Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 21,22-ны өдөр Улаанбаатар хотод болохтой холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг нар оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2014 оны 8 дугаар сард “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”- ыг “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, бүс нутгийн улс, хотуудын удирдлага Улаанбаатар хотод чуулсан. Форумд оролцогчдын саналаар тус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, тодорхой асуудлаар бүс нутгийн хотууд харилцан санал солилцон, хамтран ажиллаж байхаар тогтсон юм. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг зохион байгуулж байна. 

 

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин сүйдэх, хэв маяг нь алдагдаж байгалийн гамшигт үзэгдэл их болсноос Зүүн хойд Азийн хотын дарга нар дэлхий дахины ногоон хөгжилд анхаарал хандуулж,үүний эсрэг дэлхий даяараа бат тогтвортой зогсож, байгаль орчноо хамгаалах, ногоон технологи нутагшуулах зэрэг хөгжлийн чиг баримжааг тодорхойлон уриалга гаргаж байгаа. Энэхүү уриалгыг дэмжиж Улаанбаатар хот тус хуралдааныг бүс нутагтаа анхлан зохион байгуулж байгаагаараа онцлог гэж Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаатай хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагад тусгасаны дагуу холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот анх удаа Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болох шийдвэр гаргасан. Үүний дагуу судалгаа, боловсруулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд форумын үеэр харилцан санал туршлага, солилцож тус төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөж байна.

“Хотын ногоон хөгжил”форумд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан болон БНХАУ-ын Шэньжен, Карамай, Хөлөнбуйр, Хайнан, ОХУ-ын Улаан-Үд, Элиста, БНСУ-ын Сөүл, Японы Нийгата зэрэг хотуудын дарга, орлогч, экологи, ногоон хөгжил хариуцсан ажилтнууд, Дэлхийн банк, Азийн сан зэрэг ОУ-ын байгууллагын төлөөллүүд оролцоно.

Урьдчилсан хөтөлбөрөөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын Захирагч ноён Пак Вон Сүүн, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун,  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон бусад хотуудын удирдлага, ОУ-ын байгууллагууд Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн хандлага, тулгарч буй асуудлууд болон стратеги, Ногоон дэд бүтэц, Ногоон амьдралын хэв маяг, боловсрол, Хот суурин газрын цэвэр, тогтвортой эрчим хүч сэдвээр үндсэн илтгэл тавина.Энэ удаагийн форумаас Зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гаргах бөгөөд ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.