sonin.mn
Халх - Бутачийн Цог захчин Маамдаан Цог байсан түүхээс
 
Эргэн дурсахуй
 
Чандмань уул аймгийн Хатанбаатар хайрхан уулын хошуу одоогийн Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн голын "Улаан ирэг" гэдэг газарт Жамбалын Маамдаагийнх 3 үе дамжин 1870-1970 он хүртэл нэгэн зууныг элээж нутаглажээ. Маамдаа ээлтэй энэ нутагт эзэн нь болж жилийн 4 улиралд гүн улаан хавцалд яаж амьдардаг бол гэж гадны хүнд уйтгартай шиг харагдавч өсөж төрсөн нутаг нь болохоор газар шороо, уул ус, ан амьтад нь түүнд жаргалын эх орон. Тэнгэр баганадсан гүн улаан хавцлын 2 талын уулс шовх өндөр, гэрийн тооноор уулын орой хад харагдаж ууландаа яргай, чаргай, тавилхай бургас, улиас, арц, эмгэлж, нохойн хошуу, хад,тошлой, сонгино тэр ч бүү хэл говийн заг хүртэл ургана.
 
Ж.Маамдаагийн хотны захаас эхлэн тарвага зурам, үнэг, туулай, янгир, аргаль хойлог, буга сүрэг сүргээрээ шивээлсэн амьд амьтны үзэсгэлэн бүрдсэн нутаг болохоор үе дамжин бишрэн шүтэхээс ч биш яахав. Энэ үзэсгэлэнт сайхан нутагт эцэг Жамбал нь 50 гаруй жил, Маамдаа 40 гаруй жил тавхан км урт, 1 км өргөнтэй Бодончийн голын "Улаан ирэг"-ийн эхэнд зусаж намарждаг, энгэр бэл адагт нь өвөлжиж, хаварждаг нутаг сэлгэж нэг удаа нүүхдээ 5 км газарт нүүдэллэдэг аж. Цонж ёлхоны говийн айлууд нэг талдаа 100-150 км нүүдэллэж зусдаг, зуслангийн нь нүүдлийн зам дайрдаг цорын ганц зам болохоор хүрээ хийдэд хамт шавилан сууж байсан үе тэнгийн найз хөгшчүүл Маамдаагийн дэргэд үдлэж, бууж хонож өнждөг байсан.
 
Манайх сүүлийн арван жил эдний дэргэд бууж морь тэмээ малаа амрааж хоноглон өнждөг, аав минь.түнш найз нь байсан. Нэг нэгийгээ дуудан урьж цайлуулан хоол унд хийж аяга тагш юм хувааж хүртэж, ууж дуулалдаж хууч хөөрдөг байсныг би сайн мэдэх юм. Тэр үеийн сумын зуслангийн нүүдлийн адгийн айл,өвлийн цагт өвөлжилтийн эхний айл нь Маамдаанх байсан. Амандаа ганзаар /ганс/ тамхи татдаг таяг тулсан, гэр дүүрэн олон хүүхдүүдтэй,ямаа голдуу суурь малтай, ааш зан нь гэж гайхамшигтай сайхан.нүүдлийн айлын зам тосоод домботой цай, тавагтай идээ бариад зогсдог байсан нь ганц Маамдаагийнх биш нутаг усны зан заншил, уламжлалт ёс одоо болтол хэвээрээ байгаа.
 
Маамдаа Бодончийн хүрээнд олон жил шавилан сууж сахиус хүртсэн сайн лам нарын нэг болохоор зусдаг Харчулуутын амны дэргэдэх хаднаас оргилдаг булаг, өвөлжөөний нь дэргэдэх "Хүн чулуу" хоёрыг бишрэн шүтэж байсаны хүчинд лам хувраг байхдаа "Улаан ириг"-ийн хаданд нуугдаад баригдаж, хоригдож хэлмэгдээгүй, харин захчин нутгийнхаа Чадаан Шарын Пунцагтай ханилан 60 жил амьдран суухдаа 6 залуу, 3 охин төрүүлэн өсгөжээ. Мэрэг төлөг тавидаг сүсэг бишрэлтэй Маамдаа гэр бүлийнхэндээ биш,нутаг усандаа нэгэн үе нууцхандаа бишрэн шүтэгддэг хүний нэг байсан. 1951 онд манайх зусланд нүүж явах замд тэдний гадна буугаад намайг үзүүлж, гар хөлөөс минь өрөөлдөж татаад л шорголж (тугалга) хайлуулж усантай шаазанд шар хийтэл хийж, нэг дүрс гаргаж аавд үзүүлээд, үүнээс айж гэж хэлээд, ганцаар битгий яв гэж надад захиж байсан нь санаанд тодхон байна.
 
Би айгаад нэгэн үе 15 нас хүртлээ ганцаар хээр гадаа явдаггүй байлаа. Хэл ам нь хурц, мэргэн цэцэн цэлмэг үгтэй, гар хөлтэй байхдаа шижгэнэсэн сайхан залуу эр төрсөн үр хүүхдүүдийнхээ төөрөг хувь заяааг нь олон шалгуураар шалгаж ид шидтэйг нь мэдээд Цог, Ламжав хоёрыгоо тав зургаан настай байхад нь нь сайн лам болгохоор 1918 онд Богдын хүрээ хүргэж өгөхөөр жилийн өмнө бэлтгэж, нутгийн жинчдийг дагаж Бодончийн хүрээнээс гарчээ. Маамдаа 25 насныхаа аагаар хоёр хүүгээ арагт тэгнэн ачиж гэрээсээ гарахад нь эх Пунцаг уйлж 2 нүд нь тулам болтол хэдий хавдсан боловч арга буй алс хол эрдэм ном сурахаар явахыг нь билэгшээж сүүгээр цацал өргөж, хоёр хүү нөхрөө үдэхдээ нулимс асгаруулан хоцорсон гэдэг. Ж.Маамдаа жингийн тэмээнд дайгдаж яваа болохоор жинчдийн нүдний харцаар хөдөлж аргал түлш түүх, хоол унд хийх тэмээ маллах гээд л гарын үзүүрийн аар саар ажил хийсээр Богдын хүрээнд очжээ.
 
Туулын голын хөвөөний бургасан ойн төгөлд жинчид бууж,тэмээ малаа амрааж, эд бараа авах хугацаанд 2 хүүгээ нэг өдөр дагуулж хүрээний хаалганы дэргэд очоод,төвдөөр ном уншиж залбирч мөргөл үйлдэж байх үед нь нэг лам хүрээнээс гарч дэргэд нь очиж ном уншилтыг нь бишрэн гайхжээ. Ном уншаад дууссаны дараа мэнд усаа мэдэлцэж хэрэг зорилго, хэт нутгийг нь асууж танилцаад, Маамдааг 2 хүүхдийн нь хамт дагуулан хүрээний нэгэн том лам дээр оруулж танилцуулжээ. Алс хол Алтайн хязгаар Бодончийн том хүрээнээс бүр Богдын хүрээнд (Гандан хийдэд) авч ирсэнийг нь сайшаагаад Цог, Ламжав хоёрыг хүүхдийг нь хүлээж авсанд Маамдаа магнайгаа хагартал баярлажээ.
 
Хэд хоноод жинчид ачаа бараагаа аваад буцахын урьд өдөр 2 хүүхэд дээрээ очиж "Сайн лам нар болоорой" гэж нэг нэг домбон саахар өгөж хүүхдүүдийнхээ сэтгэлийг нь аадуулж түр ч гэсэн баярлуулаад,татаж духан дээрээс нь үнсэхэд Цог ах нь болохоор юмны учрыг сайн ойлгосондоо арга буюу нулимс асгаруулан үлдэхэд нь аав нь хүүхдүүд рүүгээ харж инээгээд ,буруу харж нууцхандаа нулимс асгаруулан явжээ. Ингэж л хоёр хүүгээ сайн лам болгох гэж орхиод нутгийн зүг жинчдийг явган дагаж явсан гэнэ. Намрын сэрүү орж замд хур бороо, цас орж, замын урт 1850 км-ыг хүнд нөхцөлд туулахад тоокууны ул цоорч, хөлийн таваг устаж, өвдөх, цас хүйтэнд даарч бээрэх зарим өдөр цангах, өвчлөх тохиолдол зөндөө л гарч явсаар нутаг гэрийн бараа арай гэж нэг харжээ.
 
Энэ цаг үеэс хойш Маамдаагийн хоёр хөл муудаж таяганд орж 40 жил амьдрахдаа 7 хүүхэд төрүүлж өсгөжээ. Богдын хүрээ / Гандан хийдэд/ очиж явж ирснээ гэр бүл, нутгийн анд найз нөхөддөө байнга дурсан ярьдаг байжээ. Нэг ёсондоо Маамдаагийн Цог, Ламжав хоёр хүү манай сумын захчин хошуунаас анх Гандан хийдийн шавь болсон юм. 1925 оны МАХН-ын 4-р их хурал хуралдаж Марксист Ленинист жанжин шугамыг хэлбэрэлтгүй баримтлах, унасан феодлын ангийг шийдвэртэй няцааж, феодализм болон гадаадын капитал шинээр төрж байгааг капиталист элеметийн эсрэг (зүүний нугалаа) бодлого явуулж сүм хийдийг тарааж, лам нарыг баривчлан хороож эхэлснээс хойш Гандан хийд татан буугдаж эзэнгүйтжээ.
 
Энэ байдлыг мэдсэн Маамдаа 1928 онд УБ хотод орж,сүм хийдэд хүүхдүүдээ хүлээлгэж өгсөн лам, 2 хүүгээ сураглаж эрээд олоогүй. Ямар ч байсан миний 2 хүү задгай алсын ухаантай, ухаан суусан үедээ аав ээждээ эргэж ирж уулзах ёстой гэж уужим ухаанаар бодож нутаг буцжээ. Гэтэл Гандан хийд тарсны дараа жил Төв аймгийн Сэргэлэн сумын Бутач гэдэг хүн гандан хийд байсан орчмоор нэг өдөр явж байтал хэсэг хүүхдүүдийн "Баньд" зодоон болж тэд дундаа жижигхэн биетэй шар хүүхэд оруулж зогсоож ээрээд (хоргоож) байхад тэр хүү гартаа ууттай юм барьчихсан, арай илүү хөл хөдөлгөөнтэй, тэдэн дотроо давамгай харагдсан.
 
Бутач очоод та нар яаж байгаа юм. Энэ жижиг хүүхдийг та нар яагаад дээрэнхүйлж зодож байгаа юм гэж уурлахад жижиг шар хүүхэд: "Эд нар миний олсон хоолыг булааж авах гээд дундаа оруулаад зодож байхад та ашгүй дайралдаж амь, хоол 2-ыг минь салгаж аварлаа" гэж хэнэг ч үгүй хариулжээ. Тэнд цугларсан 10 гаруй хүүхдийг уурлаж загнаж явуулчихаад чиний нэр хэн гэдэг вэ? гэж нөгөө жижиг шар хүүгээс асуухад Цог гэж хариулжээ. Төрсөн гарсан хүүхэдгүй Бутач галын дөл өөдөө Цог гэдэг ямар сайхан нэр вэ? гэж дотроо бодоод (аав ээж чинь хаана байна) гэж лавлан асуужээ. Би аав ээжээ мэдэхгүй их хол байдаг, хаана байхыг мэдэхгүй гэж хариулжээ. Бутач хэсэг зуур юм бодож зогссоноо: Тэгвэл чи манайд оч гэхэд, за гээд зөвшөөрөхөд нь 10 гаруй настай хүүхдийг мориндоо сундалж гэртээ аваачжээ.
 
Ийнхүү Бутач буя үйлдэж Цогыг хүү болгон авч үе залгамжуулан гал голомтоо залгуулж эрийн цээлд хүрэхэд минь, намайг цэрэгт явуулсан юм гэж Цог генерал хожим хойно төрсөн дүү нартаа дурсамжаа ярьж үлдээжээ. Энэ талаар одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурах тосгонд амьдарч байгаа 10 хүүхдийн алдарт эх Маамдаагийн отгон охин, Цогын төрсөн дүү 74 настай Валя, (Вашка гэж нутгийнхан нэрлэдэг)-тай уулзаж доорх зүйлийг тодруулж ярилцлага авсан юм.
 
Цог генералтай ах дүү болохыгоо яаж мэдэж, уулзаж танилцсан бэ?
 
-Миний аав ээж хоёр 1950-аад онд миний ах Ядамжав, Шинэ-хүү, Морх нарыг төрсөн нутгаас гарч сургуульд сургахаар хот руу явахад нь та нарын төрсөн ах Цог, Ламжав гэж 2 залуу УБ хотод байгаа. Та нар олж уулзаж танилцаж ах дүүгийн холбоотой сайхан амьдарцгаа гэж захиж явуулжээ. Ядамжав ах их соёлтой,ЗХУ-д сургууль төгссөн орос хэлтэй, Налайхын ҮЭ-ийн хорооны даргын ажлыг олон жил хийсэн, ажил амьдралын туршлагатай, энэ хүн олон жил сураглаад олж чадаагүй юм байна билээ.
 
Тэгтэл Батлан хамгаалах яамны сайд Бутачын Цог гэдэг хүний нэр зурагтайгаа хэвлэлд гараад радио телевизоор сурталчлагдахад сайд Цогын нүүр өөрийн нүүр, хамар ам, нүд нь яг ижил төсөөтэй харагдаад, санагдаад байхад нь очиж үзэж уулзъя гэж бодоод БХЯ-д очиход уулзуулаагүй. Харин жижүүр болон яамны зарим хүмүүс Цог генералд ах дүү байхгүй, хүний ганц хүүхэд, яахаараа ах дүүтэй болдог юм гэж ярилцаад, яв гээд хөөгөөд хавтуулаагүй.
 
Ядамжав ах их эрмэг, зоримог хүн болохоор хэдэн сарын дараа дахиад очоод жижүүртэй нь их эрдүү, ууртай хэлэмгийгээр маргахад жижүүр нь: Цог сайдад нэг хүн таны дүү гээд ирчхээд маргаад явахгүй юм гэж илтгэхэд,Цог генерал нааш нь оруулчих гэж хэлсэнд арга буюу орох, уулзах зөвшөөрөл ийнхүү олджээ. Ядамжав ах Цог ахын хаалгыг нээхэд яг л өөрийн нь царай харагдсан, хэн хэн нь амар мэндээ асуулцаж чадахгүй нэг нэгээ хараад нэг нэгэнтэйгээ адилхан болохыг гайхаад л хэдэн хором чимээгүй зогсоход өөрийн эрхгүй дүү нь болохоор Ядамжавын нүднээс нь нулимс гарч, хоолой нь зангирч гүйн очоод тэвэрч авахад нь Цог угтан үнсжээ. Ийнхүү Цог ахыгаа олж танилцаж эхэлсэн түүхтэй юм. Цог, Ядамжав ах бид гурвын шар царай зүс угалзан хавтгай хамар яг ижил бусад ах дүү хоорондоо ижил царайтай. Нэг ёсондоо царай зүсээр, Цог гэдэг эрээр ахыгаа олж танилцсан түүхтэй юм.
 
Танилцсанаас хойш ах дүү нар хэрхэн яаж харилцаж байв?
 
-Ядамжав ахаар дамжиж бусад ах эгч нар танилцсан.Морх ах жолооч, Шинэхүү ах эрдэмтэн хүн болохоор байнга харьцаж өөрсдийнхөө гэр орноор орж, гарч бэлэг дурсгалын зүйл өгч авалцдаг байсан. 1989 онд Морх ахыг нас барахад Цог ах гадаадад ажлаар явсан байсан учир ирж уулзаж амжаагүй, Шинэхүү ахыг эрдмийн зэрэг хамгаалахад нь гэрт нь ирж баярыг нь хуваалцаж байсан, харин нас барахад нь мөн л гадаадад ажлаар явж байсан учраас бас оршуулгын үйл ажиллагаанд оролцож чадаагүй боловч гадаадаас ирчихээд цэргүүдээ дагуулаад гуйлан хөгжимтэй оршуулсан газарт очиж шарилд нь гашуудлын хүндэтгэлийн ёслол үйлдсэн юм.
 
Ядамжав ах Налайхын ҮЭ-ийн хороон дарга байхдаа Цог ахын БХЯ-ны сайд байхад нь шинэ жилээр золгохоор гэрт нь очихдоо хөдөөний захчин зан үйлийн ёсоор бяслаг дээр ааруул тос тавиад гэрт нь золгоход орос авгай нь тавьсан цагаан идээг нь хогийн саванд хийчихсэнд Ядамжав ах их гомдсон гэдэг. Хожим Цог ахыг улсын баатар цолны баярын хүндэтгэлийн зоогийн үйл ажиллагаанд урилгаар оролцохдоо архи ууж согтчихоод: Орос авгай чинь дүү намайг тоосонгүй монголын малын шим цагаан идээг хогын саванд хийж, Монголын малын цагаан идээг хүндэтгээгүй гэсэн утгатай үг хэлж, агсан тавихад Цог ах бие хамгаалагчаа дуудаж "Миний дүүг усаар эрүүлжүүл гэж үүрэг өгөхөд бие хамгаалагч нь хоёр цэрэг дуудаж " усаар эрүүлжүүл" гэж үүрэг өгөхөд Ядамжавыг өргөж аваачаад поошигтой усанд толгойг нь дүрсэнд Ядамжав ах тэр үед их уурлаж шатах дөхсөн боловч эрүүлжсэн гэдэг. Миний төрсөн эгч Норжмаа нөхөр нь Монцоон Жамсрангийнх олон хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст суманд амьдардаг. М.Жамсран ах улсын анчдын анхдугаар зөвлөгөөнд ирэхэд Цог ах хүлээн авч бакал гутал хоёр нүдний дурангаар бэлэг өгч баярлуулж байсныг би сайн мэдэх юм.
 
Бусад ах дүү нараа дурсан ярихгүй юу?
 
-Манайх Бодончийн голын эхэнд "Улаан ирэг" гэдэг газарт миний аавынх 3 үе дамжин амьдарсан түүхтэй нутаг. Ах Цог, Ядамжав. Шинэхүү бид 4 хаваржаа, өвөлжөөндөө байхад "Улаан ирэг" -ийн адагт эгч Норжмаа, Шомбон ах Ламжав, Морх Котоо 5 зуслангийн буурь "Улаан ирэг"-ийн эхэнд төрсөн. Ганданд очсон Ламжав ахыг Цог ах болон бусад ах дүү нар сураглаад сураглаад олоогүй гэж ах эгч, аав ээж нар ярьдаг байсан юм. Котоо ах 20 гаруй жил туувар тууж, "гавьяат нэгдэлчин" цол хүртсэн юм гэж ярьснаар бид хоёрын яриа түр өндрөлсөн юм. Хэдийн улсын баатар генерал Б.Цог Төв аймгийн Сэргэлэн сумаар овоглож, нэр төр алдар гавьяа нь нэрлэгдэж яваа хүн боловч Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн голын усаар угаагдаж төрсөн, яс, мах, цус нь захчин хүн юм.
 
Цог нь 1912 оны Хар хулгана жилийн зуны эхэн сарын шинийн таванд одоогийн Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн голын "Улаан-Ирэг"-ийн адагт Жамбалын Маамдаагийн ууган хүү болон хүй нь цөглөжээ.Цогийн мэндэлсний 100 жилийн ойг 1912 онд тэмдэглэн өнгөрүүлэхдээ дурсгалын хөшөөг нь босголоо. Б.Цог генерал 1931 онд 19 настайдаа сайн дураараа зургадугаар морьт хороонд цэрэг, бага даргын албыг хааж улмаар ЗХУ-д Их бууны цэргийн дунд сургууль, Улаан цэргийн хуягт танкын механикжсан цэргийн академи, К.Е.Варшиловын нэрэмжит Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгсчээ.
 
Тэрээр Халхын голын дайнд их бууны командлагчаар, Эх орны дайнд танкын хороо ч тус тус командапж байсан түүхэн хүн юм 1932 оноос эхлэн тасралтгүй 50 шахам жил цэргийн албанд ажиллахдаа жагсаалын цэргээс хурандаа генерал болтлоо дэвшсэн Б.Цог харц малчин ардын дундаас төрөн гарч социалист бүтээн байгуулалтын явцад өсөж бойжсон Ардын армийн нэрт дарга нарын нэг юм. Цог нь байлдагчаас эхлээд бүхий л амьдралаа цэрэг армид зориулжээ. 1969 оны халхын голын байлдаан хошууч цолтой МАХЦэргийн их бууны командлагчаар артиллерийн анги, салбарыг чадамгай удирдан зохион байгуулж тухайн үедээ шинэ төрлийн зөвлөлтийн ангийн мотомеханикжуулсан зэвсэглэл танк их буу, нисэх онгоц гээд тухай үеийн шинэ зэвсэг командалжээ.
 
ЗХУ-д 1933-1937 онд их бууны дунд сургууль, 1943-1947 онд Хуягт танкийн механикжсан цэргийн акедем, 1953-1956 онд ЗХУ-ын ЗХЖШ-ын акедемд суралцан төгссөн тус акедемийн анхны монгол төгсөгч юм. Хурандаа  генерал Б.Цог бол агуу эх орны дайнд биеээр орж фашист түрэмгийлэгчлийг хиар цохих зөвлөлтийн ард түмний баатарлаг тэмцэлд зохих хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрбээр 1943-1947 онд Москва хотод хуягт танкийн механикжсан цэргийн акедемд суралцаж байхад нь ЗХУ-ын Цэргийн дээд командлалын шийдвэрээр цэргийн сургуулийн ахлах ангийн оюутангуудыг түргэвчлэсэн байдлаар сургаж фронтод явуулахад Москва чөлөөлөх тулалдаанд тэр оролцсон.
 
1945 оны ЗХУ-ын маршал А.М.Василевскийн командалсан Белоруссын 3-р фронтын генерал К.Н.Галицкийн гвардын 11-р армийн бүрэлдэхүүнд тэр үед суралцаж байсан Цог танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд амжилттай оролцсон учраас гавьяа зүтгэлийг ЗХУ-ын төр засгаас үнэлж Лениний одон, эх орны дайны 1-р зэргий одонгоор шагнажээ. Мөн 1947-1948 онд гоминданы гар хөл болсон хасгийн дээрэмчдийн халдлагыг тохинуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. ЗХЖШ-ын даргаар олон жил ажилласан. Батлан хамгаалахын орлогч сайдаар хэд хэдэн сайдын үед ажиллаж байсан Ж.Лхагва-сүрэн, Б.Дорж, Ж.Авхиа, Ж.Ёндон нарын удирдлага дор орлогч сайд байх албыг хашиж, 50 гаруй жил монголын батлан хамгаалах салбар зэвсэгт хүчинд үүрэг гүйцэтгэсэн цэргийн гарамгай зүтгэлтэн хүн байжээ.
 
Тэрбээр сайн зохион байгуулагч учраас хүнийг ажиллуулж чаддаг, удирдлагадаа байгаа хүмүүсийн ахуй амьдралыг сайн харж үздэг, зовлон жаргалыг нь хуваалцаж өөдрөг сэтгэл төрүүлдэг, тэр хэмжээгээрээ ажлын эрч хүчийг өрнүүлдэг удирдагч байсан юм цэргийнхэн бахархдаг аж. Түүний ажлын төлөө төрсөн хүн гэж цэргийн алба хаасан цэрэг офцерууд бахархан ярьцгаадаг домогт яриа байдаг. Гялалзсан хурдан алхаа гишгээ, золбоолог төрхөөрөө бусдыг байлдан дагуулж чаддаг, өндөр шаардлагатай, хугацаатай үүрэг өгч биелэлтийг хугацаанд нь шалгаж, үр дүнг холбогдох хүмүүст хэлж өгдөг, хэрэв биелүүлээгүй байвал арга хэмжээ авахгүй, харин дутагдлаа засах амлалт авахуулж, өгсөн үүрэг даалгавараа заавал биелүүлдэг хэвшлийг цэргийн армид тогтоож сургасан арга туршлагатай хүн юм.
 
1950-аад оны сүүлчээр Иргэний агаарын тээврийн салбар манай улс хөгжихөд МИАТ,ИНЕГ-ын даргаар олон жил ажиллаж Цэргийн нисэх хүчнээс иргэний нисэх салбар тусдаа бие даан гарч ,иргэний тээвэр,шуудан,бусад хангалт үйлчилгээний салбарыг нь байгуулж,өдий зэрэгтэй том нисэхийн компани болгох үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, даргаар нь олон жил үр бүтээлтэй ажиллажээ. Энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Цог генерал барилгын цэргийн ангиудыг байрлуулж, өргөжүүлэн зохион байгуулах ажил хийж байх үед буюу 1960 оны Сүүлчээр Дархан хот дахь барилгын цэргийн ангийн сахилга баттай холбоотой асуудлаар дээрээс өгсөн тушаалын дагуу очиж,арга хэмжээ авсан талаарард түмний дунд нэгэн яриа байдаг.
 
Тэгэхдээ тушаал аваад нисдэг тэргээр очихдоо буудах зөвшөөрөлтэй явсан гэдэг. Цэрэг буудаагүй,харин жагссан цэргийн өмнө буугаа сүр үзүүлж гаргасан гэдэг. Б.Цогийн хөдөлмөрийн бүтээл, гавьяа зүтгэлийг нь үнэлж, БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор 5 удаа шагнагдсан, ийм олон удаа шагнуулсан хүн түүнээс өөр байхгүй. Хурандаа генерал Б.Цогийг нам, эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа зүтгэлий нь үнэлэн, тзрбээр 1948 оноос хойш тасралтгүй 43 жил цэргийн дээд удирдлага буюу ЗХЖШ-ын дарга, орлогч сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байв. Дэлхийн түүхэнд 16-р зууны үед Франц улсад анх генерал цолыг бий болгожээ. Монгол Улсад 1944 онд анх алтан шаргал мөрдөс бүхий эрхэм цолоор 11 хүн тодорч байсан бол одоо 155 хүн байгаа.
 
1950 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Б.Цог хошууч генерал цол хүртсэн. Монгол Улсын 18 дахь генерал юм. Хилийн цэргийн арми дотроос улсын баатар генерал 6 байдгийн нэг нь Б.Цог юм. Түүнээс хойш 11 жилийн зайтай хоёрч удаа цол ахиж, 1961 онд дэслэгч генерал, 1971 онд хурандаа генерап цол авчээ. Түүнчлэн Монгопын арми байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1981 онд БНМАУ-ын баатар цол олгожээ. Мөн Сүхбаатарын одонгоор 5 удаа, Алтангадас одонгоор 4 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнуулж, АИХ-ын депутатаар 5 удаа сонгогдсон цэргийн иргэний байгуулпагын гарамгай зүтгэлтэн.
 
Тэрбээр 1984 онд тэтгэвэртээ гараад, Оросод эхнэртэйгээ амьдарч байгаад 1989 онд таалал төгссөн ч түүний хийсэн бүтээсэн зүйл, нэр төр алдар гавьяа нь монголын түүхэнд мөнхрөн дурсагдана. үлдсэн аав хүү хоёр генерал юм. Б.Цог генерал ЗХУ-д сурч байхдаа орос эмэгтэйтэй 1938 оны арваннэгдүгээр сард Москвад эхнэр Барсукова Натальяа Николаевнатай гэрлэлтээ батлуулсан гэрчилгээ байсан нь хүмүүсийн сонирхлыг татсан гэр бүл болсон бөгөөд гэрлэлтийн баталгаа нь цэргийн музейд өнөө болтол хадгалагдаж байдаг аж. Цог нь алсын хараатай хүн байсан учраас хүүгээ мөн цэргийн хүн болгож, нисэхийн мэргэжилтэн Ц.Геннадий гэж хошууч генерал цолтой хүн Унгарт амьдардаг.
 
Цэргийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан монголын анхны эрдэмтэн генерал Эцэг, хүү хоёр генерал Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөө зүтгэж явсан монголдоо ховор хүмүүс. Хурандаа генерал Б.Цогийн, хүү хошууч генерал Ц.Геннадий хоёулаа шинжлэх ухааны эрдэмтэн. Халх голын ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд 2009 онд Геннадий ирээд буцсан. Монгол орныхоо төлөө Монголын Зэвсэгт хүчний төлөө хийж бүтээхэд гар бие оролцсон хүн бөгөөд цаашид хийх бодлого хүсэл мөрөөдөл ч байсан. 1990-иод оны үед Чойрт байсан Зөвлөлтийн нисэхийн аэродромыг олон улсын том нисэх буудал болгох саналыг засгийн газарт тавиад тэр нь дэмжигдээгүйд сэтгэл нь гонсгор явсаар таалал төгссөн гэнэ лээ. Ховд аймгийн Алтай суманд радио лакаторын анги 1960-аад онд байгуулж, ажиллуулж байсан нь төрийн хар хайрцгийн холын бодлого эцэг хүү хоёрт байсан боловч хожим. татан буулгасан нь өнөө үед харамсмаар зүйл болсон гэж би хувьдаа боддог.  Маамдаагийн Котоо ах Цогтойгоо уулзаж ирж гэдгийг сонссоноос хойш 40 гаруй жил судлаж байж энэхүү сэдвийг бичив.
 
Монголын зэвсэгт хүчний удирдлагууд Б.Цог баруун аймгийн хүн гэдгийг дуулсан, мэддэг гэж ярих боловч аль аймаг, сумын хүн болохыг мэддэггүй байсан гэдгийг надад олон хүн хэлсэн юм.
 
Зохиолч, сэтгүүлч Чүлтэмийн Дангаасүрэн
 
Эх сурвалж: “Хөх толбо” сонин