sonin.mn
Хоёр жилийн өмнө  140  хувийн өсөлт үзүүлж байсан барилгын салбар санхүүжилтийн улмаас  зогсонги болсныг “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармагийн үеэр мэргэжилтнүүд онцоллоо.
 
Барилгын салбарын өсөлтийн сааралт уламжлалт байдлаас ангижирч чадаагүй болон судалгаагүй байгаатай холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Өөрөөр хэлбэл барилга барихын тулд мэргэжлийн түвшинд, чанартай барилга босгож, цаг үетэйгээ нийлсэн маркетингаар явбал орон сууц борлохгүй хэмээн суухгүй гэсэн шүүмж өрнөсөн юм.
 
Барилгын салбарт бодит байдлыг уудалбал хямрал нүүрлээгүй. Харин чадамжгүй байдал борлуулалтыг унагаж байна хэмээн барилгын салбарын зарим мэргэжилтнүүд хэлж байв.
 
 Энэ үеэр Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн Захирал  Г.Батсүхээс дараах асуултад хариулт авсан юм.
 
-Өнөөдөр барилгын салбарынхан болохоосоо болохгүйг нь хүртэл ярилцаж байна. 2013 онд өсөлт дагуулсан барилгын салбарын эрч юунаас болж саарав?
 
- Нэгдүгээрт, эрх зүйн орчин таатай биш байна. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хууль, Хот төлөвлөлтийн тухай  хуулийг шинэчлэх шаардлагатай. Өнөөдөр мөрдөж буй барилгын тухай стандарт цаг үеэсээ хоцорчихлоо. Нэг ёсондоо манай төрийн бодлого барилгын  салбарт зөв явж чадахгүй байна.
 
Тийм учраас бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал нэмэгдэж буй юм. Мөн барилгын тооцоо, судалгаа шинжилгээ маш их дутуу хийгддэгтэй холбоотой. Үүнээс шалтгаалан бизнес эрхлэгчид урт хугацааны төлөвлөгөө, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлж чадахгүй сууна. Түүнчлэн төрийн бодлого шийдвэр тогтвортой бус, байнга өөрчлөгдөж байгаагаас болж барилгын салбарын эрч саарлаа.
 
-Хот төлөвлөлт нэг үеэ бодвол цэгцэрч байна. Үүнтэй уялдуулж барилга барих нөхцөл сайжирч байна хэмээн нийслэлийн удирдлагууд хэлдэг. Энэ хэр хөрсөнд бууж байна вэ?
 
 - Хотын төлөвлөгөөний дагуу  барилгынхан архитектур төлөвлөлтийн хүрээнд барилга барьж байна.  Зөвшөөрөлгүй  газраа байшин барьдаг  үе өнгөрсөн. Ойр орчмын үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчид, оршин суугчдаас зөвшөөрөл авч орон сууц барих талаар Нийслэлийн иргэдийн хурлын  төлөөлөгчид  журам гаргасан нь барилгын салбарынханд хүндрэл учруулсан.
 
Хотын ерөнхий  төлөвлөгөөний дагуу зөвшөөрөл авч  барилга барья гэхээр иргэд нь эсэргүүцээд, зогсоосон олон тохиолдол гарлаа. Тэгэхээр өнөөх хууль, дүрэм, журмын хэрэг болохгүй нь ээ. Улмаар оршин суугчдын  эрх ашгийг хамгаалах  нэрийн дор барилгын ажлыг зогсоож буй нь манай салбарынхны тулгамдсан асуудал болоод байна.  Яг үнэндээ  хууль дүрмээс давсан журмыг НИТХ гаргасан. Үүнийг далимдуулж иргэд барилгын компанийг эсэргүүцэж, мөнгө авдаг асуудал газар авлаа.
 
-Барилгын салбарыг урагшлуулах гол суурь хүчин зүйлс нь цахилгаан, дулаан, усны төвлөрсөн хангамж юм. Гэтэл энэ бүхэн гачаалд орж хүрэлцэхгүй байгаагаас  шинээр барилга барихад хүндрэлтэй байна гэдэг?
 
-Тухайлбал дулаан хангамжийн хувьд  маш хүндрэлтэй. Дулааны шугам сүлжээний газраас гаргасан  мэдээллээр өгөх боломжтой дулааны хэмжээ 12 Гкал/ц  байна гэсэн. Гэтэл дулаан авах, техник нөхцөл олгосон байдал нь 700 Гкал/ц гэсэн өндөр эрэлт байна.
 
Үүний цаана дахин гэр хорооллын төлөвлөлт, энэ олон хотхон хорооллуудыг барихаар төлөвлөсөн нь дулааны хүрэлцээ хангамж яагаад ч дийлэхээргүй гэдгийг харуулсан. Түүчнлэн манай улс дулаан хангамжийн шугаман дээр 15-20 хувийн  алдагдалтай байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
 
Тиймээс юун түрүүнд шугамын алдагдлаа бууруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ эрчим хүчний алдагдалтай олон угсармалууд бий. Үүнийг дулаалж шинэчилж чадвал хэмнэснийхээ үр дүнд  60 Гкал/ц  дулаан гаргах боломжтой.
 
Мэргэжилтнүүд нийслэлийн хэмжээнд дулааны шугам сүлжээний  49 хувийг шинэчлэх  шаардлагатай гэж байна. Ус сувгийнхны хэлж буйгаар  ус хангамжийн  шугам сүлжээний 70 хувийг солих  хэрэгтэй гэлээ. Энэ тоо бодит байдал ямар байгааг харуулж байна шүү дээ.
 
-Өнөөдөр барилгын салбарт гарч буй бодит хүндрэл нь юу байна?
 
- Нийслэлийн хэмжээнд 450 гаруй орон сууц, барилгын төсөл явж байгаагаас  тал хувь нь хэвийн үйл ажиллагаа явуулж буй юм.  Үлдсэн 200 гаруй  төсөл нь  санхүүжилтээс болоод зогссон.Иргэдийн худалдан авалт буурсан учраас орон сууцны зах зээлийн борлуулалт буурлаа. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга, дэд бүтцийн ажлыг хийсэн барилгын компаниуд ажлынхаа гүйцэтгэлийн хөлсийг авч чадахгүй байна.
 
Үүнийг дагаад барилгын гүйцэтгэгч, барилгын ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчид маань тухайн төсөл хэрэгжүүлж буй томоохон компаниудаас материалын үнээ авч чадахгүй гээд гурвалжилсан өрөнд орчихлоо.
 
Зарим компаниуд хоорондоо бартераар  байр худалдан авах  гэрээ хийж бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Эргээд нөгөө байр борлуулагдахгүйгээс үүдэн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчид санхүүгийн гачаалд байна. Дээр нь барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалтын урсгал бүр байхгүй болсон.  
 
-Орон сууцны үнэ “хөөстэй” байна. Энэ хөөс хэзээ хагарах бол гэсэн хүлээлт ард түмний дунд бий. Энэ тухайд?
 
 -Ипотекийн  8 хувийн зээл баталснаас хойш байрны эрэлт огцом өссөн. Жил орчмын хугацаанд 30 хувиар өснө гэдэг маш өндөр тоо. 30 хувь өссөнөөр барилгын салбарт тодорхой үнийн хөөс үүссэн нь үнэн.  Энэ хөөс  өнгөрсөн сарын байдлаар тодорхой хэмжээнд задарч буурсан. Өөрөөр хэлбэл үнэ бодит хөрсөндөө очлоо гэж үзэж байна.
 
-Барилгын чанар хэцүү байна. Нэг өдөр босоод ирэхэд байрны суурь хөдөлсөн. Гаднах фасад нь нурсан гэх мэдээлэл хөвөрсөөр л байна. Чанар хэзээ сайжрах вэ?
 
-Сүүлийн үед  барилгын компаниуд чанар дээр их анхаарч байна.  Төрийн байгууллагын зүгээс  ч хяналт шалгалт их хийдэг болж. Өмнөх үетэй харьцуулбал барилгын материалын чанар сайжирсан. Барилгын талбайд өөрсдөө цементээ зуурч, гараар хийдэг үе алсарч, бүх барилгууд үйлдвэрээс бетон зуурмагаа авдаг болсон. Энэ бол дэвшил. Мөн ур чадвар нь ч нэг үеэ бодвол сайжирч байна.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг