sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Дүн шинжилгээ, судалгааны Citron Research компанийн үүсгэн байгуулагч бөгөөд захирал Эндрю Лефт автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн захирал Илон Маскийн эсрэг Калифорни муж улсын Холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь, И.Маск өөрийн компанийн хувьцааг худалдан авна гэж мэдэгдсэн боловч хожим нь хэлснээсээ буцсантай холбоотой аж.
Энэ оны 8 дугаар сард Маск мэдэгдэхдээ “Tesla" компанийн нэгж хувьцааг 420 доллароор тооцон худалдан авах боломжийг судалж байна” гэж байсан юм. Мөн худалдан авалтыг санхүүжүүлэх хөрөнгө надад бий гэж тэрбээр хэлсэн аж. Гэвч хэсэг хугацааны дараа тэрбээр шүүмжлэлд өртсөн бөгөөд хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн гишүүдтэй уулзсаныхаа дараа “Tesla"-г олон нийтийн хувьцаат компани хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.   
“Тесла”-г бүхэлд нь хувийн компани болгоно гэснээрээ И.Маск нь бирж дээр хувьцааны ханштай холбоотой луйвар хийх зорилго өвөрлөж байсан гэж дээрх нэхэмжлэлд дурджээ.
Өөрт нь хувьцаа худалдан авах мөнгө бий гэсэн хуурамч мэдээллийг И.Маск түгээсэн нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдөлд оруулах зорилготой байсан гэж ноён Э.Лефт үзэж байгаа аж.
 
Б.Адъяахүү   
Эх сурвалж: Монцамэ агентлаг