүүлэхийн оронд мөдхөн ёроол нь харагдаж барагдахад экологийн гүнзгий хохирол, байгал орчны эдгэхүйеэ бэрх шарх сорви, хөрс, агаарын хор үлдээх чиглэлээр гадаадынханд найр тавин бөхөлзөж "үлдэгдэл", "өвдөл цөвдөл" горьддог улс төрчидтэй
 
12. Улс төрчдийн хяналтгүйгээс дур зоргоор аашлах нөхцөл үүсч, боловсон хүчний сонголт хямарч (шилдэг туршлагатайчууд нь хуучинсаг гэж ад үзэгдсэнээс) бялдууч, зальхай, ашиг завшаанч этгээдүүд эрх тушаалд дэвшсэн
 
13. Дагалдангийн сэтгэлгээ, бэлэнчлэх хандлага, дуурайн хуулбарлах зан авир, хөнгөмсөг чанар, хээгүй байдал, итгэмтгий хүүхдэрхэг цайлган зан авир
 
14. Өөрийгөө голж, гадныхны өмнө бөхөлзөх, гадаадын болгон сайн гэж хуурагдах хүүхдэрхэг сэтгэлгээнд автагдах нь зэрэг гол сул тал юм
 
 
Давуу тал гэвэл:
 
1. Юмыг хурдан тусгадаг, сониуч зантай, авьяастай
 
2. Олон сая малтай, тэр нь таван төрөл (Говь хангай, хээрт зохицсон) бөгөөд сүү, мах, ноос, арьс шир бусад бүтээгдэхүүн тэр ч байтугай аргал, хоргол нь түлш түлээнд хэрэг болдог баялагтай.
 
3. Нэг хүнд ноогдох малын тоо, газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүр орох баялагтай, тэр нь нөхөн үржих, төлжих ч чадвартай
 
4. Цэвэр ариун байгаль орчинтой, урвалзүйн болон бусад гаднын нөлөөнд ороогүй онгон хөрс шороо, ус ургамалтай
 
5. Хойт болон урд (номхон) их, далайнуудад усаа нэмэрлэдэг голуудтай, хулан, хавтгай, тахьнаас эхлээд мазаалай (говийн баавгай) бөхөн, цаа буга, хүдэр, минж болон шар чөцүүлээс эхлэн олон төрлийн ховор хулгана, хар өвс, эрэвгэр дэрэвгэрээс эхлээд гоёо, хармаг, чирийн мод гэхчилэн ховор ургамал,
 
жимс ногоотой, хүн хорхой, олгой хорхой гэхчилэн хаана ч байхгүй хорхой шавьжтай гэхчилэн тоочиж баршгүй ховор юмс агуулсан гурван бүсийн орны хувьд "Дэлхийн зоопарк" болгож "ахимсын" хор үл хүргэх зэргэмжинд дархлагдах боломжтой орон
 
6. Төрөл бүрийн үлэг гүрвэл болон бусад ховор эртний амьтдын яс, өндгийг хөрсөн дороо агуулсан, буган чулуу, хүн чулуу, хадны зураг бичиг зэрэг түүх соёлын ховор өв дурсгалыг хөрсөн дээрээ хадгалсаар буй орны хувьд ч гэсэн Монгол улс өөр бусдаас онцгой билээ.
 
 
Ийм нөхцөлд зах зээлийн тогтолцоо өрнөдийн буюу Европ, Америкийн жороор биш монголчуудын бариа засал, эм тангаар (байгалийн гаралтай) илааршуулж, хэрэглэгчийн тоо маш цөөнийг харгалзан, гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон мал аж ахуйн гаралтай (ноос, ноолуур, арьс шир гэхчилэн) бүтээгдэхүүнийг дэлхийн стандартаар боловсруулж, түүгээрээ "дангаарших" бодлого чухал байна.
 
 
Вискийгээр Голланд, Коньякаар Франц гэхчлэн дангаарших болоод байгаа юм чинь "ноолуураар" Монгол даяаршлын ертөнцөд "дангааршиж" бүрэн боломжтой.
Эдийн засгийн сонирхол нь оюуны сонирхлыг хавчиж, "биеийн бөхийг" биш "Ухааны бөхийг" барилдуулж" "уяаны морийг" биш "оюуны морийг" уралдуулж сурваас энэ бүхнийг чадмой.
 
 
Сул талаа сулруулж, давуу талаа давруулж, нэг санаа нэгдмэл хүчээр ажиллавал монголчууд бид төв Азийн зулай дээр бамбар асааж чадмой. Ингэхийг өөр хэн ч биш бид өөрснөө шийдвэрлэх ёстой.
 
 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор, профессор  Л.Түдэв