sonin.mn

Орон нутгийн нөхөн сонгууль болж өнгөрлөө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгуульд улс төрийн таван нам болон бие даагчид хүч үзэж, нийт 92 нэр дэвшигч өрсөлдсөн.


Сонгуульд оролцсон нам болон бие даагчдын талаар мэдээлбэл: Монгол Ардын Нам (МАН): 42 нэр дэвшигч, Ардчилсан Нам (АН): 40 нэр дэвшигч, ХҮН нам: гурван нэр дэвшигч, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН): нэг нэр дэвшигч, Их Эв Нам (ИХ нам): нэг нэр дэвшигч,


Бие даагч: таван хүн нэр дэвшин оролцжээ. Урьдчилсан дүнгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад МАН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Харин сумдын хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад АН-аас нэр дэвшигчид, нэг мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, хоёр мандат буюу 0.4 хувьд бие даагч сонгогдоод байна.


Албан мэдээнүүд ийм байна.Нөхөн сонгуулийн тухайд АН-ын дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын рейтинг олон нийтийн дунд өндөр байгаа ч сонгуулийн үр дүн үүнтэй нийцэхгүй байна.


Тиймээс сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг судлах шаардлагатай" гэж хэлсэн нь өөрийн оролцсон сонгуулийн талаарх дүгнэлт гэхэд болох байх. Мөн Улаанбаатар хотод 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн тогтолцоонд нөлөөлөх боломжтой бүтэц болсон гэж үзэж байгаагаа илэрхийлж, халамжийн мөнгө болон төрийн албаны тогтолцоогоор дамжуулан сонгогчдын саналд нөлөөлөх оролдлого гэлээ. Харин энэ талаар АН-ын Баянгол дүүргийн дарга УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар аймаг, сумдын нөхөн сонгуулийн үр дүнд намын дотоод дүрмийн зарим зохицуулалт сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэв. Тухайлбал, ИТХ болон УИХ-д нэр дэвшигчдэд намын тодорхой шатны гишүүнчлэлийн шаардлага тавьсан нь нэр дэвшигчдийн хүрээг хязгаарласан гэж үзэж байгаагаа хэллээ.


АН-ын даргын “Ардчилсан намын рейтинг олон нийтийн дунд өндөр байгаа ч сонгуулийн үр дүн үүнтэй нийцэхгүй байна” гэсэн нь үнэн үү. Үнэн юм бол орон нутгийн сонгууль байтугайд ялмаар юм.


Рейтинг өндөр ч сонгуульд ялагдаад байгааг судална гэж хэлэхэд хажууд нь зогсож байгаа гишүүн дотоод дүрмийн зохицуулалт сөргөөр нөлөөлж байна гэжээ. АН-ын яг дүрмийг нь харсангүй, харин орон нутгийн сонгуульд оролцоод ирсэн хүний яриаг сонсож байхад их сонин. Ирц энэ тэр байдгаараа л байсан, орон нутаг ямар байдаг билээ тийм л байлаа. Харин манай нэр дэвшигчдийг тоож байгаа “амьтан” алга гэв. Яагаад гэхэд МАН бол тэр сумын хамгийн алдартай хүнийг, хамгийн баян тарган хүнийг шууд намдаа элсүүлээд л сонгуульд сойж байна. Тэр хүн нь дор хаяж аймгийн алдарт уяач, бүр дээшээ бол тод манлай уяач, нутгийн хамгийн том хүнсний дэлгүүртэй хүнийг гэх мэт. Тэд нь морь ярьж яваад л юм уу дэлгүүртэй нь өрийн дэвтрээрээ даллаж байгаад л ялчих юм гэсэн.


Харин АН-ын дотоод дүрэм нь бүх шатны сонгуульд оролцох хүн суманд бол сумын намын удирддаг бүлэгт гишүүн байх, аймагт бол аймгийн намын бодлогын хороонд юм уу аймгийн намын бага хурлын гишүүн байх, УИХ-д бол намын бага хурал, ҮБХ-ны гишүүн байх зохицуулалттай аж.


Тэднийг намд нь хүн мэддэг байлаа гэхэд иргэд бол “гөлөөг” ч гэж тоодоггүй гэнэ. Намд нь ч бас нэг их мэдээд байсан юм байхгүй, яагаад гэвэл аль нэг дарга мөнгийг нь төлөөд өөрийн гарын хүнээ гаргаад ирсэн нь олонх аж. Энэ дүрэм онолоороо бол их “ганган” байх шиг. Харин бор дүрхэн амьдрал дээр бол явахгүй гэдэг нь харагдаж байна. Өөр ч олон юм байдаг бололтой, их нуршвал дэмий яриа болох учир хазаарлая.



Ө.ТУЛГА