Монгол улсын Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ 1993 онд Японы Оосака хотноо болсон Азийн соёлын форумд урилгаар оролцож, “Нүүдэлчин ард түмэн байгалийг шүтэх нь” сэдвээр лекц уншсан билээ.
 
Зохиолч маань байгалиа шүтэх үзэлтэн байж, хүн байгалийн мөнхийн харилцааны тухай олон бүтээл туурвисныг уншигч та бүхэн андахгүй. Зохиолчийн үнэт өв болсон лекцийг нийтийн хүртээл болгохоор Соёлын гавьяат зүтгэлтэн, номын багш Ломбын Нямаа ажаа манай сонинд ирүүлжээ.
 
Монгол хүний ааш зан, амьдралын зан заншлыг ихэнх гадаад хүмүүс ойлгоход хэцүү байдаг нь нууц гэж бодож байгаа байх. Үүнд нууц байхгүй гэж би тодорхой ,хэлж чадна. Гэхдээ Exoticism буюу харийн чамин сонин бол тусдаа л даа. Монголын түүхийг сонирхон судалдаг судлаач, гадаадын олон эрдэмтэн, аялагчид нь Чингис хааны эзэмшлийн үеэс эхлээд манай улсын үе үеийн урт түүхийн бодит байдлыг өөрсдийн дүрслэн бодсоныхоо хэрээр түүнийгээ сонин хачин болгож тайлагнамаар байгаа хүсэл дээр үндэслэн янз бүрийн нууцыг бий болгож иржээ.
 
Монгол улс сүүлийн 200 жилийн турш нилээн хэдэн гадаад оронд “холын цуурхал” болж ирсэн ч, Монгол хүний “нууц”-ыг мэддэг нь хоёр хөрш Орос, Хятад улс л байлаа. Монголчууд бид оршин буй газар, бүсийнхээ онцлог ялгаатай талыг дээдлэн, байгалийн хуулиар амьдарч ирсэн. Нүүдэлчин ард түмний эртний соёл иргэншлийг хэдэн 100 жилийн турш чадлаараа, тэр л байгаагаар нь өнөөг хүргэж ирсэн. Манай улс үүнээс өөрөөр амьдрах зам хайгаагүй “Баян арал” билээ.
 
Монгол улс ингэж л ирсэн бөгөөд цаашдаа ч энэ чигээрээ байна гэж бодож байна. Хүн төрөлхтний том нүүдэл эхлүүлсэн гэж яригддаг Дундад Азийн томоохон тал хээр нутаг. Дэлхийд хамгийн эртний эх газар бөгөөд монгол хүн нь амьдралын болон оюун ухааны баялаг уламжлалыг зохион байгуулж, энэ нь бүхий л хүн төрөлхтний соёл иргэншлийн нэг мөчир салаа болжээ. Монголчууд бидний бүх нууцад нүүдэлчин ард түмний амьдралын байдал, олон янзын ойлголтууд багтана. Хэрвээ бид Төв Азийн хаа нэгтээ баянбүрдэд ч юм уу, өмнөд далайн хаа нэгтээ арал дээр амьдарч байсан бол Монгол улс бий болж чадахгүй байсан биз ээ гэж боддог. Тэгсэн бол монголчууд бид юуны өмнө нүүдэлчин ард түмэн эсвэл Монгол гэж яригддаг газар нутагт амьдарч байгаа хүмүүс гэж тодорхойлогдоход хэцүү байх байсан.
 
Өмнө зүгийг говь хэмээх том элсэн цөл, үлдсэн гурван зүгийг уул нуруугаар хүрээлэгдсэн өргөн уудам тал хээр нутгаар хүрээлүүлсээр өнөөг хүргэсэн цөөн монголчууд бид нүүдлийн аж амьдралаар XXI зууныг угтаж байна. Дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны үед ч Монголын хүн ам цөөхөн байсан. Одоо ч цөөхөн бөгөөд ирээдүйд ч олон болно гэж үгүй байх аа. Өөрөөр хэлбэл байгалиасаа ийм л хувь заяа оноосон ажээ. Байгальдаа итгэж, байгалийн ёс журмаас гажиж өөр хувь заяагаар амьдарч ирээгүй гэдгийг баттай хэлж чадна. Тал хээрийн монголчууд бидний шүтлэг бишрэл нь үргэлж бурхан шашны сургаал байсан. 2000 жилийн өмнө анхны улс гүрэнг байгуулсан Фүн угсаатан-Кёодбгийн үеэс өнөөг хүртэл шүтэж ирсэн бөөгийн шашин болон Чингис хааныг дагаар орсон том, жижиг хаадын үед орж ирсэн ламын шашны үед ч, монгол хүн уул усаа бурхан хэмээн тахин шүтэж ирсэн онцгой заншлыг нэг удаа ч завсардуулж, орхигдуулалгүй хадгалсаар ирсэн билээ.
 
Гэхдээ Монголд дэлхийн гол шашны урсгал орж ирэх үүд хаалга чөлөөтэй нээлттэй байсан байна. Дэлхийн нүүдэлчдийн дунд ч үнэхээрийн нүүдэлчин ард түмэн гэж хэлэгддэг монголчуудын чадлаараа хадгалж авч ирсэн нүүдлийн соёл иргэншил нь хүн ба байгалийг зохицолдуулах байгалийн хуулийг зөрчих ёс байгаагүй боловч манай Монгол өнгөрсөн 70 жилийн турш социализмыг бүтээн босгохын тулд суурин газар луу эрчимтэйгээр шилжиж, хүн амын бөөгнөрлийг явуулсан үр дүнд монголчуудын амьдралын үндэс болсон мал аж ахуй, эдийн засаг нь уналтанд орж, зан заншил болон бичгийн соёл нь дорд үзэгдэх болсон. Нүүдэлчин малчин ард түмний амьдралын хэв загвар Монголын хөгжлийг хоцроож байна гэсэн үзэл баримтлал одоо ч гэсэн бидний дунд хүчтэй хэвээр байгаа нь ив илхэн байна.
 
Эртний уламжлалт бичиг соёл, хэв журам, хууль, шашин шүтлэг, гүн ухаан, ёс суртахуун, мэдлэг энэ бүгд нь нүүдэлчин ард түмний соёлын үнэт эрдэнэ юм шүү дээ. Тэд маань амьдралынхаа туршид гадаад ертөнц рүү чиглээгүй биш тийшээ хүсэл тэмүүлэл дүүрэн байсан. Тэдэнд Цагаан хэрэм хэрэг болоогүй, хэрвээ их далайг мориор туулбал эсрэгээрээ тэнд юу байгааг судлахын тулд бүхий л бэлтгэлээ хангах байсан. Гэхдээ тэдний амьдралын дээд утга нь тал хээр нутаг нь л байсан юм. Энэ ярьж байгаа зүйл маань нарийя төвөгтэй, урт түүхтэй тал хээрийн монголчуудын дүр төрхийг харагдуулж байгаа бодит эргэлзээгүй зүйл юм.
 
ЭНЭ МОНГОЛ ГЭЖ ХЭН БЭ?
 
Байгалийн үр садын хувьд шууд хэлбэл, бурхан бодит зүйл болж, бодит зүйл нь бурхан болдог бурханы сургаал нь эргэн тойрны байгальтай нягт холбогдонгоо амьдралын төлөөх хангалуун, шилдэг бодлыг төрүүлж өгдөг юм. Өвөл 40-50 хэм хүйтэрч, зун 30-40 хэм халж, хавар нүдээ олохооргүй шороон шуурга, хар салхи салхилдаг ийм хатуу ширүүн цаг агаартай нутагт амьдарч байгаа нүүдэлчин малчин ард түмэн гээд төсөөлөөд бод доо. Унага нь хад чулуун дээр төрж сайн морь болдог, хүүхэд нь эсгий гэрт дэвссэн үхрийн ширэн дээр төрж хүн болдог энэ л замаараа байгальтай уялдаа холбоотойгоор амьдарч, монгол хүний үзэл бодол, зан заншил нь оршин тогтнож буй.
 
Энэ нь өлөн элэг, өлсгөлөн ходоодны хоол нэхэлт, цангаа бопон эрс тэс хүйтнийг даван туулах зориг юм. Их тал хээр нутагт 1-2-хон шомбогор гэр, тэр гэрүүддээ амьдрахын төлөө бусдаас гуйлгүйгээр өөрийнхөө хүчээр л амьдрахгүй бол болохгүй гэдгийг бүр бага балчраасаа ойлгодог. Тав зургаан настайгаасаа морь унаж сурахгүй бол яг л далавчгүй шувуу гэсэн үг. Нүүдэллэн амьдардаг учраас хүн хүнээ хайрлах сэтгэл нь таньдаг ч бай, таньдаггүй ч бай, ойрын ч бай, холын ч бай хүмүүстэй маш хүндэтгэлтэйгээр хандаж, зочдыг дээдлэх ёсон төржээ. Монголчууд эртнээс бичиг үсэгтэй байж, энэ бүс нутаг дээр төрөл бүрийн заншил, хэл соёлтой хүмүүс амьдарсаар байна.
 
Өөрсдийн амьдралын байдлыг хүчээр үзүүлэх бус, ядуу гэрт нь орж хоолыг нь идсэн хүнд хүүхэд шиг л баярладаг. Аян замд ядарсан аянчин гийчин эзгүй хойгуур нь гэрт нь ирээд бэлдэж тавьчихаад явсан идэж уух юмыг нь идээд, амарч байвал “нэрэлхэх сэтгэлгүй ямар сайн хүн бэ” гэж дүгнэдэг. Хээрийн хүний энэ эелдэг сайхан сэтгэл нь ганцаараа эрх чөлөөтэй юм шиг амьдарснаас бусдын эрхэнд хүнд хэцүү байсан ч нэг нэгнийгээ хүндэтгэн, хайрлан амьдарч сурсан гэдгийг харуулж байна. Монгол хүнийг харааны хүрээ өргөнтэй гэж хэлэх нь зөв болов уу. Өнөөгийн соёл, дэлхийн хөгжлөөс өөрсдөдөө тохирох зүйлийгавч чадсан, холын орны хүн зөвхөн гаднах төрхөөр нь харж, ядуу буурай амьдралтай гэж бодохоор боловч доторх сэтгэл зүрх нь маш баян хүмүүс билээ, бид. Гэсэн ч нүүдэлчин малчдын амьдрал нь мэдээж суурин амьдралаас өөр олз эзэмших боломж нь ч бараг байхгүй байж мэдэх юм.
 
Тэдэнд онцлог бий. Морио унаж ирсэн уламжлал нь онцлог нь болж өгдөг. Сайхан морь, тохирсон эмээл, зүүсэн чимэглэл. Цэцэг навч цэцэглэсэн зуны сайхан улирал дахь тэр тал хээр нутаг, бөртийх ч үүлгүй хөх тэнгэр. Нар салхинд борлосон царай, мах шөл нь таарсан бие, яралзсан тэгш цагаан шүд, хав хархан нүдтэй бүсгүйг үзэсгэлэнт бүсгүй гэж хэлж чадна. Энд өнөөдөр Орос, Японы мотоцикп, замгүй газраар давхих жийп машин гоё сайханд тооцогдож байна. Монголын тал хээр нутаг нь анхнаасаа л уужуу тайван байсан. Малчид нь яаруу сандруу зүйлд дуртай биш. Гадаадынхан энэ байдлыг нь хараад залхуу хүмүүс гэж бодсон явдал бий.
 
Гэвч ажиллаж байгаатай нь нуруу эн зэрэгцэх үндэстэн байхгүй биз ээ. Нүүдэлчин малчдын ажил бол суурин амьдралынхаас огт өөр юм. Амьдралынхаа тал хагасыг морины нуруун дээр өнгөрөөж, ажлынхаа араас дөрвөн улирлаар амралтгүй дагаж явдаг ийм л хүмүүс. Тэдэнд цаг хуваарилах шаардлага ерөөсөө байхгүй. Нэг өдрийг бага үд (9-11 цаг), их үд (11-14 цаг), үд хэвийх (14-17 цаг), үдэш (орой), орой (шөнө) гэж хуваахад л хангалттай, харанхуй болохоор унтаад, гэгээ гарангуут босно.
 
Зуны улиралд мах бараг иддэггүй, голдуу цагаан идээгээр хооллодог. Өвөл махан хоол идэж, илч хүчээр нь хүйтэн өвлийг даван гардаг. Монгол хүний гэрлэлт, салалтын заншил ч гэсэн хээр нутагтай холбоотой. Залуу хосууд малын бэлчээр дээр танилцаж, малын нүднээс өөр нүд байхгүй газар суун тухтай ярилцаж эхэлдэг. Хосын морьд нь бие биеийнхээ хүзүүн дээр толгойгоо сөөлжлөн тавиад, бага үдэд эхэлсэн эздийн яриа үд хэвийх, эсвэл бүүр нар жаргасан хойно дуусах хүртэл цагийг хүлээхээс өөр замгүй. Сексийн хувьд тэд барууныхнаас эрх чөлөөтэй, өөрсдийн хүслээр байдаг уламжлалтай. Хөдөө хээр төрсөн ч өөрийн хүүхдээ гэж үзэн, хуулинд хүлээн зөвшөөрөгдөөгүй гэх үзлийг буруушаадаг юм. Хүүхдүүд нь багаасаа гэрийн ажилд туслан, эрх чөлөөтэйгөөр өсдөг. Тал хээрийн Монголын тухай ийм байна.
 
XX зууны сүүлч үеэс Монголын нүүдэлчин малчдыг ямар хувь заяа хүлээж байгаа бол. Ардчилал өөрчлөлтийн нөлөөгөөр тэгш эрхт эдийн засаг уналтанд орж, нэгдлийн малыг маллах бүхэн л хувь хувийн амьдралаа хөөж байна. Ингэснээр хуучин өнгөрсөн юм болчихоод байгаа тэр юм бүхний цар хүрээ дахин сэргэх болов уу, эсвэл одоогийн малчдын соёл иргэншил болох зүйлийг нээн өгч чадах уу, эдгээр асуудлууд яригдсаар байгаа нь бодит явдал юм. Малчдын соёл иргэншил болж байгаа зүйл огг байгаагүй гэж үү? Үүнд чиглэсэн асуудлуудыг Монголын эрдэмтэд, боловсролтонгууд бодож тунгааж байна.
 
Мөн Япон; Солонгосын эрдэмтэд ч судалж байна. Тал хээр нутагт шинэ хот байгуулахад боломжтой гэж хувь хүний үүднээс бодож байгаа. Нүүдэлчдийн нүүлт ч цаашид үргэлжлэх болно оо. Гэхдээ амьдрал, ажил хөдөлмөрөө хөнгөвчлөхийн тулд цахилгаанжилтын тоног төхөөрөмжийг шинэ хотдоо суурилуулах нь хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр Монголын социализмын үеийн үргүй зардал болсон хотыг хэсэгчлэн тараах хэрэгтэй болно.
 
Экологиос харвал байгаль нь хэвээрээ үлдэж байгаа цөөхөн хэдэн орны нэг Монголд Япон шиг өндөр хөгжилтэй том улс хөрөнгө мөнгөөр тусламж үзүүлбэл гэж бодож байна. Бид дэлхийг ариун дагшнаар байлгах сэтгэл зүрхтэй билээ. Японы та бүхэн Оосакагаас Монголын тал хээр нутагт очоод, алсын салхины амт, цэлмэг тэнгэрийг сонирхоорой. Тал хээрийн монголчууд ч танай том хотын гайхамшгийг бас харж болно биз дээ. “Оосака дэлхийг харж, дэлхий Оосакаг харна” гэсэн та бүхний гаргасан энэ сэдэвтэй миний саяын хэлсэн үгийн утга яг таг таарна гэж бодож байна.
 
 
С.Эрдэнэ