УИХ-ын хаврын чуулганы хуралдаан өнөөдрөөс эхэллээ. Эрхэм гишүүд маань ирцээ бүрдүүлээд спикерийн баталсан асуудлуудыг дарааллын дагуу хэлэлцээд л яралзтал сайхан ажиллах нь юу л бол?!
Улс төрийн уур амьсгал эвгүй, хахир хаврын хавсарга ширүүн байх төлөө байдал нэгэнт бүрдчихээд байгаа ийм үед хэлэлцүүлгүүд нь хэрүүл болох магадлал өндөр харагдана Намрын чуулган завсарласнаас хойш нам жим байсан Ардчилсан намын гишүүд ам ангайвал арцалдахад бэлэн байгаа болов уу. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд тэдний эрх барих үедээ хэрэгжүүлсэн бодлого, хийсэн ажлуудынх нь мөрөөр мөрдөлт, мөшгөлт хэдийнээ эхэлж, баривчилгаа, яллагаагаар үргэлжилж байна.
Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ, уг төсөлтэй холбоотой дараагийн томоохон шийдвэр болох Дубайн гэрээний асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт, ЕрөнхиЙ сайд асан Ч.Сайханбилэг нарыг АТГ шалгаж эхлэв. Тэднийг авлигын хэрэгт сэжиглэж байна уу, аль эсвэл бодлогын алдаанд нь буруутгаад байна уу гэдэг анхаарал татсан сэдэв үүслээ.
“Гуя дагуулж хүзүү” гэдэг шиг Сангийн сайд асан С.Баярцогтыг Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсантай хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхантай хамт Дубайн гэрээгээр шалгахаар болсон байна. Тэднийг шалгах, байцаах үндэслэл байгааг үгүйсгэхгүй ч үүнийг Ардчилсан намын зүгээс улстөржүүлэх шалтаг ч хангалттай олдоно.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй, С.Баярын Засгийн газар баталсан. С.Баярын Засгийн газрын үед хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажлын хэсгийг Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол холбогдох хүмүүсийг нь шалгахгүй, байцаахгүйгээр гэнэтхэн Ардчилсан намтай холбоотой хүмүүсийг шалгаж байгаа нь улс төрийн зорилготой байх вий гэсэн болгоомжлол байна. Шалгах шаардлагатай бол бүгдийг ижил шалгахгүйгээр намаар нь ялгаж байгаа нь улс төрийн шинж чанар хадгалагдаж байна уу гэсэн болгоомжлол байгаа” гэжээ.
Хэдий бүлгийн байр суурь ийм байгаа ч С.Баярцогтын офшор дансны тухай мэдээлэл “Ройтерс” агентлагаар цацагдахтай зэрэгцэн бараг сарын өмнө түүнийг АН-ын гишүүнээс хасаж байгаагаа намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Төв нам нэг өөр, парламент түүний бүлэг нэг өөр байр суурьтай байх нь бас л эргэлзээтэй учраас Д.Эрдэнэбат дарга энэ сэдвийг чуулганы танхимд үргэлжлүүлэн дэвэх эсэхийг бүү мэд.
Ардчилсан нам эрх барьж байх үедээ Сангийн сайдаар С.Баярцогтыг томилсон нь үнэн ч тэр үед Засгийн газрын нь тэргүүн С.Баяр байсан учраас тухайн үеийн ямарваа алдааг нам дээрээ хүлээхгүй, уснаас хуурай гарахын тулд угтуулаад арга хэмжээ авах гэхдээ түүнийг гишүүнээсээ хассан байж ч магадгүй. АН-ын бүлгийн даргын байр суурь ч бас тэр зүгт чиглэснийг анзаарч болно.
Юутай ч “унавал хамт л унана" гэдэг зарчмаар ажиллаж, хаврын чуулганы хугацаанд “намаар нь ялгахгүй шүү” гэдэг мессежийг давтах л болов уу. Ядахад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсэг ажилдаа шуударсан төдийгүй дүгнэлтээ хоёр сарын дараа УИХ-д танилцуулах даалгавартайг хэлэх үү. Хэрэв товлосон хугацаандаа дүгнэлтээ өргөн барьж үнэхээр чадах бол жинхэнэ хэрүүлийн алим толгой дээрээс унаад ирэх нь тэр.
Мөн энэ хаврын чуулган, “хаврын синдром”-ыг хурцатгах бас нэг хүчин зүйл харагдаж байгаа нь Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй Эрүүгийн хуулийн өөрчлөлт буюу цаазын ялыг зарим гэмт хэрэгт оноох тухай хуулийн төсөл юм. Энэ алхам зөв эсэхийг олон нийтийн санал асуулгаар шийдүүлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга олон нийтэд мэдээлсэн.
УИХ, эрх баригчид Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжихгүй тохиолдолд олон нийтийн санал асуулгаар түрээ барьж, хууль тогтоох эрх мэдлийг парламентаас “булааж авах” оролдлого хийхийг ч үгүйсгэхгүй юм. Тэгэхээр УИХ болон Ерөнхийлөгч гэсэн хоёр субъектийн хооронд нэг хэсэгтээ тэмцэл өрнөх болов уу. Оюутолгойн болон Дубайн гэрээнээс үүдээд хоёр намын хоорондын хэрүүл ч үүнтэй зэрэгцэнэ гэж үзвэл хаврын чуулган тийм ч хэвийн үргэлжлэхгүй нь ээ.
Харин хэлэлцэх асуудлын дараалалд багтсан хууль, тогтоолын төслүүдээ хэрхэх билээ? Хойтон буюу 2019 он сонгуулийн өмнөх жил учраас холыг харсан бодлого шийдвэр, томоохон төслүүд хэрэгжүүлэх бололцоо хомс. Сонгууль угтсан ойрын зайн поп голдуу тоглолтууд л явцтай. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар хүн шиг ажиллах ганц жил байгаа нь хэдийнээ хоёрдугаар улирал руугаа хэвийн буй 2018 он юм.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор бол хамгийн түрүүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, хоёрдугаарт, “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, гуравдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, удаад нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр тусгаад байгаа.
Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх учраас амин чухал асуудлуудаа парламент хэлэлцэж батлаад, Засгийн газар хэрэгжүүлээд явах нь гарцаагүй. Хэрүүл, хэлцэл дунд өрнөх хаврын чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэхээс өөр яах билээ.
 
А.Алиман
Эх сурвалж: "Өглөөний сонин"