sonin.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах операци удахгүй өрнөл хэсэгтээ орох нь тодорхой болжээ. УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт одоогоор АН-ын Р.Амаржаргал, Ж.Батзандан, МАН-аас О.Содбилэг, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Л.Цог, Д.Тэрбишдавга, бие даагч Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн тэргүүтэй 15 хүн гарын үсэг зурж, нэгдсэн бөгөөд удахгүй МАН-ынхан бүлгээрээ гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Тэд Ерөнхий сайдыг Дубайд байгуулсан Оюу Толгойн гэрээгээ тайлбарлахыг өнгөрсөн хавраас шаардсан, одоог хүртэл хариу өгөөгүй, гэтэл уг гэрээ нь хууль бус байж гэсэн дүгнэлтэнд хүрч, огцруулах санал тавьж буйгаар улс төрийн үзэгдлээ зураглажээ. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар : “Бүлгийн зүгээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагахгүйн төлөө ажиллана.” гэсэн ч өмнөх Засгийн газрыг огцруулсан шиг эс үйлдлээр л Ч.Сайханбилэгийг өөрчлөх бүрэн боломж бий. МАН-ын 26+бие даагч 3+ эвслийн 4+Р.Амаржаргал, Ж.Батзандан –гээд нийт 35 санал дээр МоАХ, “Шонхор” фракцийн 3-5 хүн хуралдаа ирэхгүй байхад л УИХ-ын гишүүдийн олонхи Ч.Сайханбилэгийг огцруулна гэсэн үг.

Иймээс ч Засгийн газар огцрох нь тодорхой болж, дараагийн Засгийн газрыг хэн удирдах вэ гэдэг асуулт АН-ынхан дунд яригдаж эхэлжээ. УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд, Ардчилсан Хүчний Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын нэг нь Ерөнхий сайд болно гэсэн яриа Төрийн ордонд хамгийн хүчтэй байна. Гэхдээ үүнийг албаар хүмүүсийг төөрөгдүүлж буй бор шувуу, З.Энхболд өөрөө л Ерөнхий сайд болно гэх дүгнэлтийг эх сурвалж хэлж буй юм.

С.Сарнай