sonin.mn
 
 
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ.
Бүлгийн хурлын мэдээллийг бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж, С.Одонтуяа нар хийв. Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Засгийн газраар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тухайлбал, Засгийн газраас орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулж 1400 орчим түрээсийн байр барихаар ажиллаж байгаа. Мөн улаанбурхан өвчний талаар Засгийн газраас тодорхой чиглэл гаргаж, Эрүүл мэнд, спортын яам болон Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох үүрэг өгсөн гэж мэдээлжээ. Энэ үеэр бүлгийн гишүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар харилцан ярилцаж, саналаа нэгтгэжээ. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Үүний дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 70 хувийг Хүний хөгжил санд, таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 25 хувийг улсын төсөвт хуваарилдаг байсныг шинэчилсэн хуулиар Хүний хөгжил санд 65 хувийг, орон нутагт 30 хувийг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 5 хувийг төвлөрүүлэх гэнэ. Мөн орон нутагт төвлөрөх тус хөрөнгийг улс төрийн, Үндэсний баяр наадмаас бусад баяр ёслол, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд зарцуулахыг хориглох аж. Харин Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт томоохон төслүүд дээрх орон нутагт орох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх хуулийн заалтад хамаарахгүй юм байна. Тиймээс өнөөдрийн хуралдааны үеэр бүлгийн гишүүд чухам ямар төслийг том төсөл гэдэгт багтаах талаараа хуулинд тодорхой заалт оруулах ёстой хэмээн үзжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж эрчим хүч болон төмөр замын салбарт авсан зээлийг улсын өрд хамруулахгүй байх тухай асуудал юм. Энэ талаар бүлгийн гишүүд мөн санал нэгдсэн бөгөөд энэ салбаруудад авч байгаа төслийн зээлийг тухайн аж ахуйн нэгж, банк өөрсдөө хариуцна. Улсын өрд хамааруулахгүй гэдэгт байр сууриа нэгтгэлээ. Түүнчлэн Тавантолгойн асуудлаар энэ долоо хоногт нэгдсэн байр суурьт хүрч, УИХ-аар хэлэлцүүлнэ гэж бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж хэллээ
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг