Хэнтий аймгийн 90 жилийн ой саяхан болж өнгөрлөө. “Наадам маань сайхан боллоо” гэж хvн бvхэн л бахархан ярьж байна. Засаг дарга Ж.Оюунбаатар болон аймгийнхаа шинэхэн удирдлагад хан хэнтийчvvдийн сэтгэл тун өндөр байна. Хавар газар гэсмэгц өрнөсөн бvтээн байгуулалтын их ажил ойн өмнө дуусчээ.
 
Аймгаараа эрвийх дэрвийхээрээ зvтгэсний хvчинд Өндөрхаан хот хуучнаа бодвол өнгө төрхөө сольж нvд хужирлах юмтай, гэрэл гэгээтэй хот болж олны хөл хөдөлгөөнд дарагдсан. Нутгийнхаа ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай уулзаж, ярилцсан юм.
 
 
-Сайхан наадав уу. Хэнтий нутгаар зуншлага тавтай юу? 
 
-Сайхан наадлаа. Энэ жил Хэнтий аймагт зуншлага сайтай, хур бороо элбэг, өвс ургамлын гарц сайн дэлгэр сайхан зун болж байна даа. 
 
 
-Хэнтий аймаг 90 жилийн ойгоо тэмдэг­лэлээ. Уншигчдад маань нутгийнхаа талаар сонирхуулаач?
 
-Манай аймаг анх Халхын Сэцэн хан аймаг нэртэй байгаад 1923 онд Монголын ууган дөрвөн аймгийн нэг болж Хан Хэнтий уулын аймаг нэрээр байгуулагдсан. Тэр цагаас хойш 90 жилийн түүхэн замналаа дүгнэж, түүхт ойгоо тэмдэглэлээ. 
 
Манай  аймаг  80.3 мянган  хавтгай дөрвөл­жин километр нутагтай, засаг захиргааны 18 сум, 88 баг, 70200 хүн амтай. 2013 оны байдлаар нийтдээ хоёр сая 610 мянган толгой малтай.
 
11600 иргэд мал аж ахуй эрх­лэн амьдардаг. 22 аж ахуй нэгж нийтдээ 22000 га талбайд газар тариалан эрхэлж байна.  Ма­най аймагт 663 аж ахуй нэгж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. 
 
Хэнтий  аймаг  жилдээ  175  тэрбум  төгрөгийн дотоодын нийт бүтээгдхүүн үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ДНБ 2500 төгрөг болж байна. Мөн аймгийн 58100 иргэн нийтдээ 30,4 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшдэг. Ийм л эдийн засгийн үр дүнтэй ажиллаж амьдарч байна даа.
 
 
-Та Засаг даргын хувьд аймгийнхаа ард иргэдийн төлөө ямар чиг шугам баримтлан ажиллаж байна вэ?
 
-Аймгийн Засаг даргын хувьд гурван чиг шугамыг баримтлан ажиллаж байна.
 
Нэг­дүгээрт, ард иргэдийнхээ амьжиргааг дээш­лүү­лэхэд зориулж олон төсөл хөтөлбөр хэрэг­жүүлж байгаа.
 
Хоёрдугаарт, төрийн албыг хүнд сурталгүй, авлигагүй шударга явуулахад анхаарч байна.
 
Гуравдугаарт, аймгаа хөг­жүүлэх чиглэлээр их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр чиглүүлсэн. Энэ бүхнээ өөрийн мөрийн хөтөл­бөрт тусган ажиллаж байгаа. 
 
 
-Хэнтий аймгийн иргэдийн амьдрал, ажил байдал ямар түвшинд байгаа вэ?
 
-Аймагт ажилгүйдлийн түвшин 3.8 хувьтай, ажил эрхлэлтийн түвшин 57.8 хувьтай байгаа. Энэ онд бид 1000-аас доошгүй ажлын байр нэ­мэг­дүүлэх зорилго тавьсан. Оны эхний хагас жи­лийн байдлаар 700 гаруй шинэ ажлын байр бий болгосон. 
 
Ард иргэдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжих чиглэлээр “Сум хөгжүүлэх сан”-д сүүлийн хоёр жилд орж ирсэн дөрвөн тэрбум төгрөгөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд явж байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн тэрбум төгрөгөөр 30-аад аж ахуйн нэгжийг дэмжиж зээл олгосон.
 
 
-Аймгийн 90 жилийн ойд хэр бэлдэв?
 
-Өөдлөх айл үүднээсээ гэдэг болохоор бид юуны түрүүнд “Их эзэн Богд Чингис хааны өлгий нутаг” гэсэн хүндэтгэлийн хаалгыг 90 жилийн ойгоо угтаж босголоо. 90 жил гэдэг бол тэгш том ой учраас хэнтийчүүд бид ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхийн төлөө найман настай балчраас наян настай өтгөс буурал хүртэл оролцож бүгд л эрвийх дэрвийхээрээ хөдөлж, их ажиллалаа, төлөвлөснөө ч биелүүллээ. 
 
Аймгийн төвийн бүх албан байгууллага, ард иргэдийнхээ дунд орчноо тохижуулах, ногоон байгууламж хийх зэрэг бүтээн байгуулалтын аян зарлаж ажилласан маань энэ их ажлыг нугалахад гол хөшүүрэг боллоо.  
 
 
-Хэнтийчүүд аймгийнхаа ойг угтаж юу хийж бүтээв дээ?
 
-Аймгийн төвд 2.1 км хатуу хучилттай зам барилаа. Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит гудамж, цогцолбор, Хэнтий нутгаас төрсөн найман их аваргынхаа хөшөөг барьж байгууллаа.
 
Зам талбай, гэрэл­түү­лэг, цэцэрлэгийн хайсыг шинэчлэх, орон сууцнуудын гадна талыг засварлах, зүлэг мод тарих гээд олон ажлыг амжуулсан. Аймгийн 90 жилийн ойд бүх сум, бай­гуул­лага 1-3 хоногийн цалингаа хандивлаж хэн­тий­чүүд маань гар сэтгэл нийлж хамтарч сай­хан ажиллалаа. 
 
 
-Хэнтийчүүд бахархал ихтэй хүмүүс дээ?
 
-Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ. Манай аймгийг Богд хаант Монгол улсын үед Халхын Сэцэн хан аймаг гэдэг байсан. 1923 онд аймгуудын нэрийг өөрчлөхөд Халхын ууган дөрвөн аймгийн нэг болж Хан Хэнтий уулын аймаг болсон. 
 
Өнгөрсөн  90  жилийн  хугацаанд Хан Хэнтий аймаг маань хоёр аймгийг төрүүлж гаргасан байдаг. 1931 онд Дорнод, 1942 онд Сүхбаатар аймаг манай аймгаас тасарч өрх тусгаарласан. Энэ бол хэнтийчүүд бидний бас нэг бахархал. 
 
 
-Энэ нутгийнхан Их эзэн Чингис хааны төрж өссөн өлгий нутгийнхан гэдгээрээ ихээхэн омогшдог байх?
 
-Тэгэлгүй яах вэ. Их Монгол улсын тулгар төр байгуулагдсан голомт, Их эзэн Чингис хааны маань төрж өссөн, баатарлаг гавьяагаа байгуулсан, бас Их Монгол улсаа байгуулсан түүхэн нутаг. Энэ л их түүх, эгэлгүй сайхан газар нутаг, гал голомтоороо хэнтийчүүд бид хамгийн их омогшдог. 
 
 
-Их түүхээ дагаж хөгжих боломж танай аймагт хэр байгаа вэ?
 
-Их эзэн хааны түүхтэй нутагт ажиллаж амьдарч байгаа нь хэнтийчүүдэд тохиосон том аз завшаан.
 
Тиймээс их түүхийнхээ онцлогийг дагаж хөгжиж дэвжих сайхан боломж бидэнд бий.  Аймгийнхаа  хөгжлийн тэргүүлэх чиг­лэлийг аялал жуулчлал гэж тодорхойлсон. Энэ чиглэлээ баримталж Хэнтий аймгийн төвд Их эзэн Чингис хааны цогцолбор байгуулж, аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалтыг хийнэ. 
 
Их хааны түүхтэй холбоотой бүх сум, орон нутгаа аялал жуулчлалын маршрутад холбох дэд хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Бид өмнөө том зорилго тавьсан. Зорилгодоо хүрнэ гэдэгтээ бүрэн дүүрэн итгэж байна. 
 
 
-Өндөрхаан хотыг Чингис хот болгох тухай мэдээлэл цацагдсан. Хэзээ бид Чингис хотод ирэх бол?
 
-Өндөрхаан хотоо Чингис хот болгохын тулд ард иргэдийнхээ дунд асуулга явуулж санал авахад 80 хувь нь зөвшөөрсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч иргэд нь дэмжвэл Өндөрхаан хотыг Чингис хот болгоно гэдгээ ч илэрхийлсэн. Үүнд хэнтийчүүд бид их баярлаж байгаа.
 
Хэнтий аймаг бол Эзэн Чингисийн маань гал голомт, өлгий нутаг. Энэ утгаар нь, иргэ­дийнхээ дунд явуулсан санал асуулга дээрээ үндэслэн аймгийн төвөө “Чингис хот” болгох тухай аймаг болон сумын ИТХ-ын тогтоол гарлаа. Ингэснээр цаашдаа Өндөрхаан сумыг Чингис хот гэж нэрлэх болж байна.
 
Чингис хааныхаа алдар гавьяаг мөнхлөх ажил үүгээр хязгаарлагдахгүй. Бид Хэнтий аймгийг зүүн бүсийн аялал жуулчлалын  төв  болгоно. Аялал жуулч­лалын бүсийн маань гол брэнд нь эзэн Чингис хаан, түүний амьдрал, түүхтэй холбоотой дурс­галууд байх  юм.
 
Энэ  хүрээнд аймгийн төвийнхөө хойморт Чингис хааны цогцолбор байгуулахаар болсон. Тиймээс уг цогцолборын зураг төслийн ажил ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжээд явж байна. 
 
 
-Мэдээж хот болохын тулд барилгажих асуудал эн тэргүүнд тавигдах байх?
 
-Тийм ээ, хот болохын тулд аймгийн төвөө зайлшгүй барилгажуулах ёстой. Хотын статустай болгож хөгжүүлнэ гэдэг зүгээр нэг санаан зоргоор хэлж буй үг биш. Энэ бол амьдралаас урган гарч буй асуудал. 
 
Ирээдүйн Чингис хотод 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. 60 айлын “Тэмүүжин”  хорооллын барилгын ажил эхэл­сэн. 200 айлын хаус бүхий “Есүхэй” хо­роо­лол, 240 айлын “Хэрлэн” хороолол гэх мэт орон сууц барихаар компаниудтай гэрээ байгуулсан.
 
Ажил эхлээд явж байна. Мөн аймгийн төвдөө 2016 ондоо багтаан 20 км хатуу хучилттай зам барих зорилт тавьсан. Ногоон байгууламжаа одоо байгаагаас нь дөрөв дахин нэмэгдүүлнэ. 
 
 
-Нийгэм, соёл, эрүүл мэнд болон иргэдэд үйлчлэх үйлчилгээний зориулалттай барилга баригдах уу?
 
-Энэ асуудлыг хамгийн түрvvнд шийднэ. Нийгэм, соёл болон эрүүл мэндийн барилга байгууламжуудыг шинээр байгуулж эхэлнэ. Жишээ нь, “Хан Хэнтий” чуулгын шинэ ба­рилгыг ашиглалтад оруулна. 
 
2013 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилга  баригдаж  эхэлнэ. Ирэх жил автовокзал, эрүүл мэндийн оношилгооны төвийг шинээр барьж байгуулна. Худалдааны төвийн битүү дээвэртэй байр болон сургууль, цэцэрлэгүүдийг ч шинээр барьж байгуулна.
 
 
-Их түүхтэй ард түмнийг их ирээдүй хүлээдэг гэдэг дээ?
 
-Өвөг дээдсийн минь нэр төртэй холбоотой ийм сайхан түүхтэй Хэнтий нутаг маань хөгжлийнхөө шинэ шатанд гарч, цаашид улам эрчимтэй хөгжих хөгжил дэвшлийн замдаа эргэж буцалтгүй орлоо гэж би харж байгаа.
 
Хан Хэнтий аймгийн  төв ирээдүйн Чингис хот маань Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно гэдэгт ч итгэлтэй байна.  Энэ дашрамд танай сонины уншигчдыг Хан Хэнтий аймагт, тэр тусмаа Чингис хотод морилон ирж тухлан саатахыг хүсье.
 
Эх сурвалж: