Төв цэвэрлэх байгууламжид гэмтэл гарч, гурав хоног ус хязгаарлахаас өөр аргагүй байдал үүссэн талаар Ус сувгийн удирдах газар болон, Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан хотын Ерөнхий менежер тэргүүтэй албаны хүмүүс хуралдаж, засвар хийх төлөвлөгөөг гаргасан юм. Энэ асуудлын эргэн тойронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяртай ярилцлаа
 
-Төв цэвэрлэх байгууламжид яг ямар эврдэл гарсан талаар тодруулахгүй юу?
-Цэвэрлэх байгууламж хоёр гэмтэлтэй байгаа. Хуваарилах камерын шибер хаалт болон аэротенкийн бетон хийцүүд дээр нэлээд олон газар гэмтэлтэй байгаа. Элэгдээд цооролт үүссэн, бараг арматур дээрээ тогтож байгаа шахуу болчихсон.
 
-Холбогдох байгууллагууд хурал хийж, засвар хийх төлөвлөгөө гаргасан гэсэн?
-Ус сувгийн удирдах газраас Төв цэвэрлэх байгууламжийг засварлах хүсэлтийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тавьсан. Үүний дагуу хотын Ерөнхий менежер зэрэг холбогдох хүмүүс хуралдсан юм. Хурлын үеэр цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, засварыг ямар байдлаар хийх вэ гэдэг талаар ярилцсан. Мөн ямар техникийн шийдлүүдийг ашиглаж болох вэ гэдгийг ч ярилцсан юм. Тиймээс хурлаас гаргасан төлөвлөгөөг иргэдэд мэдээлж, засварын ажлыг хийнэ.
 
Ер нь засварыг хийхдээ хоёр тоноглолын нэгийг нь зогсоож засварлах арга хэмжээ авч байгаа. Харин энэ удаад аэротенкийн бетон хийцний тусгаарлагчид хоорондоо нэвччихсэн учраас нэгийг нь зогсоож засвар хийхээс өөр боломж байхгүй. Мөн шибер хаалтад гэмтэл гарсан учраас цэвэрлэх байгууламжийн бүх үйл ажиллагааг нь зогсоох шаардлага гараад байгаа юм. 
 
Тиймээс хуралдааны үеэр бид ярилцаж байгаад аваарын шугамаар Туул гол руу бохир цутгах нь хамгийн эцсийн шийдвэр гэж үзсэн учраас өмнө нь авч болох арга хэмжээгээ хэрэгжүүлье шийдвэрт хүрсэн. Ингэхдээ цэвэр усны хэрэглээг цагийн төлөвлөгөөтэйгээр хязгаарлая гэж байгаа юм. Усны хэрэглээг хязгаарласнаар бохирын түвшин буурах учраас одоогийн тооцоолж байгаагаас өөр засвар хийх шаардлага гарах уу гэдгийг тодорхойлно. 
 
Шинэ тоног төхөөрөмжийг ашиглаад гэмтлийг илүү нарийвчлалтайгаар гаргана гэсэн үг шүү дээ. Үүний үр дүнд нэмэлт засвар хийх үү гэдэг нь тодорхой болчих юм. Мөн хязгаарлалт хийхээс өмнө засвар хийх бэлдцүүдээ бэлдэнэ. Тодруулж хэлбэл гэмтлээ нарийвчлан тогтоогоод, бэлдцээ бэлдсэний дараагаар усыг хязгаарлах арга хэмжээг гэсэн үг. Түүнчлэн засвар хийдээ шууд шавчихдаг сүүлийн үеийн шинэ материалыг ашиглахаар тохирсон.
 
-Засвар хийхэд хэдий хугацаа шаардлагатай бол?
-Бид аль болох богино хугацаанд засвар хийхийг зорьж байгаа. Ямартай ч засварт 1-6 цаг зарцуулах байх гэж тооцоолж байгаа. Түвшин буурах үеэр засварын ажлыг хийх даалгаврыг өгсөн. Ерөнхийдөө шибер хаалтны гэмтлийг богино хугацаанд засах боломжтой гэж харагдсан.
 
-Ус сувгийн удирдах газраас мэдээлэхдээ нийслэлийн цэвэр усыг гурав хоног хязгаарлахаас өөр аргагүй гээд байгаа?
-Энэ талаар бид бас ярилцсан. Хотыг бүхэлд нь гурав хоног усгүй болгоно гэж байхгүй шүү дээ. Ус сувгийн удирдах газраас тухайн үед өөрсдийн харсан гарцдаа тулгуурлан мэдээлэл хийсэн байх. Хуваарилах камерийн шиберт эвдрэл гаргахаар үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй гэж тооцсон байх гэж бодож байна. Хоёр гэмтэл гарсан учраас гурав хоногийн хугацаа шаардлагатай гэж мэдээлсэн болов уу. Засвар хийхэд мэдээж хугацаа орно. Гэхдээ усыг гурав хоног хязгаарлахгүй. Засварыг ажлыг хэрхэн хийх талаар төлөвлөгөө гаргаад Ус сувгийн удирдах газар хүргүүлчихсэн.
 
-Засварыг хэзээ хийх юм бэ. Энэ сарын 15-нд хийнэ эсвэл дараа нь хийх гэх мэт зөрүүтэй мэдээлэл гарч байна?
-Засвар хийх цаг хугацаа наашилж магадгүй. Уг нь хурлын үеэр засварын энэ сарын 15-ны өдрөөс хийе гэж ярилцсан юм. Гэхдээ засвар хийх хугацаа наашлах магадлалтай байгаа.
 
-Энэ удаагийн засвараас гадна Төв цэвэрлэх байгууламжийн засвард 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө шаардагдана гэсэн. Үнэн үү?
-Төв цэвэрлэх байгууламжийн ихэнх тоног төхөөрөмж нь бетон хийцтэй. Ерөнхийдөө тоног төхөөрөмжийн дийлэнх нь элэгдчихсэн. Энэ удаагийн засварыг хийлээ гэхэд дахиад юу нь ч эвдэрч магадгүй л байдалтай байгаа. Ер нь бол цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих зайлшгүй шаардлага бий. Энэ удаа засварын ажлыг хийсэн ч нэгэнт муудчихсан бетонон хийцэд хэзээ ч эвдрэл гарч магадгүй. 
 
Өнгөрсөн онд нийслэлээс зургаан тэрбум төгрөгийн хөрөнгийг цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах төсөвлөсөн. Тус ажлын эрх Ус сувгийн удирдах газарт шилжсэн. Зураг төсөв боловсруулагдаад ирэхээр засварын ажлыг хэрхэн хийх юм бэ гэдэг нь тодорхой болно. Түүнчлэн шинэ цэвэрлэх байгууламжийг яаж барих юм, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ гэдэг нь ч тодорхой болох юм.
 
-Ер нь цэвэрлэх байгууламжийн асуудал хөндөгдөж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ямар нэгэн засварын ажил хийж байгаагүй юм уу?
-Засварын ажпыг байнга хийж байгаа. Гэхдээ бүтэн шинэчлэлийн ажил биш шүү дээ. Нэгэнт муудчихсан бетон хийцийн хэсэгхнийг л аргалж байгаа юм. Цэвэрлэх байгууламжийг бүхэлд нь шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө шаардагдана.
 
-Өмнө нь гаднын улсуудаас цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл санал болгож байсан. Тэр ажил юу болсон юм бэ?
-ЖАЙКА, КОИКО, Франц зэрэг газруудаас судалгаа, туршилтууд хийж байсан. Улмаар ТЭЗҮ-ийг боловсруулсан. Сүүлд насос суулгах зэргээр тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүд хийсэн. Гэхдээ үндсэн бетон хийцэд засвар хийгдээгүй.
 
-Тэгэхээр гурван төрлийн ТЭЗҮ боловсруулсан гэсэн үг үү?
-Тийм. Цэвэрлэх байгууламжийн талбайг ашиглаад шинэ байгууламж барих, хуучныг нь засварлах зэрэг ТЭЗҮ бий. Хөрөнгийн хувьд тоног төхөөрөмжөөсөө шалтгаалаад 500 сая ам.доллараас нэг тэрбум ам.долларын өртөгтэй. Энэ бүхэн ажлын зураг гарахаар илүү тодорхой болно. Ерөнхийдөө цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг олон жил хөндөж байгаа. Шийдэх хугацаа хэдийнэ өнгөрсөн. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй л байна. Нөгөө талаараа аль ч улсад цэвэрлэх байгууламжийн асуудал олон жил хөндөгдөж байж шийдэгддэг юм шиг байна лээ. Хөрөнгийн асуудлаас л шалтгаалдаг байх. Хот энэ асуудлыг бие даан шийдэх боломжгүй.
 
-Гэр хорооллын өрхүүд орон сууцанд орохоор цэвэрлэх байгууламжийн ачаалал ихэснэ. Өнөөдөр /өчигдөр/ Налайхын бохирын шугам ашиглалтад орж байна. Ганц Төв цэвэрлэх байгууламжид ачаалал өгөх бус бага оврын цэвэрлэх байгууламжийг барих болов уу гэсэн хүлээлт бий?
-Энэ төрлийн ажлыг хийж байгаа. Нийслэлийн ИТХ-аас шинэ техник, технологийг нутагшуулах тогтоол гаргасан байдаг. Энэ дагуу шинэ бага оврын цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотод нутагшуулах ажлыг хийнэ. Саяхан Германы техник технологийг нийслэлийн удирдлагуудад танилцуулж, туршилт хийхээр боллоо. Мөн газар шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд айлуудын дунд цэвэрлэх байгууламжийг туршиж, бодит судалгаа гаргана. Энэ мэтээр гаднын олон тоног төхөөрөмжийг танилцуулж байгаа.
 
-Өнөөдөр ашиглаж байгаа инженерийн дэд бүтцийн дийлэнх нь насжилт удаантай байдаг талаар албаны хүмүүс мэдээлдэг. Улмаар жил бүр л засварын ажлыг хийж байгаа. Нөхцөл байдал сайжирч байгаа юу?
-Анхны шугамыг 1959 оноос хойш ашиглаж байгаа. Тиймээс жил бүр л засварын ажлыг хийж байна. Нуулгүй хэлэхэд ашиглалтын байгууллагууд үнэ тарифаа тогтоодоггүй, хэрэгжүүлэгч агентлагууд тогтоодогт асуудал байдаг юм. Өнөөдрийн нөхцөл байдлаар шугамын насжилтыг тогтоогоод, шинэчлэхэд ажил хийхэд шугам сүлжээний насжилтын хурдыг гүйцдэггүй юм.
 
-Тодруулахгүй юу?
-Жишээлбэл, энэ онд зургаан тэрбум төгрөгийн элэгдэл байгуулаад, түүндээ тохирсон шинэчлэлийн ажил хийх боломжтой байгаа гэж тооцъё. Шугамын диаметрээс хамаараад энэ хөрөнгөөр 6-8 км шугам сүлжээг шинэлэх боломжтой. Нийслэлд 374 км шугам бий. Өнөөдрийн нөхцөл байдлаар жилд найман км шугамыг нь сэлбэх бололцоотой. Тэгэхээр 374 км шугамыг шинэчлэхэд олон жил шаардагдана. Мөн аж ахуйн нэгжүүдэд ч шугам сүлжээгээ шинэчлээд явах хөрөнгийн чадвар бүрдээгүй байгаа.
 
 
Г.Баярцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин