Монгол улсын Засгийн газар ОУВС-ийн ажлын хэсэгтэй зургаан cap хэлэлцээр хийн байж тохиролцон «Extended Fund Facility» буюу «Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр»-ийг хэрэгжүүлэхээр болоод байна.
 
Засгийн газар уг асуудлаар хуралдан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн тодотгол хийх асуудлыг УИХ-д өргөн барьж байна. Энэхүү тодотголыг УИХ ээлжит бус чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 440 сая ам.долларын зээл авахаар болсон. Мөн ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна.
 
Тэгвэл ОУВС манайд хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн хатуу нөхцлийг тавьсан. Тиймээс Засгийн газар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болоод байна.
 
Нэмэгдэх татварууд:
 
Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1 -нээс
-  Хүн амын орлогын албан татварыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх
-  Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
-  Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
-  Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
-  Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.
-  Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх
-  Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
 
Үүнээс гадна төсвийн зарлагыг бууруулах арга хэмжээний хүрээнд дараах өөрчлөлтийг хийнэ.
 
-   2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй. Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө.
-   Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн.
-   Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
 
-   Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үүний үр дүнд өртөг 10 хувь бууруулна.
 
-  Нийгмийн халамжийн давхцуулахгүй байх чиглэл бас өгсөн.
 
- Төрөөс цэргийн албан хаагчид орон сууц болгох эсвэл түрээсийн мөнгө өгөх заалт баталсан билээ. Энэ хүрээнд төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн зардал үүсэхээр байсан. Харин үүнийг ОУВС-аас хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох заалт оруулжээ.
 
- Ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлнэ. Ингэхдээ ОУВС- ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газарт шилжүүлэхээр болсон. 2018 оноос ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжүүлж, 2017 онд одоо хэрэгжиж байгаа журмаа хадгалж үлдэнэ гэж буй.
 
Энэ бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэхээс гадна эрх баригчдыг шүүмжлэх шүүмжлэлийг өрнүүлээд байна. Тухайлахад өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор найман төрлийн татварыг нэмэх санал оруулж ирж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учир дээрх саналаа эргүүлэн татаж байлаа.
 
Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тодотголын тухай хуульд хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, архи тамхины онцгой албан татварыг нэмэх, үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш байрнаас татвар авах, автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол татвар авах, 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгаж байлаа. Одоо тэгвэл зургаан сарын өмнөх татвар нэмэх асуудал бодитой болж байгаа нь энэ.
 
Эдүгээ МАН сонгуулийн өмнөх болоод сонгуулийн дараа Засгийн газраа байгуулсныхаа дараа өгсөн амлалтуудаа эргэж харахаас аргагүй болсон нь ойлгомжтой болж байна. Хүүхдийн мөнгийг 2019 оноос бүх хүүхдэд олгоно гэсэн. Тэр хүртэл 60 хувьд нь олгоод дараа нь 2019 онд нөхөн олгоно гэсэн. Гэтэл хүүхдийн 20 мянгыг 60 битгий хэл 40 хувьд олгохоор болсон нь асуудал дагуулж байна. Цалингийн асуудал гэхэд хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт зөвшилцөлд тусгаснаар нэмэгдэх ёстой ч хөдөлгөхгүй гэж байгаа нь МҮЭХ-г мэдэгдэл гаргаж, улмаар тэмцэхэд хүргэнэ. Энэ мэтээр ОУВС-тай тохиролцсон асуудлууд хэл амны бай болж эхэллээ.
 
Гэвч эцэст нь тэмдэглэхэд улс орны эдийн засаг, санхүүгийн байдал үнэхээр хүндэрчихсэн ийм үед ОУВС-тай хийж байгаа тохиролцоог ажил хэрэг болгон улс орноо хямралаас гаргах нь хамгийн зөв гарц байх. Монгол улс ОУВС-тай тохиролцож хөтөлбөр мэдээлэл цацагдмагц олон улсын зах зээлийн үнэлгээний Fitch агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулах гэж байснаа больсон тухай сайн мессеж ирж байна.
 
Мөн Монгол улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаараа төсвийн сахилга баттай болж, эдийн засаг эрүүлжих хөрс суурь тавигдах болно. Гурван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөрийн үр дүнд төлбөрийн тэнцэл сайжирч, макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд болон урт хугацаанд өрийн дарамт буурна.
 
О.Ганхуяг
Эх сурвалж: "Business times" сонин