sonin.mn

Манай улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 70 мянган компани байдаг юм байна. Үүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг буюу татварын байгууллагад байнга татварын тайлан тооцоогоо гаргаж өгдөг 35 мянган компани байдаг аж. Эдгээр компаниудад 2012 оноос хойш Татварын ерөнхий газар болон цагдаагийн байгууллага хамтран шалгалт хийсэн байна.

Шалгалтаар 4500 орчим компани зөрчилтэй гарчээ. Тодруулбал, нэмүү өртгийн албан татварын бичилтийг хууль бусаар хийсэн байсан аж. Үүнээс 1500 компанийн дээрх үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Үлдсэн компаниудыг нь Татварын хуулийн дагуу торгуулийн болон нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн байгууллагаас 1500 компанид нийтдээ 198 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнээс 138 хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Үүнээс 50-иад хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэж байгаа юм байна. Эдгээр компаниудын улсад учруулсан хамгийн доод хохирол нь тэрбум гаруй төгрөг байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.

Тэд нэмүү өртгийн албан татвар төлөгч гэдэг нэрийн доор бусад компаниудын нэмүү өртгийн албан татварыг тэглэж өгдөг, эсвэл бага хэмжээний мөнгө авч бичилт хийж өгдөг байжээ. Энэ нь цэвэр эдийн засгийн шинжтэй гэмт хэрэг юм байна.

Н.Алт
Эх сурвалж: "Нийслэл таймс"