sonin.mn
БНХАУ-ЫН "СУВД" ШРИ-ЛАНК
 
БНХАУ өнгөрсөн жил хилийн чинадад дахин нэг боомттой болсон. Шри-Ланк улс өмнөд хэсэгтээ орших Хамбантота боомтыг 99 жил ашиглах эрхийг албан ёсоор БНХАУ-д шилжүүлсэн. Хятадуудад энэ нь алдагдалтай ч тус боомт стратегийн хувьд чухал объект юм. Шинэ Делигийн зүгээс Бээжин энд цэргийн бааз барина хэмээн хардаж байсан , бол Хятад Энэтхэгийн далайгаар дайрах худалдааны гол замд энэ боомт чухал. Тийм болохоор энхийн зорилгоор ашиглахаа мэдэгдэж буй юм. Шри-Ланкийн Засгийн газраас боомтоо БНХАУ-д түрээслүүлэхээс өмнө Энэтхэгийн Засгийн газарт санал тавьсан ч 2004 онд цунамид өртөж, байгууламжийн дийлэнх хэсэг нь сүйрсэн загасчдын боомт Хамбантотаг санхүүжүүлэх сонирхол байгаагүй юм. Шри-Ланкийн Засгийн газар боомтоо БНХАУ-д 99 жил түрээслүүлэхээр болсон. Хүн бүрийн хамгийн их сонирхож буй асуулт бол арлыг ямар үнээр түрээсэлж байгаа вэ гэдэг. Өнөөг хүртэл Хятад, Шри-Ланкийн хооронд байгуулсан боомтын талаархи хэлэлцээрийн талаар олон нийтэд зарлаагүй байна.
 
БНХАУ-ЫН СТРАТЕГИ
 
БНХАУ бол Шри-Ланкийн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Засгийн газар болон "Tamil Tigers" гэх зэвсэглэсэн бүлэглэлийн хооронд 60 жил өрнөсен мөргөлдөөний дараа ч хамгийн их зээл олгосон нь БНХАУ байжээ. Мөргөлдөөн 2009 онд албан ёсоор дуусгавар болж, 2005-2017 оны хооронд Хятад улс Шри-Ланкад 15 тэрбум ам.долларын зээл олгожээ. БНХАУ-ын олгосон зээлтэй харьцуулахад Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпораци 1956-2016 оны хооронд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2010 онд Хамантототагийн боомтын хөрөнгө оруулалттай холбоотойгоор 200 сая ам.доллар, дараа жил нь 810 сая ам.доллар,2013 онд төмөр зам барихад 272 сая ам.долларын зээл олгосон аж. 2015 он гэхэд Шри-Ланкийн БНХАУ-д төлөх нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 94 орчим хувьд хүрчээ. Шри-Ланк ОУВС-гийн тусламжид хамрагдсанаар амьсгал авахтайгаа болсон байна. Австралийн стратегийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Малколм Дэвисийн үзэж буйгаар, Хамбантота боомт нь БНХАУ-ын хувьд Энэтхэгийн зах зээлд нэвтрэх хамгийн том боломж аж.
 
АНУ, БНХАУ-ТАЙ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖГҮЙ
 
Хонгконгийн их сургуулийн профессор Чуй "Ази тэргүүтэй олон орны асуудал одоо аль хэдийнэ Цагаан ордны радараас гарсан" хэмээжээ. Тэрбээр АНУ-ыг зөвхөн Солонгосын хойгийн асуудалд анхаарлаа хандуулж байх үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэмээн үзэж, зарим орны газар нутгийн хэсгийг авч эсвэл түрээсэлж, Ази Номхон далайн газрын зургийг өөрчлөөд эхэлжээ" хэмээн бичсэн байна. "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хийж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалт дэлхийн томоохон хөрөнгө оруулагч орнуудыг аль хэдийнэ ардаа орхисон. Тус улсын зүгээс "Шинэ Торгоны зам" санаачилгадаа улс орнуудыг татан оролцуулахын тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хөшүүрэг хийж байна. Өнгөрсөн оны хувьд Азийн орнуудын авсан гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 15 хувиар буурч, 443 тэрбум ам.долларт хүрсэн нь 2012 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлт юм. Гэвч БНХАУ-ын хувьд гаднын хөрөнгө оруулалт тогтвортой байж, өмнөх оноос нэг хувиар буурч 134 тэрбум ам.доллар болсон байна. Азийн бусад том хөрөнгө оруулагч орны гадаад хөрөнгө оруулалт буурч буй энэ үед БНХАУ-ынх нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буй. БНХАУ-ын зүгээс АНУ-ын зах зээлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар дээд төвшиндээ хүрсэн тухай "Wall Street Journal” мэдээлсэн. Хятадын компаниудын тус улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ оны эхний байдлаар 20-30 тэрбум ам.доллар хүртэл огцом өсчээ. Нэгдсэн улсад үүнээс илүү их хөрөнгө оруулалт хийх боломж байсан гэнэ. Хятадын компаниуд нэгдсэн улсад хөрөнгө оруулахдаа ихэвчлэн тус улсын компаниудыг худалдан авах буюу тэдэнтэй өөрсдийн компанийг нэгтгэх арга замыг сонгодог болжээ. Ийм маягаар 2014 онд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Хятадын компаниуд Америкт оруулсан. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, Азийн хүчирхэг луугийн зүгээс улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж Хятадаас Америк руу цутгах хөрөнгө оруулалтад багагүй хэмжээний саад тотгор тулгардаг болохыг шинжээчид онцлон анхааруулж байна.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин