ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ОРОС-ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
 
БНХАУ-ын Боао хотод 2016 оны гуравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болсон Азийн чуулган дээр хэлэлцсэн чухал сэдвүүдийн нэг нь Алс Дорнодын хөдөө аж ахуйн салбар дахь Орос-Хятадын хамтын ажиллагаа байсан юм. Энэ салбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дутуу үнэлдэг бөгөөд хөдөө аж ахуйн салбар нь хүн төрөлхтний өдөр тутмын чухал хэрэгцээг хангаж, олон тэрбум доллар эргэлдэж байдаг гэдгийг мартах хэрэггүй билээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ нь асар их юм. Хятад улс нь дэлхийн хүнсний ногооны 60 хувийг, жимсний 30 хувийг үйлдвэрлэж байна. Хятадын бүтээгдэхүүнийг Европ болон Өмнөд Америкийн олон оронд, түүний дотор Орос, АНУ худалдан авдаг. Хятадын экспортын орлого ойролцоогоор 20 тэрбум доллар ажээ. 2016 оны гуравдугаар сард Хятадын Хөдөө аж ахуйн сайд Хань Чанфу хэлэхдээ хөдөө аж ахуй нь хамгийн өндөр түвшинд дэмжиж байгаа, ОХУ - БНХАУ-ын хоорондох хамтын ажиллагааны чухал салбар бөгөөд хамтын ажиллагаанд аль хэдийн амжилт олоод байна. Цаашдаа худалдаа, харилцан хөрөнгө оруулах замаар хөгжүүлэх бүхий л арга хэлбэрийг хайх шаардлагатай байна гэж хэлсэн юм. Ялангуяа Оросын хөдөө аж ахуйн салбарт Хятадын хөрөнгө оруулалт хамгийн их хэмжээтэй байгаа Алс Дорнодод эрчимтэй хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаа билээ. Түүнчлэн Хань Чанфу нь Хятад улс ОХУ-ын зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн экспортлохын сацуу Оросын бүтээгдэхүүнийг Хятадад экспортлохыг бүрэн дэмжиж байна гэж хэлсэн юм. Түүний хэлснээр, Орос ба Хятад нь бүтээгдэхүүний тодорхой төрлөөр бие биеэ нөхдөг болох аж. Одоогоор Хятадад экспортолж буй Оросын хүнсний бүтээгдэхүүний хэмжээ их биш юм. Тэгэхдээ хэтийн төлөв маш их бий. БНХАУ-ын хүн ам хурдацтай хотжиж, хөдөө аж ахуйд ажилчид цөөрч байна. Харин төрөлтийг хязгаарласан хориг саяхан тавигдсаны дараа удахгүй хүн ам багагүй хэмжээгээр ихсэхэд хүрнэ. Одоогоор өсөн нэмэгдэж буй Хятадын зах зээлд шинэ орон зайг эзлэх нь Оросын хувьд маш чухал юм. ОХУ нь Хятадад үр тариа, гурил, ургамлын тос, архи, согтууруулах ундаа, амттан экспортолж байна. 2015 онд л гэхэд 3 тэрбум рублийн башкирын зөгийн бал Хятад худалдан авсныг тэмдэглэх нь зүйтэй. 2015 оны арван хоёрдугаар сард Бээжинд бусад төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавих ургамал, хорио цээрийн шаардлагыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурлаа. Хятад улс эрдэнэ шиш, улаан буудай, рапс, цагаан будаа, шар буурцаг гэх мэтийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлохоор төлөвлөөд байсан юм. БНХАУ-ын сайд ОХУ-ын экспортыг дэмжихээ мэдэгдсэн боловч Россель Хознадзорын хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэнчлэн Оросын тал ихээхэн хүчин чармайлт гаргаж байж Хятад руу экспортлох зөвшөөрлийг авсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хэдэн жилийн хэлэлцээний дүнд Хятадын мэргэжилтнүүд Оросын бүтээгдэхүүнийг шалгах ажил зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тэд бүтээгдэхүүний чанар, хяналтын түвшнийг өндрөөр үнэлсэн билээ.ОХУ-ын хэд хэдэн бүс нутаг экспортод гаргах зөвшөөрлийг авсан ба түүний дотор Эрхүү муж, Красноярскийн хязгаар байлаа.Красноярскийн хязгаарын экспортод гаргах бүтээгдэхүүн нь үр тариа байв. Зөвшөөрөл нь зөвхөн үр тарианд хамаарах бөгөөд өндөр үнэ хүрэх үр тарианаас гаргасан боловсруулсан бүтээгдэхүүнд хамаарахгүй байсан юм. Красноярскийн хязгаарын боловсруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох зөвшөөрөл авах ёстой ба холбогдох хэлэлцээр аль хэдийн хийгдэж байгаа болно. Хятад улсад рапс импортлох Эрхүү мужид тулгарч буй асуудал нь яг адилхан юм. 2016 оны хоёр сард Эрхүү мужийн захирагч Сергей Левченко ОХУ-аас Хятадад экспортолж буй барааны 80 хувийг дамжуулан зөөвөрлөдөг Манжуур хотын дарга Сюй Айлянь-тай уулзалт хийхдээ энэ тухай ярилцсан аж. Уулзалтын үеэр Сергей Левченко Эрхүү мужийн хувьд эцсийн бүтээгдэхүүн борлуулах нь илүү ашигтай байна гэж ярьсан бөгөөд рапсын тос үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөж байгаа тухайгаа хэлсэн байна.
 
Тэгэхдээ ОХУ-ын янз бүрийн  нутагт, удаан хугацаанд, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлсээр байгаа билээ. ЕХ-ны бүтээгдэхүүн нийлүүлэх хоригийн дараа Оросын жижиглэн худалдаачид шинэ ханган нийлүүлэгч олох шаардлагатай болсон юм.Мэдээж энэ нь Хятадын худалдаачдад тоглолт хийж боломж олгож, Хятадын ханган нийлүүлэгч илүү таатай нөхцлөөр худалдаа хийх боломжтой боллоо. Одоо Оросууд Хятадад ургадаг олон төрлийн ногоог импортлон авч байна. Төмсийг тусгайлан дурдах нь зүйтэй байх. Төмсийг Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тариалж байгаа бөгөөд БНХАУ-ын Засгийн газар төмсийг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгохоор төлөвлөж байна. Төмсийг үйлдвэрлэж, хэрэглэх явдлаараа Хятад улс дэлхийд 1-р байранд, 2-рт Орос жагсаж байгаа юм. Ийм  учраас энэ ногоо нь Орос-Хятадын хамтын ажиллагааны хамгийн чухал зүйл болж байна. Приморийн хязгаар, Сахалин мужийг хариуцдаг Россельхознадзор-ын удирдлагын хэвлэлийн албаны мэдээлснээр Приморийн хязгаар гэхэд л 2015 оны хоёрдугаар хагас жилд 10 мянга орчим тонн төмсийг Хятадаас авчээ.
Гэсэн хэдий ч анх харсан шиг бүх зүйл үүлгүй цэлмэг биш ээ. Оросын зарим мэргэжилтэн БНХАУ-ын экспортод гаргаж байгаа ногоонд химийн бордоо их хийж байгаа тул цаашид нэмэгдүүлэх нь зөв үү гэсэн асуулт тавьж байгаа юм. Европын нийлүүлэгчийг Хятадаар хурдан солих шаардлага нь БНХАУ-аас импортолсон бүтээгдэхүүний чанарын хяналтыг бууруулахад хүргэнэ гэсэн айдас бас байгаа аж. Россельхознадзор энэ хяналтыг зохих түвшинд байх болно гэж хэлсэн байна. Гэсэн ч БНХАУ-аас ОХУ руу импортолж байгаа бүтээгдэхүүнийг нарийн хяналтын дор шалгаж байгаа бол Хятадын фермерүүд ОХУ- ын нутаг дэвсгэр дээр ургуулсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэд тийм хяналт байхгүй байна. Оросын газар дээр ажиллаж байгаа Хятадын тариаланчид их байгаа бөгөөд тэд тэр болгон ОХУ- ын хууль тогтоомжийг сахидаггүй билээ. Хятадын фермерүүд химийн бодис, өсөлтийг дэмжигч гэх мэтийг ямар ч хяналтгүйгээр ашиглаж дассан байна. Энэ явдал нь хөрсөнд, байгаль орчинд болон хүн амын эрүүл мэндэд хортойг БНХАУ-ын өөрийнх нь жишээ харуулж байна.
 
Шинжээчдийн дүгнэлтээр бол Хятадын тариачид Оросын нутаг дэвсгэр дээр хэрэглэхийг хориглосон бодисыг олонтоо хэрэглэдэг бөгөөд хэрэглэхийг зөвшөөрсөн бодисыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс олон дахин өндрөөр давуулан хэрэглэдэг ажээ. Тухайлбал саяхан Свердловск мужийн Россельхознадзор-н удирдлага өөрийн нутаг дэвсгэр дээр борлуулж байгаа хүнсний ногооны 50 гаруй хувь нь эрүүл мэндэд аюултай түвшинд химийн бодис агуулж байна гэж мэдэгдсэн байна. Үндсэндээ энэ нь бүс нутагт дүүрэн байдаг хятадын тариаланчдын хүлэмжид тарьсан ногоо юм. Тэгэхдээ Оросын мэргэжилтнүүдэд танигдаагүй химийн бодис ашиглаж байгаа нь ОХУ-ын лабораторид илрүүлэхэд хэцүү болгож байгаа аж. Энэ аргаар ургуулсан ногоог дотоодын үйлдвэр- лэгчдийн гэрчилгээтэйгээр, дотоодын баглаа, боодолд савлаад томоохон жижиглэнгийн худалдааны сүлжээ, жижиг дэлгүүрийн тавиур дээр зарж байгаа юм. Ийм хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглэх нь харшил, тэр ч байтугай хорт хавдрыг үүсгэдэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ асуудал нь Хятадын фермерүүд ажилладаг бүх бүс нутагт байгаа юм. Ийм байдлаар Хятадтай хөдеө аж ахуйн талаар хамтран ажиллах нь ирээдүйд том хэтийн төлөвтэй боловч багагүй эрсдэлтэй билээ. Орос орон энэ салбарт аюулгүй байдлаа хангахын тулд Хятадын тариачдын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвхөн чанартай бүтээгдэхүүн лангуу дээр тавьдаг болгох алхам хиймээр байна. ОХУ-ын хоол тэжээлийн аюулгүй байдлыг хангахын тулд Хятадын ханган нийлүүлэгчтэй харилцаагаа сайжруулах төдийгүй өөрийгөө зөв ойлгуулах хэрэгтэй байгаа юм.
 
Улс төрийн тоймч Дмитрий Бокарев
http://ru.journal-neo.org
 
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин