Салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахыг онцлов

2014 оныг Эрүүл мэндийн салбарт “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Хяналтыг сайжруулъя” сэдэвт Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагджээ.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн ЗДТГ-ын НХХ, БОЭТ-ийнхэн, сум өрхийн ЭМТөвийн эрхлэгч эмч нар,  ЗӨСТөвийн дарга, Хувийн хэвшлийн холбооны дарга, ЭМГазрын мэргэжилтнүүд гээд нийт 40 гаруй удирдах албан тушаалтнууд оролцжээ.        

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарын талаар барьж буй бодлого, орон нутгийн хөрөнгө оруулалт, аймгийн эрүүл мэндийн салбарын эх, нярай хүүхдийн тусламж үйлчилгээний ололт, амжилтыг дурдаад цаашид эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг  хэрэгжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийн чадавх, харилцаа хандлага, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах асуудал уг зөвлөгөөний үр дүн болохыг тэмдэглэн хэлсэн юм.

Мөн аймгийн ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, гарсан үр дүн, хүрсэн амжилтын талаар мэдээлж, 2014 онд эрүүл мэндийн салбарт болон өөрийн байгууллагад эрчимтэй шинэчлэлийг хийх ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга замын талаар эмнэлгийн удирдлагуудад танилцуулга хийж, нийт хамт олноор хэлэлцүүлэн зөвлөлдсөн юм.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийн сэтгэлд нийцүүлж ажиллах нь чухал

Зөвлөгөөнөөр 2013 оны үйл ажиллагаа, түүний сургамж, “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх ажил, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгаа, хүний нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэнд,

Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар сайжруулах, иргэдийн сэтгэлд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчин бүрдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн нь онцлогтой байлаа. Мөн зөвлөгөөний үеэр хариуцлага хяналтыг сайжруулах жилийн үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөмжтэй танилцан “Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө” оролцооны аргыг багаар ажиллан боловсруулсан байна.  

Зөвлөгөөний хоёр дахь өдөр эрүүл мэндийн байгууллагууд “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ”-ний талаар бусдад туршлага болох үйл ажиллагаагаар үзүүлэх сургууль хийж өөрсдийн туршлагаар гарын авлага бэлтгэн бусад байгууллагуудад  тараан танилцуулсан нь нийт эмнэлгүүдэд энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд нэлээд ач холбогдолтой арга хэмжээ болсоныг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Зөвлөгөөний төгсгөлд нийт оролцогчдод сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний видео бичлэг, бодлогын бичиг баримт эрх зүйн актын гарын авлага бүхий DVD, анхан шатны 14 эмнэлгүүдэд аудио хурал хийхэд шаардлагатай өсгөгчтэй дифузер, микрофон мөн орон төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлж буй биохимийн анализаторийн 9 нэр төрлийн оношлууруудыг гардуулан өглөө.

Сургалт, зөвлөгөөний үр дүнд байгууллага бүр сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний удирдамжаа сайжруулан боловсруулж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хариуцсан ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, тусламж үйлчилгээ, хамтын ажиллагаандаа  чанарын  ахиц гаргаж ажиллана гэдэгт оролцогчид болон зохион байгуулагчид онцлон дурдав.

С.Номинтуяа   

Эх сурвалж: "Монгол говь" сонин