“..Ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүмүүст нь шилжүүл...”
                                                                                             Н.Алтанхуяг
 
Бүх хүн хуулинд захирагдаж, хуулийн дагуу амьдардаг. Хаана ч ямар ч байгууллагад ажиллаж байгаа хүмүүс гэрээний дагуу ажилладаг. Ажил албан тушаалтай холбоотой бүх асуудал энэхүү гэрээ гэгч зүйлээр зохицуулагдаж шийдэгдэж байх ёстой бөгөөд хуультай. Яагаад хуультай вэ гэхээр гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан байдаг. Байгуулах ч ёстой.
 
Гэтэл... 
Хэн нэгэн албан тушаалтан, олны өмнө таныг "ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өг" "чаддаг хүн цаана чинь зөндөө байна" гэх буюу бүүр цаашлаад "чадахгүй бол ажлаа өгөөд зайлаарай" гэх мэтээр загнаад байвал та юу гэж ойлгох вэ? Сүүлийн үеийн сонин хэвлэл, телевизүүдээр гарах ерөнхий сайдын илтгэл мэдэгдлээс эхлэн хажууханд дураар авирлах төрийн дарганцруудын биесээ дуурайн мөөрөлдөх мэт нэгэн утгагүй яриа бол чухамхүү дээрх үгс болоод байна. Эдгээр үг яриа ббл хууль ёсыг уландаа гишгэсэн туйлийн харгис бүдүүлэг үйлдэл, зан төрх мөн.
 
Яагаад?
Үүний цаана хүний эрх, нэр төр, эрх чөлөө ноцтой зөрчигдөн хөндөгдөж байна. Хүний нэр төр бол халдашгүй дархан эрхтэй үнэт зүйл. Ардчилал хөгжсөн, хүний эрхийг дээдэлдэг улс оронд хүний нэр төрийг ямар ч сэтэртэн, тууртан олны өмнө хээв нэг доромжлоод сууж байдаггүй юм.
 
Хэн нэгэнд "чи ажлаа хийж чадахгүй байна, чаддаг хүнд нь өг, ард чинь чаддаг хүмүүс зөндөө байна, ажлаа өгөөд зайлаарай..." гэх мэт үгсийг хэлж суугаа төр засгийн төлөөлөгч бол хамгийн аюултай хууль зөрчигч. Хүн ажлын хариуцлага алдсан байж болно.
 
Тийм бол гэрээгээ дүгнээд, гэрээгээрээ л зохицуулах ёстой бөлгөө. Түүнээс бус яах гээд байгаа нь ойлгомжгүй хоёрын хооронд, гудамжны хэрүүл мэт хүний сэтгэл хөргөсөн юм ярьж байх нь харамсалтай. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ч нэр төрийг нь хүндэтгэж шүүдэг.
 
 
Энэ яриа хаанаас яах гэж гардаг юм бэ?
 
Энэ яриа бол ердөө л тухайн эрх мэдэлтэн өөрийн хувийн болон бүлэг, бүлэглэлийн эрх ашгаа хууль ёс, хүний эрхийн дээгүүр тавьсан өчүүхэн зорилготой, хүн чанар, ёс суртахуун, бусдын нэр төрийн эсрэг хуулийг үл ойшоосон балмад үйлдэл. Сул дорой дарга нарын өөрийн дургүй хүнээ зайлуулах гэсэн нэг муу ядарсан арга.
 
Зайлуулагдах гээд байгаа, олны өмнө нэр төрөө доромжлуулаад сууж байгаа тэр хүнийг юу бодож ямар сэтгэлтэй байгааг хэлэхэд хэцүү. Тэр хүний оронд та ч байж болно, таны ах дүү төрөл төрөгсөд ч байж болно. Тэрхүү нэр төрийг нь шавартай хутган зайлуулсан хүний оронд бас л нэг хүн ирж таарна биз дээ.
 
Адилхан л иддэг уудаг, ходоодтой хоолойтой монгол ах дүү нар биш гэж үү. Хэний оронд хэнийг тавих гээд ингэдэг юм бэ? Төгс гэгээнтэн авчрах гэсэн юм уу эсвэл харь газрын хүнийг ажиллуулах гээд байна уу. Хаана ч ажил хийлгэж юм бүтээх гэж хүн ажиллуулдаг.
 
Тэрнээс биш хүний нэр төрийг хугалж, доромжлох гэж хүн авч ажиллуулдаггүй. Хүнийг хүндэтгэж, нэр төрийг нь өндөрт өргөж, сэтгэл санаагаар дэмжин, өөдрөг цовоо байлгаж гэмээнэ хүн ажилдаа сэтгэлээсээ хандаж амжилт үзүүлдэг юм байна. Тэгсэнээрээ ажил олгогчийн ч хэрэг бүтдэг, ажил хийгчийн ч хэрэг бүтдэг.
 
Ардчилал, хүний эрх, хууль ёс хөгжсөн газарт үүнийг л хүний нөөцийн менежмент, боловсон хүчний бодлого гэдэг юм байна. Түүнээс биш өнөө маргаашаа бодсон, бусдын нэр төрийг гутаах гэсэн ийм бүдүүлэг үйлдлийг мунхагуудын менежмент гэх байхаа.
 
Та бид Дээд тэнгэрээс заяатай төрсөн Бүртэ Чоно, Гоо Маралын удам, агуу их тэнгэр язгууртай дээдэс заяатай монгол хүмүүс болохоос цагийн өнгөнд зүсээ хувиргасан дарганцаруудаар нэр төрдөө халдуулаад сууж байдаг дөнгөтэй боол биш, өрлүүлэх гэж байгаа хонь биш шүү.
 
Монгол хүн монгол хүндээ хайртай. Монгол улсын хууль ч монгол хүнд хайртай. Улсын төсвөөс цалинжигч нэг бус этгээд бусдыг олны өмнө ингэж хэлэхийг миний бие өөрийн биеэр үзэж харлаа. Баримт болгож сонины нийтлэлээс оруулав.
 
Балбарын Ганхуяг ингэж өгүүлэв
 
Дадал сум
 
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ" сонин