Яруу найргийн “Болор цом” наадам энэ жил 33 дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус наадамд тэргүүн байр хүртэж, Янжинлхам бурханд “таалуулсан”, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, отгон Болор цомын эзэн яруу найрагч Ц.Эрдэнэбаатар ийн "Утгын их хоймор”-т заларч буй.
 
Мянгад овогт Цэвэг-Очирын Эрдэнэбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Зоргол хайрхан уулын өвөр бэл “Хуучин уурхай”-н дэвсэгт 1981 онд мэндэлжээ. Нутагтаа бага, дунд сургууль, УЗНАДС-ийг төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш. утга зохиолын ажилтан мэргэжилтэй. 
 
Яруу найргийн “Нялх зүүд”/2006/түүвэр, “Шөнийн солонго” СО хэвлүүлж уншигчдын хүртээл болгожээ. Түүний бүтээлүүд 2004 оноос хойш уран зохиолын олон ном товхимол, СD-нд багтсан байна. Түүний шүлгийг нь бичсэн “Би монгол” тэргүүтэй 40-өөд зохиолын дуу эх орондоо хийгээд Өмнөд Монголд дуулагдан зарим нь хит болжээ. Тэрбээр яруу найргийн шилдэг бүтээлээрээ шилдэг залуу зохиолчид олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал /2009/, Төв аймгийн “Хүндэт тэмдэг” /2011/, МЗЭ-ийн нэрэмжит шагнал /2013/-уудыг тус тус хүртжээ.
 
-Дорно дахины шинэ жилийн мэнд  дэвшүүлье, дүү минь.
 
-Сар сайхан гаргалаа Танд ч сар шинийн мэнд хүргэе
 
-Манзушир хийгээд Урлагийн охин тэнгэр Янжинлхам бурханы ивээлд багтсан танд баяр хүргэе. Өнжүүлийнхэн ч өндөлзөж байгаа даа.
 
-Би Өнжүүлийн цэлгэр талдаа эрх дураараа үймүүлж өссөн. Нутагтаа яарч, Зоргол хайрхан, зон олонтойгоо золголоо. “Болор цом”-ыг хүртсэн найз олонтой ч өөрөө гардахад сонин мэдрэмж төрдөг юм байна. Их хөөрүү сэтгэлийг минь нутгийн маань уулс  танихдаа дэмнэсэн ч байх. 
 
20-иод жил яруу найраг бичиж, багшилсны үр шим юм даа. Тэгээд ч эр хүний мөчлөгийг 33 настай дүйцүүлдэг бол би энэ идэр настай золгож буй 33 дахь удаагийн наадмаас тэргүүн байр хүртлээ. “Болор цом” наадам бол зохиолч, уншигчдын хамгийн дөт гүүр. Яруу найрагч бүрийн хүслийг тээсэн болор цомыг хөлөрсөн атганд минь бариулж, их цэнгэл эдлүүлсэн мэргэн шүүгч нарт бас баярлалаа.
 
-Төв аймаг яруу найрагч олонтой. Ялангуяа Ардын уран зохиолч, Болор цомын эздээрээ бусад аймгийг хошуучилдаг.
 
-Манай аймаг бол яруу найргийн төв нутаг. Тэртээгээс л ахмад найрагчид маань энэ наадмын түрүүг хүртсэн. Цаашид ч олон тодорно. Нөгөөтэйгүүр Монголын утга зохиолын агуу ачааг дээрх өвгөд маань нуруун дээрээ үүрч яваа шүү.
 
-Энэ наадамд та хэд дэх удаагаа оролцож байна. Тэргүүн байр эзэлсэн шүлгээ хэзээ, ямар онгодоор буулгасан юм бол оо?
 
-2007 оноос хойш оролцохдоо Архангайд болсон “Болор цом”-д айрагдаж, Төв аймагт болсон “Болор цом”-д аман хүзүүдсэн. Дархан-Уул аймагт зохиогдсон “Болор цом” дээр шилдэг 10-т багтаж, тусгай шагнал авч байсан. Саяын түрүүлсэн шүлгээ би өнгөрсөн жил бичсэн. Сүүлийн үед манайхан суурин газар луу ихээр шилжих боллоо. Амьдралын их далайд хөл алдахгүйн тулд хүмүүс хүн чанараа гээж байна. Ийм л их айдаст автахдаа төрүүлсэн дээ. Манайхан эртнээс суурин газарт амьдарч сураагүй, их хотын соёлыг мэдэхгүй. Тэгсэн атлаа цаг хугацааны эрхээр өнөөдөр ингэж амьдрахдаа оюун санааны үзэл нь доройтож ч байж мэднэ. Миний энэ шүлэг зарим ухаантай хүнд таалагдаагүй нь мэдээж. Таалсан нь ч олон биз.
 
-Өнгөрсөн жилийн наадамд та дэд тэргүүн байрыг эзэлж байсан. Энэ жил даагаа нэхэхдээ гарцаагүй гэдэгтээ итгэлтэй байв уу?
 
-Яруу найраг гэдэг шүлгэн хүлэг мөн ч байнд нь адуу өгдөггүй болохоор би ногт ганзагалж ирээгүй. Зөвхөн шүлгээ уншиж, нөхөдтэйгөө сайхан өрсөлдье гэж бодсон.
 
-Айргийн тавд шалгарсан найрагчдын бүтээл ямар санагдав?
 
-Х.Эрдэнэбаатар, М.Уянсүх нар бол миний хуурай ах. Ялангуяа Эрдэнэбаатар ах бид хоёр их ойр. 90-ээд оны ах эгч нараас энэ хүнтэй олон жилийн өмнөөс нэлээдгүй ойрхон байж дээ. Л.Ганзул бид хоёр хар нялхаасаа нөхөрлөж ирсэн. Тэр миний амьдралд байдаг үнэ цэнэтэй хүмүүсийн нэг. Заримдаа би түүнд эрхэлж, зэмлэж ч явдаг. ёстой л өвөр түрийний андууд. Түүний шүлгүүд гайхалтай. О.Цэнд-Аюуш дүү маань яах аргагүй миний шавь. Би Д.Нацагдоржийн нэрэмжит УЗНАДС-ийг төгсч, ном заалгаж байсан. Харин сүүлийн жилүүдэд надтай яруу найргийн энэ их том наадамд дөрөө харшуулж, айраг амсч байгаад нь баярлаж бахдаж явдаг.
 
-Таны төгсөж, бас багшилж байсан УЗНАДС-иас авьяас билигт олон зохиолч, яруу найрагч төрсөн нь бахархалтай.
 
-Д.Нацагдоржийн нэрэмжит сургууль шүү дээ. Тэгэхээр Монголын утга зохиолын их ачааг  үүрч явах учиртай байж таарна.
 
-Шүлэг бичиж эхлэх үеийн шаналан танд хэр их мэдрэгддэг вэ?
 
-Бичиж байхдаа надад хачин сайхан мэдрэмж төрдөг. Харин сэдвээ олохдоо, олчихоод урлаж суухад тархины их тамлан хүртдэг бол төрүүлснийхээ дараа усанд живж, живж арай гэж амьд үлдсэн юм шиг тайвширдаг.
 
-Ихэвчлэн ямар сэдвээр бичдэг вэ. Анхны шүлгийнхээ талаар дурсаач?
 
-Яруу найрагч тухайн цаг үеийнхээ толь. Өнөөдөр нийгэмд юу болж байна вэ гэдгийг би илүүтэй мэдэрч бичихийг хүсдэг. Зарим үед онодог бол бусад үед цагаа олоогүй тохиолдол байж таарна. Үүнийг уншигчид тунгаах хэрэг. Анхны шүлгүүдээс би аавдаа зориулж бичсэн мөрүүдээ тод санадаг юм.
 
“...Намар оройхон шувууд ганганалдаж Нуураа цалгиан нисэн үймэлдэнэ Төрсөн нуурандаа эргэж хургасан дэгдээхэйгээ Төөрүүлж ядсан эх нь манан суухыг хүлээнэ Амьтны л үр дээ гэж аав минь санаашрахдаа Хавартаа эргэх нүүдлийн шувуудыг хараад Хагацаж ядан нулимс унагав..." гэж эхлүүлсэн. Тэр шувуудын ай, аав минь өрөвдөлт намайг хэтэрхий эмзэглүүлснээс утга зохиол руу хөтөлсөн ч байж мэднэ. Тэгээд ч миний аав аймаг орондоо шаггүй шүлэгч байсан.
 
-Чи бидний яруу найргийн багш яах аргагуй Бавуугийн Лхагвасүрэн. Өөрийн чинь дээлийн захыг мань хүн олон жил мушгисан байх. Сая бах нь ханаж баярласан биз ээ.
 
-Багш маань надад “Эрка, шүлэг гэдэг юм чинь өөрөө заавал зохиомжтой байх ёстой. Шүлгийн дотор талыг маш сайн анзаарч урлах Эстой. Тэрнээс биш олон гоё үгний цуглуулга, олон чамин давталт дэмий” гэдэг юм.
 
-Дүү минь, чи байн байн Өнжүүл тийш морддог. Улс төржөөд байдаг юм уу, эсвэл хэтэрхий нутаг амьтай хүү юү?
 
-Нутгийнхаа уул усанд очиход хийморь хачин гоё сэргэнэ шүү дээ, ах минь. Тэгээд ч нутагт маань, бүр хөдөө хоёр ах, эгчийнх байгаа. Миний хар нялхын хэвтэр болсон тэр дагшин нутагт бас болоогүй өөрийн минь нэр дээр хэдэн мал бий. Тэрийгээ бас эргэнэ. Та мэднэ дээ, манай Урд Өнжүүлийн уулс, Баруун, Зүүн Алтан-Овоо, Зараагийн булаг гайхалтай шүү дээ.
 
-Цом авсан даруйдаа өөрөө хан их Зоргол, Бага хайрханд баярлалаа гэж хэлж байх шиг байна билээ. Харин хүнд гэвэл хэнд чин сэтгэлээсээ илүү талархаж сууна?
 
-Мэдээж утга зохиол руу түлхсэн олон багш байна. Тэд бүгдэд баярлалаа гэнэ. Б.Лхагвасүрэн, Ш.Дулмаа, Шир.Цэнд-Аюуш болон Монголын эртний уран зохиол, дэлхийн уран зохиолыг амтлуулсан бүх багш нартаа талархаж байна.
 
-“Нялх зүүд”-ний дараа ном гарах шинж байна уу. Зүүдлээд л яваад байна уу?
 
-Яруу найргийн нэг түүвэр 2009 онд бэлэн болгосон. Гаргаж чадахгүй л яваад байна. Хэвлэх зардалгүйдээ гаргахгүй байгаа юм биш. Монголын утга зохиолд тэргүүхэндээ эвлэгхэн шиг үлгэр болчихоор ном гаргах юмсан гэсэндээ тэр. Түүхий шүлэг байж магадгүй гээд хадгалаад, дараад байгаа хэрэг. Өнөөдөр болсон болоогүй түүврээс илүүтэй “хариуцлагатай” туурвил чухал.
 
-Та саяны “Болор цом” дээр “Би хөдөө явлаа” гээд шүлгээрээ яруу тод тунхаглаж байна билээ. Нээрээ Төв аймаг руугаа явах гэж байгаа юм биш биз?
 
-“Суурин иргэншлийн цаг" шүлгийн дараа олон хүн “Жавхлан та хоёр айл амьдрах гэж байгаа юм уу” гэж асуугаад байна билээ. Болохгүй ч юм гэж байхгүй. Хамгийн гол нь бид нүүдлийн соёлоо эрхэмлэн дээдэлбээс их буяныг нь эдлэх юм аа. Энэ нь Монголын нийгмийн хөгжил болоод бусад олон юманд илүү дэмтэй. Заавал гэр орноо ачаалаад, авгай хүүхдээ чирээд сэвтээ чөлөөгүй нүүгээд байх нь хаашаа юм. Монгол хүн сэтгэл дотроо ч нүүж болно шүү дээ.
 
-Манай Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмаа, Н.Батжаргал нар аливаа соёлын арга хэмжээг үлгэр болохуйц сайхан хөтөлдөг. Өөрөө ч гэсэн тэднээс дутахааргүй туршлагатай сүрхий хөтлөгч. Яруу найрагч байх, хөтлөгч байх хоёр ялгаатай юу?
 
-Яруу найраг, арга хэмжээ хөтлөх хоёр тэнгэр, газар шиг зөрөөтэй. Юм хөтлөхөд би тийм сүслэлтэй биш. Хамгийн гол нь амьдрах хэрэгтэй байна. Хөтлөхгүй гээд яах юм.
 
-Зохиолч, яруу найрагчдын шинэ жилийн баярын арга хэмжээг та хөтөлж байсан. Нэг удаа “ёстой барахгүй юм байна” гээд татгалзаж байсныг чинь тод санах юм. Яагаад тэгж халширсан хэрэг вэ?
 
-Тэнд хэн ч намайг шоолж, басамжлаагүй. Маш их хүндэлж явдаг олон олон бичгийн мэргэд морилон ирсэн учраас өөрт үнэхээр хүнд байсан. Хүн өөрөө айдастай байвал юм хөтлөх битгий хэл нэг үгүүлбэрийг бүтэн эвлүүлээд хэлчих чадвар байхгүй болдог биз дээ. Тэгээд л сүрдсэний дээр болгоомжилсон хэрэг. Дараа нь ахиад нэг хөтөлж үзсэн. Задарч байна билээ шүү.
 
-Та цомоо гардаж аваад Зохиолчдын хороон дээрээ очиж хүндэтгэл үзүүлж байхад чинь би нэг үг хэлснийг санаж байна уу?
 
-Аан, хийсэн бүтээл тань 18.2 хувьтай байгаа шүү гэж үү. Би маш зөв гэдэг утга, ухаанаар хүлээж авсан шүү дээ, ах аа. Нас минь залуу байна. Хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байна. Таны хэлснээр 18.2 биш 1.8 хувьтай ч явж байж мэднэ.
 
-Чи өөрийгөө нас залуу хэмээн тайвширч үл болно. Яруу найрагчийн насны хувьд 30 гарчихна гэдэг хэвийж байна гэсэн үг шүү дээ.
 
-Яруу найргийн ертөнцөд өтөл хөгшин гэсэн ойлголт огт байдаггүй гэж боддог. Олон олон яруу найрагч 40 дөхөөд ирэхээрээ үргэлжилсэн үг рүү орцгоодог. Яруу найргаа чадахаа байж байгаа хэрэг биш. Томоохон хэмжээний бүтээл туурвия гэж өөрийнхөө өмнө том зорилго тавьж байгаа хэрэг байх.
 
-Яруу найраг гэдэг яг үнэндээ утга зохиолын хамгийн хүнд бөгөөд хамгийн том төрөл зүйл гэдэг нь нэгэнт батлагдсан шүү дээ.
 
-Уг нь яах аргагүй тийм.
 
-Хө.Эрка, Цэ.Эрка гээд  хоёр авьяаслаг яруу найрагч байна. Хоёулаа адил нуруутай, мөн ав адилхан шар царайтай, цацаа цалгиатай. Хоёулаа Болор цомын дэд болон тэргүүн шагналтай. Бас хоёулаа Ховдоос угсаа гарвалтай. Тийм болохоор өөрийгөө Эрка ахаасаа яаж салгаж авъя гэж бодож байна даа?
 
-Миний хувьд их том хүнтэй андуурагддаг тал бий. Салгаж авах нь ч хаашаа юм. Эрка ах бид хоёр уран бүтээлийн хувьд шал өөр үнэр, агаартай улс. Шүлгийн ай нь ч тэр. Эрка ахын шүлэг минийхээс тэс ондоо. Нэр нэгтний чих нэг гэдэг шиг ингээд л яваад байна даа.
 
-Мартсанаас, Болор цомыг тэргүүлсэн эхний гурван найрагчийг Монгол улсын Ерөнхийлөгч онцлон хүндэтгэлийн золголт хийсэн. Сэтгэгдэл ямар байв аа. Танд аминчилж юм хэлэх үү?
 
-Бидэнтэй Ц.Элбэгдорж гуай олон сайхан зүйлийн тухай ярьж, санал солилцсон. Яруу найрагчдыг Ерөнхийлөгч маань бусдаас онцолж, бусад зочид төлөөлөгчдөөс тусгайлан хүлээн авсан гээд бод доо. Тэгэхээр төр засаг маань монгол хүний сэтгэл оюуныг их дээдэлдэг болж байгаа юм байна даа гэсэн бодол эрхгүй төрсөн. Бид Хамаг Монгол хийгээд нүүдэлчдийн их утга зохиолын тухай олон юм ярилаа.
 
-“Утга зохиол, урлаг” сонины эрхэмсэг уншигч түмэнд хандаж та ярианыхаа төгсгөлд юу гэж хэлэх сэн бол?
 
-Үе үеийн цагийн нүүрэнд монголын их утга зохиолын болон дэлхийн утга зохиолын шимийг уншигч түмэндээ хүртээж байсан гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол -яах аргагүй нэгэн жарны түүхтэй “Утга зохиол, урлаг” сонин маань мөн юм. Тиймээс эл сонинд их ойр байсан халуун сэтгэлт уншигч хүн бүр гэгээрэлд их ойр байдаг байх гэж би ойлгодог. Уран зохиолд чин сэтгэлт уншигч түмэндээ ирж буй гал бичин жил танд дандаа гэгээн сайхан бүхэн цогцлон тогтноох болтугай гэсэн ерөөл хэлье дээ.
 
-Би асуулгүй үлдээсэн зүйл байж магад. Өөр нэмж хэлэх юм байна уу?
 
-Үгүй ээ, та зөндөө их юм асуулаа. Хангалттай.
 
-За тэгвэл, дараа улаан нүүрээр дахин учран золгож, хувийн бэлэг өгч дүүгийн амжилтыг мялаана аа. Ирж буй жил онгод урмыг тань улам их хөглөх болтугай!
 
2016 оны Хаврын эхэн сарын шиний тавны өдөр
Эх сурвалж: "Утга зохиол урлаг" сонин